Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх нээлттэй өдөрлөг ирэх бямба гариг буюу 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11.40 цагт Чингисийн талбайд болно.
Энэхүү өдөрлөг нь Олон улсын болон монголын энхийг сахиулагчдын өдөртэй хамтатган зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Иймээс Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол Улсын энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлж, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах юм.
Улаанбаатар хотын төв талбай дээрээ энэ өдөр хүрэлцэн ирэх нийслэлчүүд Зэвсэгт хүчний ангиудын гаргасан үзэсгэлэнг сонирхож, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангиудын гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн дуу бүжгийн чуулга болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтуудыг үзэж, амралтын өдрөө дуу хуур, хөгжөөн наадамтай өнгөрөөх болно.
Мөн цэргийн насны эрчүүд, оюутан болохоор шийдсэн ч мэргэжлээ хараахан сонгож амжаагүй залуус Цэргийн штабуудын байр, Батлан хамгаалах их сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн асраар нэг ороорой. Зуны налгар өдрүүдээ өнгөрөөх амралт, сувиллын газар хайж яваа нэгэн байвал “Бага баян”, “Энхийн төлөө” цогцолбор амралт сувиллын газрын хамт олны танилцуулга, үйлчилгээний боломжит саналуудыг нэг сонирхоорой. Мөн Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгнө.
Ажилласан жилийн болон хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаагаа газар дээрээс нь шууд авъя гэвэл Батлан хамгаалах төв архивынхан шуурхай ажиллаж, төрийн үйлчилгээг үзүүлэх болно. Түүнчлэн 2000 гаруй жилийн түүхтэй монгол цэргийн асар их баялаг сан хөмрөгтэй “Монгол цэргийн музей”, цэргийн болоод ажлын хувцас үйлдвэрлэх олон жилийн туршлагатай “Бөртэ” ТӨҮГазар зэрэг Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сонирхож, үйлчилгээг нь хүртэх боломжтой юм байна.