Шатахууны үнийг төгрөгийн ханшийн сулрал ам.долларын огцом өсөлтөөс шалтгаалан дунджаар 40-50 төгрөгөөр нэмэх тухай Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Энэ сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод олон улсын эдийн засгийн чуулган болж өндөрлөлөө. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар болон ОХУ-ын “Газрын тосны “Роснефть” НХК-ийн хооронд “Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурсан байна. Түүнчлэн ОХУ-ын “Газрын тосны “Роснефть” НХК болон Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний томоохон импортлогч компаниуд болох “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын хооронд нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 5 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурагджээ.

Роснефть компанийн зүгээс өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, газрын тосны бүтээгдэхүүний чанар болон үнийн хувьд бусад нийлүүлэгчтэй харьцуулахад өрсөлдөхүйц санал тавьсан бөгөөд энэ нь Сингапурын биржийн үнэ дээр тулгуурласан үнийн санал юм байна. 2014 оны 6 дугаар сараас шинэ үнийн томьёоллоор шатахууны нийлүүлэлт хийгдэх аж.

Ам. долларын ханшийн өсөлтөөс үүдэн өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шатахуун импортлогчид алдагдалтай явж ирсэн ч үнийг аль болох нэмэлгүй барьж иржээ. Тиймээс шатахууны үнийг нийгмийн донсолгох хэмжээнд хүргэхгүйгээр нэмнэ хэмээн албаныхан онцолж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 49, Аи-92 автобензин 57, дизелийн түлш 42, ТС-1 13 хоногийн нөөцтэй байгаа юм.