Иргэдийн ачааг зад татан онгичиж байгаа гаалийн байцаагчид, түүнийг нь эсэргүүцэн лайв хийсэн бүсгүйн эсрэг олон кг хар тамхи, алт мөнгөн эдлэл илрүүлсэн гэх сошиалын бичлэгүүд, энэ бүгдийн дараахь Монголын Гаалийнхны хэвлэлийн бага хурал зэрэг нь яг л цагдаагийн технологийг санагдуулж байна.

Цагдаа, АТГ-ын зүгээс захиалгатай баривчлах хүмүүсээ урьдчилан сошиалд элдэвлэн, үнэн худал нь тодорхойгүй мэдээллийг хаа нэгтэйгээс сэвдэг. Ийм оршил хийснийхээ дараа баривчилдгийг хүмүүс мэднэ. Эсвэл өөрсөдтэйгөө холбоотой бусармаг мэдээллүүдийг дарахын тулд, эсвэл тэдний зүгээс хэн нэгэн иргэний эрхийг зөрчсөн үйлдэл нь илрэхээр тэр иргэнийхээ жолооны торгуулиуд, энэ тэнд идэж ууж явсан элдэв бичлэгүүдийг ил гарган нийгэмд цацаж дарамталдаг болсныг одоо хэн ч мэдэхээр болжээ. Хүчний байгууллагууд, цагдаагийнхны зүгээс гардаг иймэрхүү олон муухай технологиуд нь одоо Монголын Гаалийн байгууллагад нэвтэрч байгаа юм байна. Гаалийнхны энэ өөдгүй байдал нь ойрын өдрүүдэд шуугиан болсон бичлэгүүдээс тодорхой харагдлаа.

Шулуухан хэлэхэд, Гаалийнхан одоо больчихооч. Та нар дуугүй ажлаа хийж болохгүй байна уу. Та нар ядаж хүчнийхний бузар муухай технологиор дутаач. Ард түмэндээ ялагдаж сураач. Ковидын хөл хорионы үеэр Зайсан хавьд нэгэн улаан өмдтэй залуу цагдаа нарын эсрэг хүний эрх ярьсны төлөө өнөө залууг өчин унагаж, дарамталж байгаа цагдаа нарын бичлэг цацагдаж олны дургүйцлийг төрүүлсэн. Цагдаа нарынхаа энэ буруу үйлдлийг олны анхаарлаас гаргахын тулд тэр улаан өмдөт залуугийн талаар цагдаагийнхан ямар хөгийн юмнууд гаргаж ирж сэвж байсныг санаж байна уу. Тэр нь зүгээр л жирийн нэг иргэн байсан шүү дээ. Сая өмгөөлөгчийн охиныг дарамталсан цагдаагийн үйлдлийг баллуурдахын тулд өнөө охины амьдралаар яаж тоглов, цагдаа нар. Кофены газар үеийнхээ охинтой муудаж, ус асгасан бичлэгийг халуун кофе болгон сэвж, түүнийг нь хийрхүү монголчууд хэрхэн дэвэргэж, өөрсдөө охин хүүхэдгүй юм шиг аяглаж, хөөрхий охиныг бузарлан гутаав. Б.Ариунзаяа охин руу араатан шиг дайрч, цагдаагийн үйлдлийг мартан тэнэгтэж байгаа хөөрхий бидний монголчуудын үйлдлийг өнөө цагдаа нар нь хөх инээдээ барьж ядан харж суусныг та нар маань харсан ч болоосой. Харсан бол магадгүй өөрсдийнхөө тэнэгийг нэг удаа ч болтугай ойлгох байсан биз.

