Сүхбаатар дүүрэг дэх машин ачлагын “УСТЕХ” компанийн менежер Э.Дашнямтай ярилцлаа.


-Машин ачдаг компаниудын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудал байна л даа. Орон сууцны гаднах зогсоолоос л машин ачаад явчихлаа, улсын дугаарыг нь дуудахгүй, хулгайлаад аваад явчихлаа гэх шүүмжлэл нийгэмд байх юм. Эхлээд бусдын тээврийн хэрэгслийг ямар тохиолдолд ачдаг талаар танаас тодруулъя.

-Иргэд замын хөдөлгөөний дүрмийг сайн уншиж ойлгохгүй байна л даа. Зарим тохиолдолд хэнэггүйтээд мартчихдаг ч байж болох юм. Хороолол дундах зам буюу орон сууцнуудын дундаас машин ачлаа гэж их шүүмжилдэг. Гэтэл тэр нь улсын батлагдсан зам байдаг. Аль нэг байгууллага, хувь иргэний өмч биш гэсэн үг. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг. Нэг хүний эрх ашгийг хамгаалахын төлөө явдаггүй. Хорооллын дундах зам бол улсын батлагдсан зам гэдгийг дахин хэлье. Тэнд замын хөдөлгөөний дүрэм мөрдөгддөг. Мөн тэнд хууль дүрэм мөрдөгдөж л байвал бид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг арилгахын тулд ажиллах ёстой. Товчхондоо бидний үүрэг зам чөлөөлөхөд л чиглэдэг. Бидний тухайд замын хөдөлгөөнд саад учруулж машинаа байршуулсан, орц гарц хаасан, явган хүний зам дээр тавьсан унааг л ачдаг.

-Автомашины эзэн гарч ирчихээд байхад машиныг нь аччихдаг асуудал бий. Жолоочийг нь түлхэж холдуулаад л ачаад явчихаж байгаа бичлэг ч байдаг шүү дээ. Жолооч гарч ирсэн тохиолдолд машиныг нь хүлээлгээд өгчихөж болдоггүй юм уу?

-Хууль зүйн сайдын зүгээс гаргасан журмын зохицуулалтаар машиныг ачихаас өмнө 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдээлээд ачих ёстой. Зарлан мэдээлсний дараа тухайн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн машиныг зөөн шилжүүлэхийн тулд бэхэлгээ татлага хийнэ. Энэ хугацаанд жолооч гарч ирсэн тохиолдолд үнэ төлбөргүй буцаан олгодог. Харин зөөн шилжүүлж байх явцад эзэн холбогдогч ирвэл өгөхгүй. Журмын хашаанд очиж байж тэндээ асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл иргэд автомашиныг нь ачаад гэрлэн дохио дээр ч юм уу, түгжрэлд зогсож байхад хойноос нь гүйж ирээд асуудал үүсгэдэг. Хаалга руу өшиглөнө, жолоочоос татаж чангаана. Иргэд ачигч машин хөдлөхөөс өмнө ирээд үнэ төлбөргүй авна гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс гаргадаг түгээмэл алдаа нь юу байна вэ. Зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах ухамсар алга байна уу?

-Түгээмэл харагддаг алдаа нь үйлчлүүлэх гэж буй байгууллагынхаа үүдэнд тээврийн хэрэгслээ байршуулдаг. Энэ нь зорчих хэсгийн хөдөлгөөнд саад учруулдаг тул ачихаас өөр арга байхгүй. Ганцхан хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалаад өөр олон хүний цаг зав үрэгддэг. Хэдхэн метрийн зайд л төлбөртэй зогсоол байхад л үйлчлүүлэх ёс суртахуун жолооч нарт байдаггүй. Бусдын хөдөлгөөнд саад учруулчихаад л гарч ирээд хэрүүл хийнэ. Амиа хичээсэн зан л ил цагаан харагдаад байдаг юм. Өөр улс оронд очхоороо бол дүрэм журмыг нь ягштал биелүүлнэ. Улаанбаатарт ирэхээрээ л хаа, хамаагүй тээврийн хэрэгслээ үлдээж болдог гэх ойлголт яваад байгаа юм. Зогсоол байхгүй биш байдаг шүү дээ. Онцлоод хэлэхэд 100 айлын авто зам маш их ачаалалтай. 100 айлын гудамжинд байрлах дэлгүүр лүү орохдоо нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ үлдээчихдэг. Ингээд л гацаа үүснэ. Тэр орчимд Арьс өвчин судлалын үндэсний төвийн ард 5 мянган метр квадрат авто зогсоол байдаг. Одоо очоод харвал зогсоол хоосон л байгаа. Тэр зогсоолд машинаа тавих ухамсар иргэдэд байдаггүй.

