Белиц бол Бранденбургт байдаг Германы эртний түүхэн хот бөгөөд Гитлерийн эмчлүүлж байсан гэгддэг “The Beelitz - Heilstätten Sanatorium” эмнэлгээрээ жуулчдын сонирхлыг татдаг “сонирхолтой” газар юм. 
 
“The Beelitz - Heilstätten Sanatorium” нь 60 гаруй эмнэлгийн цогцолбор бүхий Белиц хотын эмнэхүйн томоохон дүүрэгт тооцогддог ба 1902 онд ашиглалтад орж байжээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмнэхэд чиглэгдэж байсан ч хожим цэргийн эмнэлэг болгож бүтцийн өөрчлөлт хийгдсэн байдаг юм.

Цэргийн эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн дэлхийн I дайны жилүүдэд буюу 1916 оны Соммегийн тулааны үеэр Адольф Гитлер (1889 - 1945) хөлдөө бэртэл авч энэ эмнэлэгт эмчлүүлж байсан түүхтэй гэнэ.

Энэ цагаас Гитлерийн эмнэлэг гэж нэрийдэх болсон бөгөөд өдгөө эмнэлэгтэй холбоотой маш олон аймшигт үйл явдлууд тэмдэглэгджээ.

Тухайлбал Германы цуврал алуурчин Вольфганг Шмидт / Wolfgang Schmidt энэхүү эмнэлэгт 1989 - 1991 оны тэртээ хүн амины цөөнгүй бусармаг гэмт хэргийг үйлдсэн байдаг. Бэлгийн транссексуал чиг хандлагатай түүнийг “Pink Giant”, “The Beast of Beelitz” гэж нэрийддэг нь ягаан өнгийн дотуур хувцас өмсдөгтэй нь холбоотой юм байна. Вольфганг 15 жилийн ял сонссон ба түүний тухай киног “The Pink Giant” нэртэйгээр 2008 онд гаргажээ.

Та бүхэнд толилуулж байгаа эдгээр сонирхолтой гэрэл зургуудыг АНУ-ын гэрэл зурагчин Рон Азеведо / Ron Azevedo авсан юм. Тэрээр Калифорнийн “The Orange County” мужийн оршин суугч бөгөөд мужийнхаа хамгийн уран бүтээлч сэтгэлгээтэй чадварлаг гэрэл зурагчнаар нэрлэгддэг юм байна.

Рон Азеведо нь 9 настайгаасаа гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд орхигдож хаягдсан ч сүнслэг ертөнцөөр хүрээлэгдэн орших “The Beelitz - Heilstätten Sanatorium” эмнэлэг, Чернобилийн өнөөгийн дүр төрхийг харуулсан цуврал зургуудаараа олноо танигджээ.

Сонирхуулахад, “The Beelitz - Heilstätten Sanatorium” эмнэлэгт “The Pianist” (2002), “Valkyrie” (2008) кинонуудын болон “Rammstein” хамтлагийн “Mein Herz Brennt” дууны клипний зураг авалт хийгдэж байсан юм байна.