Яг үүн шиг зэвүүн үйлдлийг Монголын Гаалийн байгууллагынхан сая хийлээ. Хийхээр барах уу, гаалийн салбартаа нутагшуулаад авч. Уг нь эрүүл ухаантай монгол хүмүүс бол ойлгохоор үйлдэл. Тэрхүү гестапын офицер шиг хувцастай гаалийн байцаагчид хэвлэлийнхны өмнө суугаад хэгжүүнээр “Энэ гуравдугаар сарын 3-ны өдөр иргэн Ө нь Туркээс 3,6 кг алт мөнгөн эдлэл нууж оруулж ирснийг илрүүллээ. Ийм луйварчдыг илрүүлэхийн тулд рентгений аппаратаар шалгасан. Дараа нь тэр бүсгүйн ачааг давхар гараараа шалгасан юм. Гаалийн байгууллага бол гадаад, дотоодын тусгай албадтай хамтран ажилладаг...” гэхчлэн өөр юу юу ч гэнэ вэ, тэдний ийнхүү том том ярихыг хараад “Ийм хүнд цаг үед эх орондоо алт оруулж ирсэн тэр иргэнд баярлах ёстой биш үү” гэж эрүүл ухаантай бүхэн бодохоор байлаа.

Тэр эмэгтэйн лайвыг хараад, орчин үеийн гааль чинь техник, технологижоогүй юм уу, энэ чинь эрт галавын хэддүгээр зууны үйлдэл вэ, үүнийг нийтэд үзүүлэхийг зорьжээ гэж ойлгосон. Гэтэл Гаалийнхан тэгж хүлээж авсангүй, бидний мууг үзэх гэлээ, биднийг гутаалаа... хэмээн үзэн ядаж, улмаар цагдаа нарын технологийг хэрэглэлээ. Хаанаас нь мэдэгдэхгүй хаягнаас, гэнэт сошиалд “Ийм ийм хар тамхинууд гаалиар орж ирсэн, ийм их алт мөнгөнүүд хэдэн зуугаар хил нэвтэрлээ, энэ бүх хууль бус үйлдлийн эсрэг Гаалийнхан ингэж махаа зулгаан ажилласныг энэхүү эргүү хүүхэн ойлгохгүй, ачаагаа бултуулсан байна” гэхчлэн сүржигнэв. Яг л нөгөө өмгөөлөгчийн охин Б.Ариунзаяаг цагдаа нар сошиалаар буланд шахсан шиг өнөө лайв хийсэн бүсгүйг одоо буланд аваачиж байна. Танил үйлдэл, бага хурал зарлаж огт өөр дүрээр “Гаалийн газраас алт мөнгө, хар тамхи илэрлээ гэж албан ёсоор мэдээлээгүй” гэж мэдэгдэв. Цагдаагийнхан ч бас л ингэдэг, бид албан ёсны мээдэлэл өгөөгүй гэж. Хар тамхи байсныг илрүүлэх гэж сая иргэдийн ачааг онгичсон юм биш үү гэсэн хэвлэлийнхны асуултад аль эрт, жилийн өмнөх Африкийн илгээмж нэг кг хар тамхийг ярих жишээтэй. Энэ мэтээр Үндэсний аюулгүй байдлыг бид сахин хамгаалдаг гэж дахин дахин ярих Гаалийн хоёр байцаагчийн хэвлэлийн бага хурлыг хараад эд нар мөн тэнгэрт гарчээ гэж бодогдлоо.

Гаалийн байцаагчид, удирдлагуудтай холбоотой амьдрал дээрх бодит үнэнийг хэлье. Ковидын хөл хорионы хоёр жилд хоосон, орлогогүй байсных нь илрэл сая илэрсэн хэрэг шүү дээ. Иргэдийн ачаа бүрийг зад татан шиншилж байгаа чинь. Ингэтлээ өлөн байж болохгүй, ард түмнээр алдаагаа хэлүүлж, хүлээж авч сур. Гаалийнхан та нар арай дэндсэн. Гаалийнхан гэж нийгмийн хамгийн баян давхарга хүртэл бий болсон нь нууц биш. Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн нь хүртэл ард түмний өмнө авлигаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ. ирээд ярьсан баримт нь “Өдрийн сонин”-ы хуудаснаа дурайж байгааг та нар яаж үгүйсгэх юм. Тэтгэвэртээ суусан цэргийн хурандаа нэгэн саяхан ярихдаа “Миний дүү Замын-Үүдийн Гаальд байцаагч байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Тэгсэн хамт гаалийн байцаагч байсан нөхдүүд нь манай энэ ёстой арчаагүй, хоёрхон байр, хоёр муу машинтай л Гаалиас тэтгэвэрт гарсан даа гэж шоолсон. Тэгэхээр Гаальд байцаагч байна гэдэг чинь цадиггүй их хөрөнгөтэй болдог юм шиг байна лээ” гэж хээ шаагүй ярихыг сонссон. Хоёр байр, хоёр машин Монголын жирийн иргэнд насны мөрөөдөл биш үү, гэтэл яахаараа Гаалийн байцаагчдад юу ч биш байдаг юм. Энэ бол Монголын нийгмийн тусгай давхарга, төрийн бүтцийн даварсан хэсэг хэдийнэ бий болж төлөвшсөний тодорхой жишээ.

