Монголын боловсролын салбар төдийгүй ОХУ-д нэр алдраа цуурайтуулсан “школ”-ыг бий болгосон Орос 3-ын Ж.Соронзон гэж хэн бэ? Ж.Соронзон багшийг Монголд танихгүй, мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Бүгд түүнийг их бага хэмжээгээр андахаа больсон нь Орос 3-ыг дэлхийн жишигт хүрсэн “брэнд боловсрол”-ыг Монголд нутагшуулсантай холбоотой.

“Сайнаар үлгэрлэвч саараар дуудуулж” хилсдэн хэлмэгддэг “цагийн шуурга” гавьяат багш Ж.Соронзонг тойрсонгүй, дайраад өнгөрөв. Гэвч тэр шантарч мохсонгүй. Анхнаасаа түүний үрслүүлж ургуулсан Орос 3-р сургуулийн “брэнд боловсрол”-ын үнэ цэн унасангүй. Харин бүр цэцэглэн хөгжсэн үүх түүхээс хуваалцья.

Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал асан, гавьяат багш, доктор Ж.Соронзон ямар мундаг манлайлагч, “зангараг”-тай удирдагч байсныг илтгэх баримтаас дурдья. 2018.07.18-ны өдрийн 425 тоот ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог “А.С.Пушкины нэрэмжит төрийн дээд” одон медалиар Орос 3-аар овоглогддог Ж.Соронзон захирлыг шагнасан түүхтэй. Орос гүрэн түүний мэдлэг боловсрол, удирдан зохион байгуулах ур чадварыг үнэлж, ийнхүү хилийн чанадаас төрийн дээд шагналаа соёрхов. Тус шагналыг Монголоос анх хүртсэн академич, ардын багш С.Галсан агсан бээр: “А.С.Пушкиний нэрэмжит алтан медаль” бол Олимпийн алтан медалийн дайтай үнэ цэнтэй том шагнал” гэж нэгэнтээ хэлжээ. Түүнчлэн Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнаж байсан цаг саяхан. Сонирхуулахад, Александр Невскийн одон бол Цагаан хааны үед ч, Зөвлөлт засгийн үед ч байсан, одоо ч байдаг бөгөөд Орос гүрний гурван төрийн нүүрэнд хүчин төгөлдөр байдаг цор ганц шагнал. Ийм нэр хүндтэй шагналуудыг Монгол хүмүүс тэр дундаа Орос 3-р сургуулийн захирал асан Ж.Соронзон ч тэр, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаа ч тэр ялгаагүй хөрш зэргэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог төрийн дээд одон медалиудыг хүртэнэ гэдэг маш том бахархал мөн. Сошиалд халуун сэдэв болсон Ж.Соронзон захирлыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан яагаад ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, Орос 3-р сургуулийн эцэг эхчүүд, багш сурагчид дуу нэгтэйгээр эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж байгааг ойлгоход дөхөм болгоё. Хэзээнээс монголчууд “багшийн эрдэм шавьд” гэж хэлцдэг нь оргүй хоосон хий дэмий үг биш юм. Хэдий чинээ чадалтай багш нар олон байх тусмаа түүний үр шимийг хүртэх шавь нар их байж таарна. Тиймээс Ж.Соронзон захирал тус сургуулийг үүсгэн байгуулсан цагаас хойш гучаад жил амралт гэдгийг мэдсэнгүй өнгөрч. Түүнд зуны гурван сард ч амсхийх зав гардаггүй. Хичээл сургууль амрахтай зэрэгцэн менежерүүдээ дагуулаад намар багшлах багшийн эрэлд морддог жамтай. Оросын нутгаар хөндлөн гулд явж, “САЙН БАГШИЙН ЭРЭЛД” хатаж, амьдралынхаа 30 жилийг өнгөрүүлснээ “Монголын мэдээ” сонины ярилцлагад дурдсан нь бий. Сайн багшийг олно гэдэг “өвсөн дундаас зүү хайх”-тай адил хэцүү. Монголын боловсролын системд багш нарын цалин пүнлүү нүд хальтрам бага байдагт тэр эсэргүүцдэг. Оюун санаа, ур ухаанаа уралдуулдаг оюуны хөдөлмөрийг өсгөхийн төлөө тэрээр ухамсарт амьдралаа зориулсан гэхэд хилсдэхгүй. Орос 3-р сургуулийн багш нарын цалин хангамж өндөр, сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт сайн, суралцах орчин нөхцөлийг гайхалтай сайнаар шийдэж чадсан нь угтаа мань хүний өөрийнх нь нягт нямбай зан чанар, ажлыг хийсэн шиг хийдэг мэргэжлийн өндөр ур чадвар, өрөөлийг шахаж шаардаж ажиллуулж чаддаг ур ухаанаас гадна “зөвд зөөлөн, бурууд хатуу чанд” байдаг эрс шийдэмгий төрөлх зан араншинтай холбоотой. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг зарчим түүнд зориулагдсан мэт. Өөрөө үлгэрлээд зогсохгүй өрөөлийг хүртэл уриалан дуудаж, хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлж чаддагт багш нараас гадна тус сургуулийн үе үеийн төгсөгчид дуу нэгтэйгээр бахархдаг. Сайн мэдэхгүй хүнд бол гаднах өнгөн талдаа ширүүн дошгин мэт харагдавч дотоод мөн чанарыг таньсан хүмүүсийн тухайд халуун дулаан сэтгэлтэй, хүн чанарын дээд болсон эмэгтэй гэдгийг түүнтэй хамт мөр зэрэгцэж явсан хүмүүс гэрчилнэ.

