-Эрх баригчид үнэтэй унаанаас татгалзаж, утасны төлбөрөө хэмнээд эдийн засагт ямар ч үр нөлөө үзүүлэхгүй-


Монголын ардчилсан холбооны дарга Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Эрх баригчид туулах чадвартай том тээврийн хэрэгслээс татгалзаж, утасны төлбөрөө чөлөөлснөө хэмнэлт гэж ярих юм. Үүнээс гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ. Ингээд бодит үр дүнд хүрэх үү?

-Хэмнэлт ярьж байгаа бол төрийн данхар тогтолцоог багасгах хэрэгтэй. Нөхдүүдийн хэрэглээний зардлыг хасаад бодит үр дүн гарахгүй. Өнөөдөр Засгийн газар 16 яамтай. Төр томрохын хэрээр зардал өснө. 3 сая хүн амтай улсад тэр олон яамны шаардлага байхгүй. Үндсэн есөн яам л хангалттай. Тэр есөн яам дээрээ том оврын туулах чадвартай машин хэрэглэх үү гэдэг асуудал яригдаж болох юм. Гэхдээ энэ нь үндсэн хоолны дессертийг хасаж байгаа асуудал. Үүнийг хэмнэснээр бодит үр дүн гарч эдийн засаг солонгорно гэж байхгүй. Хүний эрх дээр суурилсан чөлөөт зах зээлийн ардчилсан нийгмийн үндсэн зарчим нь төр хамгийн бага оролцоотой байхыг хэлж байгаа юм. Өнөөдөр манайд төрийн оролцоо хэрээс хэтрээд байна л даа. Ардчилсан нийгэм мөн юм уу гэж эргэлзэхэд хүрч байна. Төр өөртөө эрх мэдлийг хураах тусам л дарангуйлалд ойртож байна аа л гэсэн үг. Эрх баригч албан тушаалтнууд хэдэн 570, 200-гаа зарж, утасны төлбөрөөс татгалзаж байгаа нь хэмнэлт хийж байгаа ойлголт биш.

-Данхар тогтолцооноос л хэмнэлтийг эхэлнэ гэж ойлголоо. Засаг захиргааны шинэ загварчлалаас бодит хэмнэлтийн үр дүн гарах уу?

-Хэмнэлт гэхлээр өргөн сэдэв. Засаг захиргааны дахин загварчлалаас асуудал яригдах ёстой. Манайх 21 аймаг 365 сумтай. Суманд амьдарч байгаа иргэдэд төрийн үйлчилгээ очих ёстой. 2000-3000 хүн амтай суманд төрийн бүх үйлчилгээ очно. Эмнэлэг, сургууль, дэд бүтэц гээд. Ингэхлээр сая гаруй хүн амтай нийслэл, 2000 гаруй хүнтэй суманд төрөөс гаргаж байгаа зардал үндсэндээ ижил болоод байна л даа. Ижил зардлаар хэдэн хүн үйлчилгээ хүртээж байна вэ гээд бодоод үзэхэд тэнгэр, газар шиг ялгаа харагдаж байгаа биз. Төсөв хэмнэж эдийн засгийн өсөлтөд зарцуулъя гэвэл засаг захиргааны нэгжийн дахин загварчлах ёстой. Эдийн засгийн хуулиараа бол 5000 хүн нэг дор амьдарч байж өөрийгөө тэжээж эхэлнэ. 5000-аас илүү гарч байж ашгийн тухай ярьж эхэлнэ. Нэг суманд 3000 хүн байна гэж тооцвол өөрсдийгөө ч тэжээх зах зээлийн орчин бүрдэхгүй байна л гэсэн үг. Тэр хэрэгцээг татварын мөнгөнөөс нөхөж байгаа. Зардал гарч байгаа биз. 5000 хүн нэг дор байвал зардал ашгийн бланс тэнцэж ирнэ. Дээшээ гарвал худалаа наймааны ашиг яригдана. Эдийн засгийн хууль нь ийм. Дахин онцлоход, төсвийн хэмнэлт хийх гэж байгаа бол засаг захиргааны нэгжийн дахин загварчлалаас эхлэх шаардлагатай. Ингээд хэрэгцээ талаасаа эрэмбэлнэ. Шаардлагатай зүйлсийн ач холбогдлыг эрэмбэлнэ. Жишээ нь, нэг суманд хоёр усан бассейн байх нь ямар ач холбогдолтой вэ, хөшөө дурсгал нь ямар ач холбогдолтой юм, хэдэд эрэмбэлэгдэх вэ, боловсролын асуудал нь хэдэд эрэмбэлэгдэх ач холбогдох юм гээд л асуудлууд яригдана. Энэ бүх загварчлалыг хийхэд суурь шалтгаан нь хүний эрх байх ёстой. Хүний эрх гэдэг хөрсөнд үрээ суулгаж модоо тарих уу, цэцэг тарих уу гэдэг асуудал шийдэгдэх ёстой.

