Ангич шинж чанартайн учир коммунист үзэл сурталдзаавал дайсан этгээд хэрэгтэй. Дайсантайгаа тэрсэлдэж тэмцэлдэж, ялж дийлж байж гэмээнэ тухайн үзэл суртлын агуулга, мөн чанар нь тодрон гарч ирэх болно.

Энэ хэрэгцээ шаардлагаас үүдэн социалист үзэл баримжаа бүхий улс орнууд АНУ, Хятад, Япон капиталист орнууд гэх өөрийн дайсантай, харин манай улс дотооддоо эрлийз гэх дайсантай байсан юм байна. Дайсан улсуудаа шоглон зурна, цуу тарааж,итгэж үнэмшүүлнэ, иргэдийнхээ оюун санаа, тархийг үзэл суртлаар нүдэж, дайсныг эсэргүүцэх үзэл, итгэл үнэмшил суулгана. Коммунист үзэл суртлын нөлөөгөөр социалист нийгэмд оршин амьдарч байсан хүмүүст хятад гарвалтай хүмүүсийг нийгмийн дайсанд тооцдог, мах цус, яс сэтгэл бүхий л зүйлээрээ эсэргүүцдэг, үзэн ядсан сэтгэлгээ, хүмүүжил, үзэл бүрэлдэн тогтсон ба ертөнцийг үзэх үзлийг орлож байжээ. Тэр нэг жил социалист нийгэм нуран унав. Энэ явдалтай зэрэгцэн үүрэг рольгүй болсон коммунист үзэл суртал бас халагдав. Эрлийз гэх үзлийг халж, цаг үе, ардчилсан нийгэмдээ зохицож нийцсэн шинэ үзлээр сольж шинэчлэх цаг бас учир ирэв. Гэвч энэ үзэл халагдсангүй бас шинэчлэгдсэнгүй, монгол хүний оюун санаанд оршсоор энэ цагт ирэв. 

 

Хүн гэгч оюун санаанд бүрэлдсэн үзэл, итгэл үнэмшил, мэдээллээрээ ертөнц хорвоо, нийгмийн амьдралыг хардаг, хүлээн авдаг, хариу үйлдэл үзүүлдэг жамтай. Социалист нийгэмд бүрэлдсэн эрлийз гэх үзлээрээ монгол хүн харж байна, улс нийгэмдээ өрнөх үйл явдлыг хүлээн авч байна, хариу үйлдэл үзүүлж байна. Энэ хандлага биднийг утгагүй элийрэгчид болгов.

 

Энэ үзлийн нөлөөгөөр тэдэнд хүмүүст дайсан хэрэгтэй болно, дайсантайгаа тэмцэх, дайснаа хардах сэрдэх, дайснаасаа айж болгоомжлох бас дайснаа ялан дийлэх энэ бүх хэрэгцээ шаардлага хар аяндаа бий болов. Тэрсэлдэж тэмцэлдэх, айж болгоомжлох дайсан этгээдээ бий болгожээ. Тэр дайсан нь эрлийз хүмүүс. Социалист нийгмийн дайсан ардчилсан нийгэмд ч гэсэн улс орныг сүйтгээд буй дайсан этгээдээр тодров оо. Элийрлийг эсэргүүцэж, эрлийз хүмүүс бол улс орныг сүйтгэж буй дайсан этгээд биш, эгэл жирийн хөдөлмөрлөж яваа хүмүүс, тэд бол бодит биш, эрлийз гэх дайсан бидний зөвхөн оюун сэтгэлгээнд л оршдог тухай, эрлийз гэх үзлээрээ бид өөрсдийгөө үгүйсгээд, дорд үзэн гутаагаад буй тухай, эрлийз гэж биесээ адлахдаа биесээ эсэргүүцэж, дайсагнасан эсрэг талуудад хувааж, үндэстнийхээ нэгдмэл нэг, цул байдлыг дотоод талаас нь задлаж буй тухай энэ бүх учрыг ( Социалист сэтгэлгээг халъя I, II, III ) бичсэн.Энэ удаад хэрэглэгдэж буй нэн түгээмэл тохиолдлуудыг задлан шинжлэв. 

