Өнөөдөр нэн шинэ түүхийн 20 жилийн хугацаанд босгож ирсэн Монгол улсын эдийн засаг хоёрхон жилийн дотор унаж эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2013 оны эцсийн байдлаар бүгд сөрөг гарч, эдийн засаг гүн хямралд орж, хөгжлийн хурдац зогсонго байдалд ороод байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1,3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7,5 хувьд хүрээд байна. Инфляц 12,5 хувьд хүрч,  цаашид ч инфляц тасралтгүй өснө гэдгийг Дэлхийн банк тайландаа тусгажээ.

Монголын төрийн нийт өр 11,9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 68 хувь болж хуулиар тогтоосон босго болох 40 %-ийг  аль хэдийн давж гарчээ. Монгол улсын нийт гадаад өр 19,2 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 34,3 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 195%-д хүрээд байна. Дотоодын зээлийн өрийн үлдэгдлийг нэмж тооцвол Монгол улсын нийт өр 45 их наяд 446 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 259 хувьд хүрээд байгаа  

Монгол улсад бизнес эрхлэх таатай орчин хумигдаж, төрийн оролцоо, дарамт хэрээс хэтэрч, олон зуун аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж  байна. Энэ нь  төрийн бодлого алдагдсан,  бизнесийн орчин муудсаныг нотолж, өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдлыг илэрхийлж байгаа бөгөөд дотоодын бизнес эрхлэх орчин  хамгийн муу, таагүй  байгааг харуулж   байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өссөн байхад  иргэдийн орлого нэмэгдээгүй нь хүн амын амьжиргааны түвшинг өдрөөс өдөрт доройтуулж байна. Засгийн газар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээ авсангүй, цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх ёстой байтал тэтгэврийг  хэрхэн нэмэгдүүлж ард түмнээ хуурлаа.

Монгол Улсын эдийн засаг хямралын түвшинд хүрсэн байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээсээ нуун дарагдуулж эдийн засаг хямраагүй,  байгаа мэтээр хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлээр эрээ цээргүй сурталчилж  хямралыг улам даамжруулж байна.  

5 сарын 16-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт нийгэм, эдийн засгийн чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, мэдэгдэл өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл Засгийн газар, эрх баригчдын зүгээс ямар нэгэн хариу ирүүлээгүй ард түмнийхээ үгийг үл тоомсорлож байна.

Ийм учраас Улс орны хувь заяаг үүрч ирсэн намын хувьд цаашид хэрхэн ажиллах, хариуцлагагүй эрх баригчидтай ямар хариуцлага тооцох, хүндрэлээс гарах ямар арга замыг эрэлхийлэх талаар санал бодлоо харамгүй хуваалцаж, нээлттэй хэлэлцэх үүднээс энэхүү уулзалтыг зохион байгууллаа.