Улсын хэмжээнд 2022 оны эхний нэгдүгээр улиралд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 50 хүүхэд хохирч, 25 хүүхэд гэмтсэн байна. Түүнчлэн насанд хүрээгүй 346 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 532 хүүхэд хохирч, 169 хүүхэд гэмтсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас (ЦЕГ) мэдээлэв. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Хүүхдэд бие махбод болон сэтгэл санааны шийтгэл үзүүлэх нь олон сөрөг талтай. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эргээд эцэг эх болбол үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ. Буруу зүйл хийж, алдаа гаргавал зодож болдог юм байна гэдгийг хүүхэд багаасаа сурч өснө. Уурласан үедээ хүүхдийг цохиж, зодоход гарны хүч энгийн үеэс хамаагүй хүчтэй болдог. Хүүхэд буруу зүйл хийе гэж санаатай үйлдэл гаргадаггүй. Тэдний хувьд бүх зүйл цоо шинэ ертөнц. Тиймээс үүнийг хэрхэн яаж хийх вэ гэдэг аргыг зааж өгөх нь чухал" гэв. 

Насанд хүрэгчидтэй харьцуулбал хүүхдийн стресст өртөх магадлал 10 дахин их байдаг. Хүүхдийг цохиж зодох үед стрессийн даавар буюу кортизолын хэмжээ нэмэгддэг. Кортизол нь ой тогтоолт, анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон хэмээн мэдээллээ.