Хүний нийгмийн хөгжил “хүн төв”-тэй байж урагшаа хөдөлдөг гэдгийг Ж.Соронзон багш сайн мэднэ. “Хүүхдийн төлөө за гэж хэлье” уриаг амьдралд бодитоор хэрэгжүүлсэн хүн бол Орос 3-ын Ж.Соронзон багшийг гэхэд буруудахгүй. Та бүхэн Орос 3-р сургуулийн хашаагаар нэг зав гаргаад алхаад үз. Намрын сэрүү орсон ч ширхэг навч унасан байхыг олж харахгүй. Учир нь, сургуулийн орчин тойрныг цэвэрлэдэг үйлчлэгч нарт тийм хатуу чанд шаардлага тавьдаг нэг хүн байдаг юм. Сургуулийн гаднах цонх шил, хаалга үүд, хана туургыг анзаарч бас хараарай. Гаднах шил цонх нь гялалзаж гялтганасан, хашаа хайсынх нь цагаан будаг өнгөө алдаагүй шинээрээ шахуу. Үүдээр дотогш алхаад ороод үзэхэд гэмгүй. Сургуулийн босгоор хэнийг ч хамаагүй оруулахгүй. Үүдний жижүүр нягталж байж оруулж харагдана. Яагаад ийм дэг журамтай талаараа Ж.Соронзон багш: “Манай сургууль дэг журам, эмх цэгцийг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг. Хэн нэгэн танихгүй хүүхэд манай сургуулийн үүдээр орох боломжгүй. Хэдэн жилийн өмнө хичээл сургууль тарахтай зэрэгцэн цэвэрхэн хувцасласан хүүхдүүдийг зориуд сургуулийн үүдээр оруулж, хулгай хийлгэсэн гэмт хэрэг цөөнгүй гарсантай холбогдуулж, дотоод сахилга батыг ийнхүү чамбайруулжээ. Хүүхдүүд болсон хойно гар утсаа энд тэнд орхиод гүйлдэнэ. Хичээлийн завсарлагаагаар хоол унданд гарахдаа юм хумаа хааш яйш орхино. Үүнээс үүдэж амташсан хулгайчид хүүхдүүдийн эд зүйлсийг хүүхдүүдээр хулгай хийлгэсэн ганц нэг тохиолдол гарсны улмаас тус сургуулийн өнцөг булан, тохой бүрийг үлдээлгүй иж бүрэн камержуулж авчээ. Хулгайн хэрэг ахиж гарсангүй. Энэ бол Ж.Соронзон багшийн аливаа асуудалд жижиг том гэлгүй бүгдэд хүртээмжтэй ханддагийн тод илрэл. Одоо багш, сурагчид, эцэг эхчүүд ялгаагүй хулгай зэлгий гарахвий гэж санаа зовинох юмгүй амар болж. Хүүхдийн сурах боловсрохыг зөвхөн хичээл номоор хязгаарласангүй. Хүүхдийн өсөлт хөгжилт, бойжилт хэр явагдаж байгаагаас үүдэж, эрүүл мэнд нь тодорхойлогддог учраас мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч, хүүхэд нэг бүрийг эрүүл байлгахын төлөө эмчийн иж бүрэн үзлэг шинжилгээ хийсний үр дүнд тус сургуульд шүд нь хорхойтсон хүүхэд гэж байхгүй. “Шүд эрүүл бол бие эрүүл” гэдгийн амьдралд биеллээ олсон сургууль бол Орос 3. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад байдаг усан бассейн энд бий. Биеэ чийрэгжүүлэхэд усан спортын ач тус ямар өгөөжтэй байдгийг хүн бүхэн мэддэг ч тэр бүр хүүхдээ усан бассейнд хичээллүүлээд байх зав зав хомс. Боломж бололцоо багатай эцэг эхчүүд цөөнгүй. Гэтэл эдний сургуульд тийм асуудал алга. Усан спортоор бүх хүүхдийг жигд сургаж, бие бялдрын хувьд зөв хөгжилтэй иргэн болгохын төлөө хувь нэмрээ оруулж явна. Хүүхдийн эрүүл мэндийг Ж.Соронзон багш онцгой анхаарч, тэдний идэж, ууж байгаа хоол хүнстэй холбодог. Хүүхдийн хоолойгоор давж байгаа бүхэн амин дэмээр баялаг, амтлаг, шингэц сайтай байх ёстой гэж тэрээр шаардлага тавьдаг учраас эдний сургуулийн хүүхдүүд өглөө бүр орос тогоочийн барьсан шинэхэн булочка, амт чанар сайтай төрөл бүрийн хоол, жимсний жүүс, сүү, тараг, цагаан идээ тогтмол иддэг. Ямартаа хүүхдүүд орой гэртээ хариад барагтаа юм идэхгүй гэдэс цатгалан ирдэг гэж нэг ээжийн сайтад өгсөн яриаг саналаа.

