"2022 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөртөө багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг олгохыг" албаны эх сурвалж мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авалгүйгээр хөрөнгийн татвараа төлөх боломжийг Татварын Ерөнхий Газар бий болгосон байдаг. Энэ оны нэгдүгээр улиралд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 3,743 иргэний 352.6 сая төгрөг, газрын албан татвар 48,343 иргэний 24.4 сая төгрөг, галт зэвсгийн албан татвар 3,801 иргэний 142.8 сая төгрөг, газрын төлбөр 5,310 иргэний 59.9 сая төгрөг, газрын төлбөр-дэд алба 111,057 иргэний 760.8 сая төгрөг, авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 37,796 иргэний 1.3 тэрбум төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 32,388 иргэний 100 сая төгрөг, зам ашигласны төлбөр 26,856 иргэний 512.9 сая төгрөг төлөхөөр нэхэмжилсэн байна. Ингэснээр нийт 43,612 иргэн буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлжээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ыг буцаан авдаг болоод зургаан жил болж байна.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг УИХ-аар шинэчилэн баталсан. Уг хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.