Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад ажиллах гадаад ажилтны тоо, Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг 23 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк дээр буй төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой өр зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг өмнө нь өгсөн. Үүний биелэлтийг өнөөдөр танилцууллаа. Нэг сарын хугацаанд 140 тэрбумын зээлийг төлсөн. Нэгдүгээр сараас хойш хугацаанд Хөгжлийн Банканд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байна. 

140 тэрбумын талаар тодруулбал,

  • Эрдэнэс Тавантолгой 117 тэрбум төгрөгийг төлсөн. Тус компани нийт 160 гаруй тэрбумын зээл авсан. Үлдэгдэл нь 43 тэрбум байна.
  • МИАТ ТӨХК 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банкнанд өргүй боллоо.
  • ТОСК, НОСК нэг тэрбумыг төлсөн" гэлээ.

Мөн ТОСК, НОСК-оос 1 тэрбум гаруй төгрөг төлж барагдуулсан. Цаашдаа "Хөтөл цемент", "Эрэл" компанийн чанаргүй зээлүүдийг барагдуулахаар ажиллаж байна.

Энэ ажилд хүчний байгууллагууд ялангуяа АТГ маш сайн хамтарч дэмжин ажиллаж байна. Ойрын хугацаанд үр дүн гаргана. Одоогоор 800 гаруй тэрбум төгрөг төлүүлсэн. Бид жилийн эцэс гэхэд 1 их наяд төгрөг төлүүлэхээр ажиллаж байна. "Эрэл"-ийн зээлэнд алдбадлагын арга хэмжээ авах, өмчийг хурааж авах, хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ажиллагаа хийнэ. 

"Хөтөл цемент" компани үйл ажиллагаа явуулж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн өндөр ачаалалтай явж байна. Энэ дундуураа зээлээ төлөхөд үйл ажиллагаа нь доголдох, зогсох эрсдэлтэй байгаа учраас Төрийн өмчийн зохицуулалтын газартай хамтраад, Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч ойрын хугацаанд барагдуулахаар ажиллана" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав: 

-Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Хоёр удаагийн Засгийн газрын  хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн. Нүүрсний амны үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай байдаг. Бид ямар үнээр нүүрсээ зарах ёстой вэ? Уурхайн амнаас нэг тонныг 71 ам.доллараар, хил үнээр бол 129 ам.долларын үнэтэй байна. Тээврийн улмаас ийм зөрүү үүссэн.     

Валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр худалдана. Мөн нүүрсний гэрээнүүдийг цахимжуулна. Бүх гэрээг бүртгэнэ. Уурхайн амнаас хил хүртэл нүүрс алдагддаг байдлыг бууруулна. Энэ онд бэлтгэл ханган, ирэх оноос нүүрсээ биржээр худалддаг болно. Энэ тогтолцоо руу ирэх оны эхний өдрөөс шилжинэ. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргадаг байдлыг цэгцэлнэ. Би Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг билээ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй.       

Засгийн газрын тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгалаа.

Дэлхийн олон улсад инфляц өндөр хэвээр байгаа тул ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулах арга хэмжээ авч байна гэв.