Сошиалд шуугиад байсан сургуулийн өргөтгөл барилгыг тогтож хараад мэргэжлийн хүнээс сайн лавлаарай. Яагаад гэвэл тус сургуулийн засвар үйлчилгээ болон шинээр баригдаж буй барилгын ажилд барилгачдыг дагаад ханцуй шамлаад ордог нэг хүн бий. Тэр бол мэдээж Ж.Соронзон захирал. Эдний сургуулийн тендерт шалгарсан баг хамт олон хүний төлөө сэтгэлтэй биш бол энэ сургуулиас зохион байгуулж буй аливаа ажилд оролцоод бараг дэмий. Хэрвээ та зөвхөн ашиг орлого хардаг, мөнгө зоос боддог бол тэр зүг рүү бүү чиглэ гэж зөвлөе. Ж.Соронзон захирал байгаа цагт та хямд үнэтэй бараагаар аргалчихья гээд хана таазны будаг, паркетан шалыг муу материалаар хийх гээд үзвэл санасны гарз болно. Ж.Соронзон багш будагны чинь орц найрлага хүүхдийн биед хортой эсэхээс авахуулаад паркетан шал чинь хальтардаг үгүйг шалгаж, өөрөө бараг амталж үзэх нь халаг болж байж барилгын засварын ажлууд чинь цааш үргэлжилнэ. Хэрэв танай баг хамт олон ажлыг гялалзуулдаг итгэлтэй хамт олон бол тэрээр та бүгдийн ажилд хөндлөнгөөс оролцож хошуу дүрээд байхгүй холуурхан явна. Тэр ийм хүн. Өөрийнхөө төрөлх сургуулийг өргөө гэр шигээ санаж, түмний олон хүүхдийг төрсөн хүүхэд шигээ боддог учраас Орос 3-р сургуулийн үнэ цэн Монголд төдийгүй Орост яригддаг учиртай. Орос 3-т багшлаад ирсэн багшийг хойно Орост асуудалгүй шууд ажилд авдаг гэнэлээ. Ж.Соронзон захирлын гарын аяыг дааж ажиллаж чадсан хүн өөр газарт бас сэтгэлээ шингээж ажиллана гэдэгт боловсон хүчнүүд итгэлтэй байдаг учраас тэр. Нэг сурагч хичээлээс хоцорч, сурлагын амжилт буурлаа гэхэд тухайн анги удирдсан багшийн тоолдог цалинтай хариуцлага тооцоод ирэхээр нөгөө ангийн багш хүссэн, эс хүссэн ч сурагчтайгаа тулж ажиллаад эхэлдэг. Хичээлийн явц, сургалтын амжилт хэр байгааг байнга шахуу авдаг шалгалтуудаар дүгнэж болдог. Хэн ямар хичээлээр хоцрогдолтой байна түүнд зориулсан тусгай программаар давтлага өгдөг багш нар цагийн хуваарь гаргаад хүлээж байдаг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага хүмүүжилд санаа зовох шаардлагагүй. Ямарч эцэг эх үр хүүхдээ өндөр боловсрол эзэмшээсэй, нийгэмд төлөвшиж ороосой, хэл устай болж дэлхийд тэргүүлэх сургуульд сураасай гэж хүсэх нь дамжиггүй. Тэр урт зам мөрийг товчилж, үр хүүхдүүд Дэлхийд тэргүүлдэг шилдэг сургуулиудад толгой өвдөхгүй орсоор ирсэн учраас тус сургуульд хүүхдээ сургахын тулд 4-5 настайгаас нь элсэлтийн шалгалтад бэлдүүлж эхэлдэг тогтолцоо бий болжээ. Энэ бол тэнд хүүхдээ сургадаг нэг өмгөөлөгчийн зөвхөн ярьсан кейс. Хуульчид тэр дундаа сэтгэлийн хөөрлөөр баримт нотолгоогүй юм ярьдаггүй учраас энэ талаар хялбар ойлгосон хэрэг. Төгсгөлд нь Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн амжилтыг дурдвал,

