Өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан ноцтой хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр хууль бус мөрийтэй тоглоомоос урьдчилан сэргийлэх чиглэлд хийгдэж буй ажлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр "Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ чиглэлд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Он гарснаас хойш мөрийтэй тоглоом онлайнаар зохион байгуулдаг хэд хэдэн сүлжээг хаасан. Тодорхой хүмүүсийг дайчлан баривчилж, гадагшаа урсаж байгаа мөнгийг нь царцаасан.

Мөрийтэй тоглоомыг Монголд биш ч өөр улсаас зохион байгуулах бололцоотой учраас бид аль болох анхааран ажиллаж, хаалгах боломжтой домэйныг Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран хаалгаж, мөнгө цугларч байгаа данс дахь хөрөнгийг нь царцаах, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүдийг олж тогтоох, хариуцлага ногдуулах ажиллагаа явагдаж буй.

Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулж байгаа Монголд байршилтай онлайн платформуудыг олж илрүүлэх ажил тогтмол явж буй. Гадаад улс оронд сервер нь байдаг буюу гадаад улсаас онлайн мөрийтэй тоглоомыг зохион байгуулж байгаа асуудал ч байна" хэмээн хэллээ.

Ташрамд дурдахад, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай болсон юм.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:

  1. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.