Өнөөдөр Гааль дээр ачаа бүрийг зад татан дарамталж байгаа Монголын гаалийн шударга байцаагчдаас асууя. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хойд хилээр машины ард ачиж оруулж ирсэн сая сая долларыг тэгээд илрүүлчихгүй яасан юм бэ, тийм шударга юм бол. Оюу толгойн зэсийн баяжмалтай хамт хилээр түүртэлгүй гарсаар удаж байгаа тэр их алтыг илрүүлэн зогсоогооч. Өнөөдрийг хүртэл гадагшаа урсан байгаа Эрдэнэтийн зэсээс алтыг нь Гааль дээр илрүүлээч. Чадахгүй шүү дээ, чадаж ч байгаагүй. Илрүүлдэг хэрэг зөрчлүүд чинь юу байдаг вэ гэхээр гаалийн байцаагчид нэгнээ мурьсан, авлигаа голсон, хэлсэндээ хүрээгүй нэгнээ матдагаас өөрөөр илрүүлдэг юм та нарт байхгүй. Шударгаар мэдүүлгээ бөглөөд орж ирж байгаа ачаа барааны бичиг баримтыг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй цааш нь тавьчихдаг чинь ердийн үзэгдэл. Барилгын жаахан материал оруулж ирсэн хоёр залуугийн нэг нь Гаалийн мэдүүлгийн цонхон дээр байцаагчийг царайчлаад, нөгөө залуу нь хажууд нь байх банкны АТМ дээр мөнгө шилжүүлээд, өнөөх байцаагч нь утсандаа ирсэн мессэж рүү хяламхийн суудаг нь бас л ердийн үзэгдэл. Ухаандаа АТМ-ээс шилжүүлж байгаа мөнгийг утасныхаа дэлгэцэн дээр харж чамлаж байгаа байдал. Тэгэнгүүт өмнө нь царайчилж зогсоо залуу нөгөө муу найз руугаа сэмхэн дохино, тэр нь дахиад нэг саяыг нэмэж хийнэ. Шилжүүлж байгаа мөнгө нь хэдэн сая ч болдог юм, цаанаа тавьсан бичиг баримт руу сая нэг байцаагчийн гар явангуут хоёр залуугийн магнай тэнийх жишээтэй. Ийм авлигын үүр уурхай, шившгийн хөндий болсон Монголын Гаалийг одоо эвдэн хаяж, дээрээс нь доош нь хүртэл өөрчлөн шинэчилж, реформ хийхгүй бол Монголын ГЕГазар хичнээн жил ядарсан ард түмнээ шулж мөлжих юм бэ. Та нар чинь хүн юм байгаа биз дээ. Гаалийн байцаагч та нарт амьдрахын төлөө яваа монголчуудаа өчүүхэн ч гэсэн өрөвдөх сэтгэл байна уу, ер нь байсан уу.

Өнөөдөр Гаалийн байцаагчидтай холбоотой сошиал дахь шуугианы бодит үнэн, бодит нүүр царай ердөө л энэ. Үнэнхүү шударгаар ажиллаж байгаа Гаалийн байцаагчид байгаа бол үүнийг уншаад өршөөнө биз. Гэхдээ ийм шударгууд нь тун цөөхөн гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо бүр эцэстээ өөрсдийгөө хамгаалахын тулд Цагдаагийн технологид шилжсэн байна. Гаалийнхан та нар цагдаагаас дутаа...