Өнгөрсөн долоо хоногт төрийн албан тушаалтанд холбогдох 13 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Ашигт малтмал, Газрын тосны газарт ажиллаж байсан “Ч” нь ажиллах хугацаандаа 197 сая төгрөгөөр худалдан авсан орон сууцыг өөрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй, мөн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн  байж болзошгүй хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын удирдах албан тушаалтан “Д” нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх буюу хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст одоогоор 93 гомдол, мэдээлэл, эрүүгийн 711 хэрэг шалгагдаж байгаа аж.