УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд сурагчдын тамхины хэрэглээтэй холбоотой мэдээллийг танилцуулав.

Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Дэлхийн залуучуудын тамхины судалгаа 2019-ийн тайланг эцэслэн гаргасан. Уг судалгаанд нийслэл болон орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн нийт 4,474 хүүхдийг хамруулсан. Ингэхэд судалгаанд хамрагдсан сурагчдын 52.3 хувь, үүнээс хөвгүүд 63.5, охид 42.7 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүнийг татаж үзсэн гэж хариулсан байна.

Нийт сурагчийн 6.1 хувь нь өдөрт 6 ба түүнээс ширхэг янжуур тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй гарсан байна.

Электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж.

Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин гэдэг бодис дунджаар 13.3-15.4 мг агуулагддаг бол электрон тамхины найрлагад 0.5-15.4 мг агуулагддаг байна. Электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга, амт оруулагч гэх мэт хортой бодис агуулагддаг. Тамхины орц найрлагыг өөрчилснөөр хортой шинж чанар нь багасдаг гэх ташаа ойлголт түгээмэл байна. Никотины хэмжээ багассанаар тамхи бага хортой болдог тухай шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо дэлхий дахинд одоогоор байхгүй байна.

Уг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Электрон тамхины хэрэглээ, худалдаа, татварыг зохицуулсан хуулийн төслийг хэзээ УИХ-д өргөн барих вэ?

Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Буянтогтох: Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайд нарын тушаалаар ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 14-д байгуулагдсан. Бид энэ сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулаад, олон нийтээс санал авна. Зургадугаар сард багтаан Засгийн газраас хэлэлцээд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 2020 оны 2,047 ширхэг электрон тамхи импортолсон бол 2021 онд 2.6 сая ширхэг болж огцом нэмэгдсэн байна. Электрон тамхины хэрэглээ яагаад огцом нэмэгдэх болсон бэ.

Электрон тамхины хэрэгцээг зохицуулсан хууль байхгүй учраас энэ төрлийн тамхийг хил гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан барааны нэр төрлөөр нэвтрүүлдэг юм байна. Тиймээс 2021 он хүртэл манай улсад оруулж ирсэн бүх электрон тамхинд Архи, тамхины онцгой албан татвар байхгүйн дээр ямар ч хяналтгүй чөлөөтэй нэвтэрч байж.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр: Дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон. Харин электрон тамхитай холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй учир энэ төрлийн тамхины хэрэглээ нэмэгдээд байна.

Сургуулийн орчин дахь тамхины худалдааг хумихгүй бол хэрэглээг нь хянах боломжгүй байна. Хууль дээрх 50 метр, 150 метр гэдэг заалтууд бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Ер нь цаашид бүх дэлгүүрээр архи, тамхи худалддагийг өөрчилж, төвлөрсөн байдлаар худалдаалахыг журамлах шаардлагатай байгаа.

Бид эцэг эхчүүдийн хараа хяналтыг орхиод байна. Бүх асуудлыг төр хариуцаад явах боломжгүй. Эцэг эхийн оролцоо давхар яригдах ёстой. 16 настай хүүхэд CU юм уу GS25 ороод электрон тамхи авч, бэлэн гоймон идэж байна уу гэдгийг боловсролын байгууллага хянах ямар ч боломжгүй. Харин сургуулийн орчинд аль ч төрлийн тамхи худалдаалахыг хориглодог.

Нэг жишээ дурдахад, Хэнтий аймагт нэг багш сургуулийн хашаанд тамхи татаж байгаа хүүхдэд шаардлага тавихад 12 дугаар ангийн сурагч багштайгаа хэрэлдсэн. Тухайн сурагчийг алгадсанаас болоод тэр багш багшлах эрхээ цуцлуулаад, ажлаасаа халагдсан.

Энэ бүхнээс харахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.