  1. 2004, 2008, 2015 онуудад “Улсын тэргүүний сургууль”-иар шалгарав.
  2. 2004, 2017 онд ОХУ-ын “Боловсролын диплом” өргөмжлөл олгов.
  3. Тус сургуулийг төгсөгчид нь төрөлх Монгол хэлээс гадна Орос, англи хэлийг эх хэл шигээ эзэмшиж, ОХУ-ын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцаж төгсөв. Бас суралцсаар байна.

Энэ зөвхөн амжилтынх нь нэгээхэн хэсгийг товчлон хүргэхэд иймэрхүү. Энэ бүх амжилтын түлхүүр нь зөв менежмент, байгууллагын удирдагч хүний нарийн чанд зохион байгуулалт, алсын хараа юм. Ж.Соронзонгоор овоглогдох Орос 3-р сургуулийн сургалтын стандарт нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй, боловсролын байгууллага дунд рейтингээрээ тэргүүн өндөрт оршиж буй нь энэ. Үнэхээр байгууллага хувь хүнээр дутдаггүй ч харин “САЙН УДИРДАГЧИЙН МЕНЕЖМЕНТ, УР УХААН”-аар байнга дутагддаг нь үнэн. Шударга ёсыг сахиж, чин үнэнийг баримталдаг хүмүүний амьдралд нар зөв эргэх сайн цаг айсуй гэдэгт итгэл төгс байна.

 

СЭТГҮҮЛЧ М.ЭРДЭНЭЧИМЭГ