Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд салбарын сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулж төсвийг зарцуулахаар тусгасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь энэхүү зохицуулалт нь тендер шалгаруулалтын ил тод, хариуцлагатай байх үндсэн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний ашиг сонирхлоос шууд хамааралтай, шударга өрсөлдөөнийг боомилсон, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх боломжийг хязгаарласан, зөвхөн цөөн тооны томоохон аж ахуйн нэгжийг дэмжиж, зах зээлд олигополийг төрүүлэхэд чиглэжээ. Сайд салбарын бодлого тодорхойлох чиг үүргээсээ илүү тендерийн үйл ажиллагаанд түлхүү оролцох нь салбарын яамны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Түүнчлэн энэ хуулийн төсөл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчныг дордуулж, олон улсын туршлагаас ухарчээ. Худалдан авах ажиллагааны нээлттэй тендер шалгаруулалтын журмыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, дэлхий нийт өөр өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байна. Манай улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага бий болсноор Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг 100 хувь, аймаг, нийслэл 20 хүртэлх хувийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нөгөө талаар шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор явуулах” зорилттой зөрчилдсөн, Засгийн газар дэвшүүлсэн бодлого, зорилтоосоо ухарсан хуулийн төсөл болсон гэж үзэж байна.