-Хүний эрхээ хойш нь тавиад иргэний үүрэг гэдэг асуудлыг тэргүүнд тавьдаг...

-Хүний эрх ярьсан хүмүүс, үүргээ ухамсарлахгүй юм гэх нийтлэг ойлголт манайд бий. Хүн эхийн хэвлийгээс үүрэгтэй төрдөггүй. Эхийн хэвлийгээс унаад амьсгалах эрхээ эдэлдэг. Сүүгээ хөхнө, уйлах эрхээ эдэлнэ. Өөрийгөө илэрхийлэх гээд л хэрэгцээ шаардлагаа нэхэж эхэлдэг. Таагүй санагдаж уйлахдаа ямар ч үүрэг хүлээдэггүй биз дээ. Үүрэг гэдэг зүйл байгалиас заяагдаж ирдэггүй. Үүрэг гэдэг бол нийгмийн харилцааны ойлголт. Эрх гэдэг бол байгалийн жамын заяагдмал өгөдөл. Нийгмийн загварчлалыг энэ өнцгөөс харж сууриа дэвсэх ёстой.

-Ковид гарах нь гэж ААН-үүдийн үйл ажиллагааг жилийн хугацаанд хорьсон. Ковид гараад хоёр жил шахам хорилоо. Эдийн засаг элгээрээ хэвтээд байхад л УИХ-ын даргын зүгээс иргэдэд хандаж “Шаардлагагүй зардлуудаа тана. Хэмнээрэй” гэх зүйлийг ярьж байна. Үнэндээ хэмнэх боломжгүй болчихоод байх шиг...

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд засгийн эрх барьсан намын албан тушаалтнуудын аливаа зүйлийг харж байгаа өнцгийг ажиглалаа. “Хууль гаргаад усыг дээш нь урсгачихна” гэж бодоод байх шиг. Өөрөөр хэлбэл, надаас шалтгаалах юм гэж юу вэ, шалтгаалахгүй юм гэж юу вэ гэдгийг ялгаж салгахгүй байх шиг. Танин мэдэхүй, философийн тухай ойлголт алга. Би яамаар байна вэ гэдгээ л мэдэж байна. Эрх баригчид хууль зохиогоод үнэ тогтворжуулна гэж ярилаа. Энэ ямар ч үндэслэлгүй зүйл. Зах зээлийг чөлөөтэй хаяж л үнийг тогтворжуулна. Зах зээлийг контролдож үнэ тогтворжуулах тухай ярьж байгаа нь улс төр, нийгмийн наад захын ойлголтгүйг л харуулж байна л даа. Мэдлэг гэдэг хүний амьдрах багаж хэрэгсэл. Эрх баригчдад ямар ч багаж хэрэгсэл алга. Зүйрлээд ярья л даа. Би өнөөдөр сууж байгаад хууль баталчихвал голын ус газрын өөдөө урсах нь. Ямар ч боломжгүй зүйлийг хуулиар боломжтой болгох гээд оролдох юм. Сая жагсаалтай холбоотойгоор эрх баригчдын хийсэн мэдэгдэл цэвэр улс төр л хийж байгаа үйлдэл.

-Мэдэгдлээс гарах үр дагаврыг тооцохгүй байна уу?

-Тийм. XX зууны эхэн үеийн Америкт хуурай хууль гэж юм гаргасан. Үнэ тогтворжуулахыг хуулиар зохицуулахтай яг ижилхэн л кейс л дээ. Гэхдээ архин дээр гарсан жишээ. Архийг хуулиар хориглосон юм. Энэ хуулийн нөлөөгөөр далд бизнес хүчирхэгжсэн. Гэмт хэрэгтнүүд төр бариад эхэлсэн. Тухайн үед АНУ-ын нэг давуу тал нь систем нь өнөөдрийн манайхтай яг ижил байсан юм. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь тус тусдаа байсан. Гурван биенээ хянадаг. Хууль тогтоох засаглал руу мафиуд ороод ирэхээр шүүх нь хүмүүсээ цэвэрлэж эхэлсэн. Ингээд АНУ-ыг шүүх нь аварсан. Боломжгүй зүйлийг хуулиар зохицуулах оролдлого хийхэд ийм үр дагаварт хүрдэг. Өнөөдөр хуулиар үнэ тогтворжуулах гэж оролдвол хуурай хуулийн жишээ манайд давтагдана. Төртэй холбоотой, төрийнхний хамааралтай бизнес л цэцэглэнэ. Бусад бизнесүүд дампуурна. Энэ үр дагаврыг тооцохгүй популизм хийсэн.