 

Хэрэглээний хувьд хэн нэгний тэмцэгч баатар болж тодрох зам мөр, арга хэлбэр, мөнхүү бас увайгүй атаархуу нэгний атгаг хорон санаагаа гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болж. Нэмээд  санаа нийлээгүй бол, үзэл бодол таараагүй бол, өөрийг нь дэмжээгүй бол эрлийз болгохтуйлширсан хийрхэл, мөн бас муйхар мунаг хүний бусдыг ялж дийлэх арга, атаач нэгний хорслоо тайлж тайвшрах нэг арга хэрэглүүр, олны танил хүний нэр хүндийг нь унагаж, гутаах гутамшиглах, шившиглэх нэг арга барил, өрөөлийг дарамтлах хэлбэр гээд зүй бус байдлаар голдуу хэрэглэгдэж байна. Эрлийз гэж чанга хашгирч, өмхийгээр нь дуудахаас эхлээд үгийн муухайгаар зүхэж, үзэн ядсан өнгө аяст бүхий үг хэл, үйлдлээрээ эрс эсэргүүцсэн энэ байдал иргэдэд шударга тэмцэгч хүн гэж харагддаг учир эрлийзүүдтэй сайн тэмцээрэй гэж захиж, дэмжих нь нийтлэг. Тэмцэгчийн харагдах байдал хийгээд бодит байдал тэс өөр. Харагдах байдал нь тэмцэгчийн дүр бол бодит байдал нь сүржигнэл дүвчигнэл. Хамгаас чанга хашгирч, хараан зүхэж, сүр сүр үг хэлж, үзэн ядаад, сүртэй сүржин аашлах гэдэг сүржигнэн дүвчигнэж буй үйлдэл. Тэд сүржигнэж дүвчигнэж, хий хоосон сүр үзүүлж хэлбэрдэх маягаар тэмцэгч баатар хүний дүрийг бүтээж байна. Хий хоосноос бүтээж байна гэсэн үг. Утгагүй үзэгдэл мөн байгаа биз. Утгаа алдсан үзлээс амьдралд утгагүй гаж үзэгдэл төрж бий болсон нь энэ юм. Бодит байдалд орчин үеийн нийгэмд элий балай зүйл ярьж, сүржигнэн дүвчигнэгч тэмцэгч баатар хэрэггүй. Эсрэгээр нийгмийнхээ амьдралд идэвхтэй оролцдог, нийгмээ зөв хардаг, алагчилж ялгаварласан үзэлгүй, үгээ зөв хэлж, үзлээ илэрхийлдэг иргэн хэрэгтэй байна. 

 

Манайханы эрлийзээр тодруулдаг тэр арга хэлбэр нь хэт дур зоргын, хэт туйлширсан байдалтай. Хэнийг ч хамаагүй, ямар ч үндэслэлгүй, хар таамгаар эрлийз болгоно.Өөрийн дургүй хүнээ, үзэл бодол нийлээгүй хүнийг, өөрийг нь дэмжээгүй бол эрлийзэд тооцож хийрхдэг болж.

 