Машин ачлагын компанийн ажилтнууд ажиллахдаа бусадтай зодолдож байгаа харагдах юм. Нөхцөл байдал ийм хурц дээрээ тулчихсан хэрэг үү?

-Бид цагдаагийн зөвшөөрлөөр машин ачдаг. Дур мэдэж бусдын машинд гар хүрдэггүй. Гурван удаа цагаан хоолойгоор зарлаад жолооч гарч ирээгүй тохиолдолд ачдаг. Бүх үйл ажиллагаа холбогдох журмын хүрээнд л явагддаг. Ажиллагааны явцад иргэд янз бүрээр доромжилж, заналхийлэх тохиолдол бий. Дахин онцлоход, бид зам чөлөөлөх л чиг үүрэгтэй. Иргэдийг түгжрээгүй зорчуулахын тулд л тэр шүү дээ. Машин ачлагын компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, саад учруулдаг иргэдэд хандан хэлэхэд эхлээд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх хэрэгтэй. Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулдаг, хоёр эгнээтэй замын нэг урсгалыг нь бөглөөд үлдээдэг бүдүүлэг ёс суртахуунаа гээхэд түгжрэлгүй зорчих боломжтой шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмээ л биелүүлэх хэрэгтэй. Ачилт бол хувь хүний өмчлөх эрхэд халдаж байгаа асуудал биш юм шүү.

-Бусдын тээврийн хэрэгсэлд халдаж, ачиж байгаа нь иргэний өмчид халдсан үйлдэл гэх байр суурийг зарим хуулчид хэлдэг. Хууль дээгүүр алхсан журам гаргачихаад бусдын өмчид халдаад байгаа юм биш үү?

-Хууль зүйн сайдын гаргасан журам буюу нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуух тогтоолууд бүгд ажлын хэсэг байгуулагдаж байж гардаг. Түүнээс биш хэн нэгэн хүн гэнэт гаргачихдаг журам биш. Өмчлөх эрхэд халдаж, хураан авч буй зүйл биш. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу нийтийн эрх ашгийн төлөө л бид түр хугацаагаар тухайн автомашиныг зөөн шилжүүлж буй хэлбэр юм шүү дээ. Хаа таарсан дуртай газраа тээврийн хэрэгслээ байршуулаад эмх замбараагүй байвал хэзээ мөдгүй 0 зогсолт болно. Иргэдийн хооронд ч үл ойлголцол үүсч асуудал хурцаар яригдах байх шүү. Ер нь тэгээд машины ачлагын компанийг жигшээд ажиллагаанд саад учруулж байгаа хүмүүс бол бусдын эрх ашгийг хүндэлдэггүй, бүдүүлэг, амиа хичээсэн хүмүүсийг өөгшүүлж байгаа үйлдэл.

-Ачлагын компанийн ажилтнууд ачсан машиныхаа тоогоор цалинждаг уу. Зарим тохиолдолд ачихаар улайрч байгаа харагддаг. Ямар хэмжээний татвар төлдөг юм бэ?

-Төрөөс оногдсон бүхий л татвар мөнгөө төлж явдаг. НӨАТ, хүн амын болон орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гээд л. 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газарт ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг өгөх саналтай байна гэх саналаа хүргүүлсэн. Ачилтын 14 компанийн гаргаж буй санал бол бидний зүгээс 10 хувиа өгье, түүнээсээ нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолыг нэмэгдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нийслэлийн замын санд төвлөрүүлье гэсэн саналтай байгаа юм. Зогсоол байгуулах нь эргээд жолооч нарт л ашиг тустай шүү дээ.