Монголд хөл нүцгэн хоёр жуулчин иржээ. Гуталгүй, "гуйлгачин", айл амьтнаар хэсч аяга хоол царайчилж яваа гэнэ. Хамаагүй ээ. Ямартай ч Монголд жуулчин иржээ. Ерөнхий сайдын хэлсэн 400 сая жуулчдын түрүү ч юм билүү. Юу байна түүгээрээ дайлаарай. Хэдэн цаас нь яахав ээ.

Тэдэнд сайхан дурсамж, гүн сэтгэгдэл үлдээх нь чухал шүү, Монголчуудаа. Тэд хариад тэнэг, цайлган Монголчуудаар дайлуулж, цайлуулаад үнэгүй шахуу аялаад ирлээ гэхээсээ илүүтэй үнэхээр Монголчууд чинь найрсаг, зочломтгой ард түмэн юм байна гэж ярих вий.

 

Насан туршдаа Монголын талаар эерэг сэтгэгдэлтэй үлдэх биш үү. Үүргэвчтэй аялалын Батбаяр Гүржийн жирийн айлд хэрхэн дайлуулснаа сэтгэл догдлон ярьж байсаныг үзсэн үү. Тэд ч мөн адил аав ээж, ах дүү, найз нөхөддөө, ирээдүйд үр хүүхэд, ач гучдаа бидний тухай ярьж, Монгол руу аялахыг зөвлөнө дөө. Яахав ээ, найз нөхөд нь "гуталгүй" ирсэн ч аав ээж, ах дүү нь ядаж "гуталтай" ирэх байлгүй дээ. Үр хүүхэд нь баян жуулчин болоод эцэг, эхийнхээ мөрөөр ирэхийг хэн байг гэх юм. Аяга хоолоор өөрсдийгөө Японы 130 сая хүнд сурталчлаад авна гэдэг чинь "шар тос" биш үү. Үүргэвчтэй аялагчид чинь ихэнх нь нутаг орондоо нэртэй влогчид, блогчид байдаг болтой шүү. Үзэгдэх өнгө нь "хөл нүцгэн" боловч цаанаа "гуталтай" маш олон фэнүүдтэй "гарууд" байх бий вий. Тэд манай аялал жуулчлалын нэг албан тушаалтантай аль хэдийнэ танилцаад авсан байхыг үгүйсгэхгүй шүү.

 

Бүхнийг бүү мөнгөөр хараач. Баян, ядуугаар нь бүү ялгаач. Ер нь жуулчдыг ялгаварлах нь зөв үү. Баян нь ирвэл сайн л даа. Гэхдээ баячуудыг нь татах зүйл бидэнд бий билүү.

 

Шууд л дэлхийн тэрбумтнууд, саятнуудыг Тэрэлжид бөөнд нь атуусаар чихэж аваачаад хорхог хийж, морь унуулаад, шөнөжин "морьтой, морьгүй, хар, шар, сүүн Чингис"-ээрээ бөөлжтөл нь дайлаад алт, мөнгө, долларыг нь сэгсэрчихнэ (нэг хатан хүн үнэнгээсээ сэгсэрнэ гэж хэлсэн санагдана) гэж бодох юмаа. Өнөөдөр гуталгүй, маргааш углааштай, цаадар Zara-тай, LV-тэй жуулчинг татна гээд бага, багаар ахиж болдоггүй юмуу. Яг л намд элссэн цүнх баригч шиг дэлхийн аялал жуулчлалын магнайд нь "лифтээр" гарчих гээл  муйхарлаад байх юм. Ядуу гээд байгаа үүргэвчтэй нөхдүүд чинь ихэнх нь залуус байдаг. Залуу халуун, зоригтой, идэвхитэй, хорвоо ертөнцийг таньж, мэдье гэсэн үеийнхнээсээ илүү сэтгэдэг, ер нь алсдаа нөлөөтэй улс төрч, үндэстэн дамнасан бизнесмэн, спорт, урлагийн алдартан гээд суга томорч мэдэх нөхдүүд өнөөдөр "хоёр зээрд"-ээрээ таваргаж явахыг  хэн мэдлээ. Тэдэнд харамч, ялгаварлан гадуурхдаг Монголчууд гэсэн сэтгэгдэл үлдээх үү эсвэл... Эцсийн дүндээ мөнгөнөөс өөр зүйл бидэнд хэрэгтэй бус уу. Монгол гэхээр "гоё хүмүүс" гэсэн имижтэй болвол ямар вэ? "Үнэгүй" аялж болно гэхээр л Монгол "хөл нүцгэн" хүмүүсээр дүүрчихгүй байлгүй дээ.