Хэлсэн үгээ батал нотол гэхэд би тийм зүйл хэлээгүй гэж мэлзэнэ, эсвэл би тэгж бодсон, нүд нь бүлцэн байсан, зургийг нь хараад эрлийз гэж бодсон, кириллээр биш латинаар бичиж байсан энэ мэт үндэслэлгүйн дээр инээдтэй бүр өрөвдөлтэй хөгийн тайлбар хэлдэг. Хөгийн тайлбар, шалтагийг үндэслэлд тооцохгүй. Үүндэслэлгүй, хий хоосон элийрэл аж. Энэ шалтгаанаар иймэрхүү бичвэрүүд гүтгэлэг гүжирдлэгэ, хийрхсэн элийрэл байх нь нийтлэг. Тэр бичвэрүүд бидний оюун санаа, зан чанарыг тусгаж байгаа шүү. Эрлийз болгож байгаа тэр арга хэлбэр нь эзнээ үнэн хөөрхийлөлтэй, өрөвдөм өчүүхөн бас элий балай харагдуулаад байна, нас намба, оюун сэтгэлгээнд чинь нийцэж зохицохгүй байна.Монголчууд бид өөрсдийгөө бодитой харвал, дийлэнх маань тогтсон үзэлгүй, тун тогтворгүй бөгөөд хэлсэн үгээ хэдэн ч удаа өөрчилж чадах, хаашаа бол хаашаа холбирч байдаг тун барьцгүй, дур зоргоороо гүтгэж гүжирддэг, олиггүй муухай зантай болсон. Энэ муухай зан төрх, хандлагаас элий балай, өрөвдөм хөөрхийлөлтэй үйлдэл төрж байгаа үү. Зүй нь бол нас биед хүрч, оюун санаа, үзэл сэтгэлгээний хувьд өсөж хөгжсөн, төлөвшсөн байх учиртай хүнэлий балай, хөөрхийлөлт зүйл ярьж, бичих учиргүй байдаг, өөрийн үг үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай байдаг. Ер нь бол эрлийз гэж нэрлэх нь алагчлал ялгаварлал гэж ялгадаг, мөнүндэстэн эв нэгдэлтэй, нэгдмэл нэг байх оршихуйн гүн учрыг мэддэг бас өөрийгөө үнэлж, нэр төрөө эрхэмлэдэг хүн эрлийз гэж элийрч балайрахгүй, өрөвдөм зан, хандлага гаргаж, өөрийгөө гутаахгүй шүү дээ. Дээр бичсэн эрлийзээр нэрлэж буй тохиолдлуудаас ганц хоёрынх нь учир зүй, шалтгаан нөхцлийг бичихэд л өрөвдөм хөгийн санаа, аяс, шинж тодрох. Бусад тохиолдлуудыг задлан шинжилбэл, мөн ижилхэн өрөвдөм санаа, аяс, шинжтодрох учир задлан бичих хэрэггүй гэж бодов. 

 

Нийгмийн оюун санааны ертөнцөд цаг үе, нөхцөл байдалтайгаа уялдсан, улс нийгэмдээ оршин амьдрахад хэрэгтэй үзэл санаа, итгэл үнэмшил, мэдээлэл, мэдлэгийг хуримтлуулах учиртай байдаг. Манай улсад хүний эрхийн, тухайлбал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой зөрчил элбэгшсэн. Бидэнд энэ тухай зөв мэдээлэл, ойлголт ухагдахуун дутаад буйгаас үүдэлтэй зөрчил юм энэ бол. Нийгмийн оюун санааны ертөнцөд амин чухаг хэрэгтэй ойлголт ухагдахуун бол энэ. Гэвч бодит байдалд энэ тухай ойлголт тун бүрхэг, өнгөцхөн төдий байдалтай. Эрлийз гэх элийрэл хий хоосон хийрхэл, элийрэл, балайрал тэгэхээр халж, шинэ үзлээр солих учир бас цаг болж гэдгийн дохио тэмдэг. Эрлийз гэх элийрлийг эцэслэе. Үеэ өнгөрөөж, утгаа алдсан хуучин үзлийг халъя. Гэвч халъя гээд шууд халагдчихгүй. Халахын тулдцаг үе, нөхцөл байдалдаа тохирсон, үндэстэнг нэгтгэж, нэгдмэл нэг болгох чадвар бүхий шинэ үзэл санаа, сэтгэлгээг иргэдийн оюун санаанд суулгаж өгнө. Үр дүнд нь хуучин үзэл халагдаж, шинэ үзэл бүрэлдэн тогтох үйл явц явагдана. Энэ элийрлийг орлох, нийгмийн оюун санааны ертөнц, иргэдийн оюун сэтгэлгээнээс шахан гаргах тэр үзэл нь бидэнд алга байна, нийгмийн оюун санаанд бүрэлдэн тогтоогүй байна. Энэ шалтгаанаар бид социалист нийгэмд хэвшин тогтсон үзлээрээ хараад, хандаад байгаа болно. Элийрлийг орлох шинэ үзэл нь байхгүй байхад хүмүүсийг чи эрлийз гэж элийрлээ гэж болохгүй. Түүний оронд үндэстнээ дотоод талаас нь задлаад байна гэх гүн учир, шалтгааныг хэлэх нь зөв. Шинэ үзэл төлөвшин тогтсон цагт аяндаа л эрлийз гэх элийрлийг орхиж гээх нь мэдээж. 

