УИХ-ын Баасан гарагийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч 90 хүүхдээс ирүүлсэн хүсэлтийг уламжлав.

Тус хөтөлбөрийн оролцогчид өвлийн амралтаараа дотор орчны агаарын чанарын талаар, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хүн амьдралынхаа 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг, ялангуяа хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчиндоо өдөр тутам 5-10 цагийг өнгөрүүлдэг байна. Улаанбаатар хотноо хүн амын төвлөрөл их, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байдгаас үүдэлтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн танхимын ачаалал байх ёстой хэмжээнээс 2-4 дахин их байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ногоон титэм” ХХК хамтран 2019 онд нийслэлийн айл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан байгууллага гэх зэрэг 75 нэгжийн 265 сорьц цуглуулан дээжид дэгдэмхий органик нэгдлүүдийн хэмжилт хийжээ. Үүний үр дүнд зарим төрлийн органик нэгдэл нь ДЭМБ, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн зөвлөмжид зааснаас хавьгүй илүү байгааг тогтоожээ.

Эдгээр хорт нэгдлийн үүсэх шалтгаан нь дотор орчинд ашиглаж буй барилгын материал, тэр дундаа будаг, өрөө тусгаарлалтын хана, хивс, хивсэнцэр гэх зэргээс дэгддэг байна. Цар тахлын өмнө үед манай улс жилдээ 599 сая ам.долларын барилгын материал импортолж байсны 99 хувь нь хилийн хяналтад хамрагдаагүй байна. Чанар, стандартын шаардлага хангахгүй барилгын материалаас ялгарч буй хорт органик нэгдлүүдээс шалтгаалж сульдах, амархан ядрах, толгой өвдөх, нүд, хамар, ам загатнах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг.

Цаашлаад багтраа, зүрх судасны өвчин, хавдрын суурь шалтгаан болох эрсдэлтэй. 2021 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 24 мянган хүн хорт хавдар өвчнөөр өвчилж, эмнэлгийн хяналтад байдаг ба үүнд 19-өөс доош насны хүүхдүүд 456 байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд 115 хүүхэд шинээр хорт хавдар өвчний онош тогтоолгосон байна. Хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа энэ цаг үед 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдээс “Агаарын бохирдол бол чимээгүй тахал юм.

Тиймээс нэн тэргүүнд хүүхдүүдийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт барилга, байгууламжийг бүтээхэд, сэргээн завсарлахад ашиглаж буй барилгын материалын чанар, стандартыг сайжруулах, агаар сэлгэлтийг сайжруулахад Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон насанд хүрэгчид, шийдвэр гаргагчдаас энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” гэдэг хүсэлт гаргасан гэв.

Хүүхэд, залуусын төлөөлөл болсон тус хөтөлбөрийн оролцогчдын хүсэлтийг уламжилсан Х.Булгантуяа гишүүнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын 8 гишүүний хамтаар нээлттэй сонсгол хийх боломж бий гэдгийг хэлсэн хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.