Богдхан уулын хамгаалалтын бүсийг 22896 га байсныг тэлж 5562 га газраар нэмэгдүүлэн 28458 га болгон өргөтгөж, нэмж хамгаалалтанд авах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан билээ.

Барилгажаад буй хязгаарлалтын бүс 12453 га-аас 5562 га газраар багасаж, 6891 га болж хумигдсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ шийдвэрийн хажуугаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүшийн ам нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаардаг бөгөөд Тусгай хамгаалалтын газрын ногоон байгууламжтай хэсэгт хашаа татаж, орон сууцны хороолол барих гэж байгаа талаар мэдээлэл гараад буй.

Хамгийн ноцтой нь, тухайн газрыг "Тэүхэ" ХХК нь "Аялал жуучлалын цогцолбор байгуулна" гэх нэрээр төсөл хэрэгжүүлэхээр авсан аж. Гэтэл ашиглалтын зориулалтаа өөрчлөөд олон давхар орон сууцны хороолол барихаар ийнхүү хашаа татаж, ажлаа эхлүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тусгай хамгаалалтын тус газарт АПУ компани орон сууц барина гэв.

 

ОРШИН СУУГЧИД: Хотоор дүүрэн барилга байхад энэ жижигхэн газрыг ногооноор нь авч үлдмээр л байна...

Энэ талаар тус хорооны оршин суугчид "Хан-УУл дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүшийн ам нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаардаг бөгөөд Тусгай хамгаалалын газар нутгийн хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, ААН-үүд нь газар ашиглах эрх авч, гурвалсан гэрээ байгуулж энэ хасгийн  газар, нутгийг ашигладаг. Гэвч эдгээр зөвөөшрлийг авсан этгээдүүд нь энэ бүсэд олон тооны барилга байгууламж барьж, Тусгай хамгаалалын газар нутгийн тухай хуульд заасан үүргээ зөрчиж байгаагаас үүдэн энэ хэсгийн ногоон байгууламжийн тоо асар багасаж байна.

Иймд 4-р дүгээр хорооны оршин суугчид бид энэхүү бүсийн барилгажаагүй үлдсэн талбайн ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, ногоон байгууламж бий болгож тохижуулж өгөхийг хүсэж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлж байна.

Яармагийн гүүр даваад замын урд шунхлай ШТС-ын урд байрлалтай уулын хэсэгхэн /алга дарам/ энэ талбайд барилга бүү бариасай, өвөл нь Улаанбатар хотын дүүрэг бүрээс л хүмүүс ирж хүүхдүүдээ чаргаар гулгуулж агаарлуулдаг, дулаан цагт  нисэх яармагийн бүсийн хэн ч болов ирээд айх аюулгүй хүүхдүүдээ тоглуулж зүлгэн дээгүүр гүйлгэж байна. Энэ уул хоггүй байдаг учир нь хүмүүс уул өөд өгсчихөөд буухдаа замдаа байгаа хогийг түүгээд бууж байгаа нь анзаарагддаг.  Хотоор дүүрэн барилга байхад энэ жаахан хэсгийг ногооноор нь авч үлдмээр л байна. Энэ хэсгийг зүгээр л зүлэг хэвээр нь авч үлдмээр байна. Аялал зуучлалын зориулалтай авчаад байшин бариад байгаа нь гутамшигтай юм." гэсэн юм.

Их хотын иргэдийн цэвэр агаар амьсгалдаг алга дарам ногоон газар байж болохгүй гэж үү БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар аа. Энэ асуудлыг анхааралдаа авна уу.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ЭХ СУРВАЛЖ: ARSLAN.MN