Агаар, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөл буюу хүүхдийн хорт хавдар үүсгэж буй шалтгааны талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа. 

Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хавдар үүсгэж буй голлох шалтгаануудын нэг нь дотоод орчны бохирдол байгаа талаар Хүний их эмч, Орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Сургууль, цэцэрлэгийн засварыг маш хямдхан будгаар хийж байна. Будгаас олон төрлийн ууршимтгай органик нэгдэл тэр дундаа хавдар төрүүлэгч бодисууд ялгардаг. Зөвхөн будаг гэлтгүй тавилганаас хүртэл ялгарч байдаг. Тийм учраас сургууль, цэцэрлэгийн засварын ажлын тендерийг эрт зарлаж, хүүхдүүд амраад явсан даруйд засварын ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.

Засварын ажлыг эрт эхлүүлбэл зуны гурван сарын турш засварт ашигласан будгийн хортой бодисын хувь чанар нь багасаж, түүний дараа сургууль, цэцэрлэгээ эхлүүлэх боломж байгаа гэж харж байна.

Улсын төсвөөс сургуулийн засварын мөнгө тавигдсан бол түүний хугацааг наашлуулахад асуудал байхгүй. Үүн дээр Боловсролын яам, нийслэлийн болон бусад аймаг сумдын газрууд анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Зарим сургуулиуд засварын ажлын тендерээ тавдугаар сард эрт зарласан байхад зарим нь наймдугаар сард зарлаж байх жишээтэй янз янз байна.

Тиймээс бүх нийтээрээ энэ асуудал дээр анхаарч хүүхэд намар сургуульдаа орж ирэхэд анги танхим дахь засвар хийснээс үүдсэн хавдар төрүүлэгч хортой бодисын чанарын эрсдэл нь буурсан байна уу, үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Дотоод орчны агаарын чанарыг шинжилдэг Ногоон титэм лабораториос 11 сургууль, 10 цэцэрлэгийн дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн агууламжийг шинжлэхэд будаг болон тавилгад ашигладаг формальдегид, бензол бодисууд байх ёстой хэмжээнээсээ их илэрсэн байна. Эдгээр нь цочроох болон хавдар үүсгэгч химийн бодисууд аж.

Түүний танилцуулсан судалгаагаар хүүхэд нэг минутад насанд хүрсэн хүнээс илүү олон амьсгалдаг учраас агаарын бохирдолд илүү өртөж байдаг байна.

зураг

 

Эх сурвалж: Доктор, профессор, МУ-ын зөвлөх эмч Д.Малчинхүү 

Мөн 0-5 насны хүүхдийн хатгаа өвчний нас баралтын 45% нь дотоод орчны агаарын бохирдлоос болдог байна.

 

Манай улсад дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүй

Үргэлжлүүлэн тэрбээр манай улсын дотоод орчны агаарын чанарын стандарт хууль эрх зүйн орчиндоо зөрчилдөөнтэй байгаа талаар “Манай улсад дотоод орчны стандарт байхгүй. Жишээлбэл миний хүүхэд хавдар төрүүлэгч хорт бодисоор амьсгалаад байна, байх ёстой стандартад нийцэхгүй байна гэсэн шаардлагыг тавихын тулд бидэнд хууль эрхзүйн орчин хэрэгтэй. Гэтэл энэ нь зөрчилдөөнтэй, алдаатай байна.

2007 оны агаарын чанарын стандартыг эрүүл мэндийн салбарынхан баталсан байдаг.

Гэтэл одоо Агаарын тухай хуулиар агаарын чанарын стандартыг байгаль орчны төрийн захиргааны байгууллага ахалж батлуулна гэсэн байна. Байгаль орчны мэргэжилтнүүд зөвхөн гадаад орчноо яриад дотоод орчноо орхигдуулж байна” гэсэн юм.