-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна л даа. Таны зүгээс эдийн засаг богино хугацаанд сэргэх гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ?

-Энгийн л асуудал шиг санагдах юм. Бид урьд нь нэг удаа давж гарсан шүү дээ. 1990 онд бид мөнгө өгдөг “сайн ах”-ыгаа алдсан. ОХУ1990 он хүртэл манайхыг тэжээдэг байлаа. Бид ОХУ-ын нөлөөллөөс гараад өөрийгөө тэжээнэ гээд л явсан. Тухайн үед мөнгөгүй засаг хүчгүй байсан. Товчхондоо төрийн албанд ажиллах хүн бараг олдохгүй байсан шүү дээ. Төр нь нийгмээ хянаж чадахаа больсон. Ингээд төрийн зүгээс бүх зүйлийг чөлөөлсөн. Гадаад паспорт олгоод л наймаа хийхийг чөлөөтэй болгосон. Монголын эдийн засаг наймаачдын нуруунд босч ирсэн шүү дээ. Тэр дундаа Монголын тарвага, наймаачин хоёрын нуруун дээр л босч ирсэн гэж хэлж болно. Төрийн зүгээс үүнийг нь татвараас л чөлөөлчихсөн л дөө. Малыг малчдад хувьчлаад, амьдарч байсан орон сууцыг нь өөрсдөд нь өгчихсөн. Хөрөнгөтэй болсон хүмүүс өнөөхөө барьцаанд тавиад урагшаа хойшоо яваад монголын эдийн засаг богино хугацаанд босч ирсэн. Тэр үед төрийн зүгээс боломжийг нь нээж өгөөд л орхичихсон байхгүй юу. Төрийн оролцоог халаад эдийн засаг богинохон хугацаанд боссон. Чөлөөт эдийн засгийн ид шид нь энэ. Өнөөдөр төрийн зүгээс эдийн засагт оролцохоо болих хэрэгтэй. Чөлөөлөөд л орхи. Чөлөөт эдийн засаг бол өөрөө явдаг процесс. Төр хамгаалах үүргээ л гүйцэтгэх хэрэгтэй. Төр анх хамгаалах үүрэгтэй л бий болсон. Би чамайг дээрэмдэхэд чи өөр хэн нэгэнтэй нийлж бусдад мөнгө өгөөд өөрийгөө хамгаалуулна. Энэ хэрэгцээ шаардлагаас л төр үүссэн. Төрийн үүрэг ердөө л хамгаалах. Нэгдүгээрт, харийнхны түрэмгийллээс хамгаална. Хоёрдугаарт, дотоод иргэд нь бие, биенийхээ эрхийг зөрчихөөс хамгаална. Цэрэг цагдаа гадны нөлөөллөөс хамгаалж байна. Цагдаа, прокурор, шүүх нь хоорондоо бие биенийхээ эрхийг зөрчихөөс хамгаална. Төрд өмчлөх, захиран зарцуулах эрх байхгүй. Өнөөдөр манай эрх баригчид хувийн өмчид халдаад байна л даа. Энэ их аюултай.

-МАН-ын үед л хувийн өмчид халддаг жишиг тогтчих гээд байх шиг. Салхитын мөнгөний орд, Хөтөл гээд л том үйлдвэрүүдийг төр эзэмшилдээ авчихлаа. Дараагийн бай нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр бололтой.

-Хөтөлийн цементийн улсад хурааж авсан үйлдэл бол иргэдээс өмчлөх эрхийг булааж авч байгаа хэлбэр. Шүүхийн шийдвэргүйгээр эрх баригчид шийдээд эзэмшилдээ авч байгаа нь бүр ч ноцтой асуудал. Маргааш таны эзэмшлийг юуг ч булаагаад авах эрсдэлтэй байна л гэсэн үг. Төр данхайх тусам иргэдэд халгаатай байдгийг хүн төрөлхтний бүх үеийн түүх гэрчилдэг. Иргэд нь чинээлэг байж, улс нь хөгжинө. Төрөө цомхон л болгох хэрэгтэй. Төр зөвхөн хамгаалах үүргээ л гүйцэтгэнэ. Иргэд ямар ажил хөдөлмөр эрхэлж амьдрах нь чөлөөт салбар байх ёстой. Төрийн албан хаагчийн унаж байгаа машиныг зараад, утасны нэгж хэмнээд эдийн засгийн алдагдлыг бууруулна гэдэг ямар ч үндэслэлгүй зүйл шүү.

О.ДАШНЯМ