 

Зочдынхоо сэтгэлийг татаж, итгэлийг төрүүлж, сайхан дурсамж үлдээхээс илүү "орлого" бий гэж үү. Хоёр гүрний дунд хавчуулагдсан халиуны зулзага Монгол хэзээ нэгэн цагт асуудалд орвол дэлхийн зүгээс хамгийн түрүүнд чих тавих хүмүүс нь тэд бус уу. Лавшааг нь идэж, дээлийг нь нөмөрч хоносон малчин Дорждоо санаа зовохгүй гэж үү.

 

Алив бидний өнөө зочломтгой зан чанар, Welcome to Mongolia. Ирсэн гийчнээ гудамж, талбайд шоолоод, гутаагаад, доромжлоод, баян, ядуугаар нь ялгаад байвал хэн манайхаар шагайх юм бэ. Зан сайтай айлд хүн бүр цугларч замаг сайтай нууранд загас бүхэн цуглана гэдэг байх аа. Үүргэвчтэй аялал гэдэг бол жуулчлалын нэг төрөл зүйл. Дэлхийн хаана ч явж байдаг хүмүүс. Манайдаа баянд тооцогдох хүмүүс хүртэл "Үүргэвчтэй аялал" гээд явж байна. Нэг бяцхан охин Африк орчихсон явж байсныг бид ковидын үеэр мэдсэн. Амай гээд алдартай үүргэвчтэй аялагч байна. Тэднээс маань тэд ялгаа байна уу. Хүн бүр л хямдхан аялахыг боддог биз дээ. Үүргэвчтэй аялагчдыг нүд үзүүрлээд байгаа та, дэлхийн хаа нэгтээ ямар үнэтэй юм бэ, хямдхан газар олъё, өшөө доошоо, жүди, жүди, discount please гээд зогсож байсан гэдэгт итгэлтэй байна. Айл хунараар орж аяга, таваг руу нь өнгийгөөгүй л байх л даа. Гэхдээ хөдөө тал, малчин айл гэдэг чинь манай онцлог. Сонирхоод яваад очиход нь хоол, цайгаар дайлах нь Монол ёс. Үгүй дээ л тараг, айраг аягалж, тавгийн боорцог тавьдаг бус уу. Ок. Энэ чинь харин жуулчин татах тал дээр аялал жуулчлал, соёлын яамны төсөв өндөртэй хурал зөвлөгөөн, сурталчилгаа, павилон түрээс мэтээс илүү үр дүн үзүүлж байгаа биз ээ. Бодоод байсан чинь малчид аялал жуулчлалын яамны орон тооны бус ажилчид юм биш үү.

 

Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан хаад, ноёд, баатруудын үр сад, дал наян сая малтай, хотдоо багтахгүй машинтай байж бид арай л өлөн үү, үгүй юу. Үүргэвчтэй нөхдүүдийг машиндаа суулгаад, гэртээ аваачаад гэдсийг нь гартал цуйван сэгсэрч өгөөд үлдсэнийг нь маргааш өглөө нь сүүтэй цайнд дэвтээгээд өгвөл насаараа дурсана даа, таныг. Танилтай бол талын чинээ гэж. Нэг ч гэсэн гадаад найзтай болоод ав. Эргээд таныг нутагтаа дайлахыг хэн байг гэхэв. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ. Замын хүзүү урт, зааны хүзүү богинохон.

 

"Алсын хараатай амьдралд тэмүүлсэн

Анд нөхдийн сэтгэл шингэсэн

Амьд насны булаг юм" гэж хэдийгээр архины далд сурталчилгаа ч гэсэн "Хурд"-ын дуулсан сайхан дуу байна шүү дээ, цаад караокэд чинь гэдэг шиг, жаахан алсын хараатай амьдрая л даа Монголчуудаа.

 

Ч.Явуухүү