 

Эрлийз гэх элийрлийг орлох шинэ үзэл цаг үе, улс орны нөхцөл байдлаас урган гарна. Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлгүй, бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй, нэг нь нөгөөгөө эсэргүүцдэг, жалга довоороо талцан хуваагддаг байдал бол үндэстэн дотоод талаасаа задарсаны шинж, тусгал.

 

Энэ нөхцөл байдал биднээс нэгдмэл нэг цул байх хэрэгтэйг тусгаж байна. Үндэстэнд маань нэгдмэл үзэл санаа буюу улс үндэстэн нэгдмэл нэг, цул байх учиртайг, биесээ хүлээн зөвшөөрөх учиртайг, биесээ утгагүй дэмий эсэргүүцэх бус дэмжих учиртайг, нэгнийхээ хийж бүтээсэн зүйлээр бахархаж байх, нийгэмд тулгамдсан асуудалд санал нэгдэж байх, нийгэмд бугшсан буруу бусар явдлыг нэгдмэл байдлаар эсэргүүцэж байх, санаа зорилго нэгдэж байх эдгээр ухагдахуун ойлголтууд хэрэгтэй. Нэгдмэл үзэл санаа тэгэхээр дотоодын хагарал талцлыг эцэслэж, улс үндэстэнг нэгтгэж нэгдмэл нэг цул хүчин болгоно, нэг зүг рүү харуулна, нэг зорилгод нэгтгэнэ, улс нийгмээ бүтээх чадамж бүхий нэгдмэл нэг, цул хүчин болгох болно. 

 

Эрлийз гэх үзэл бус элийрэл гэж үзсэний цаад учир шалтгааныг энд дайв. Социалист хийгээд ардчилсан нийгэм хэлбэр хийгээд агуулга, үзэл санаа, үнэт зүйл, арга барил, зарчмын хувьд тэс ондоо нийгмүүд билээ. Тэгэхээр социалист нийгмийн үзэл суртал, зарчим, арга барил нь ардчилсан нийгэмтэй агуулга, утга санаа, учир зүйн хувьд авцалдаж уялдахгүй, зохицож нийцэхгүй. Тухайн нийгэмдээ зохицож нийцэхгүй үзэл, зарчим гэдэг зөрчлийн эх үүсвэр болж, нийгмээ дотоод талаас нь сүйтгэж эхэлдэг гэдгээрээ аюултай. Энэ шалтгаанаар эрлийз үзэл суртал ардчилсан нийгэмд утгаа алджээ. Утгагүй зүйлсийгэлийрэл, балайрал, тэнэглэл, дэмийрэлд тооцдог. Өнөө цагт эрлийз гэх үзэл бол үзэл биш юм зүгээр л утгагүй элийрэл, балайрал юм.Утгагүй зүйл ярьж, элийрч балайрна гэдэг хий дэмий, ашиггүй дэмий, элий балай зүйл ярьж солиорч, тэнэглэж буй хэрэг.

Ч.ТУЯА

 

сонин mn