Хэдхэн сарын өмнө Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг байгуулагдсаныг албан ёсоор мэдэгдсэн.

Тус нийгэмлэг эрэн сурвалжлах сонирхолтой сэтгүүлчдэд нээлттэй,  тус  чиглэлээр сургалт, семинар тогтмол зохион байгуулж, идэвхтэн гишүүд элсүүлж, олж авсан баримт материалыг нь редакцийн нөлөөгүйгээр хэвлэн нийтлэх боломжоор хангахыг эрмэлзэж ажиллах зорилготой гэсэн. Гэвч манай улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүй төдийлөн сайн хөгжөөгүй гэдэгтэй өнөөдөр хэн ч санал нийлнэ. 


Гадны оронд эрэн сурвалжлах сэтгүүл зүй, папараци өргөн хүрээнд хөгжсөн. Гэтэл манайд папараци гэгч нь хэдхэн мөнгөтэй хүмүүсийн зургийг авахаас хэтрээгүй гэх дэгсдүүлсэн болохгүй.

 

Түүх сөхөхөд, Пулитцер гэгч өмгөөлөгч 1983 онд “The New York World” сониныг худалдаж авны дараа Нью Жерси мужид тохиолдсон аймшигт хар шуурганы тухай өгүүлэл, цаазын ял авсан хоригдолтой хийсэн ярилцлага нийтлэгдсэн байна. Дээрх материал нь өнөө цагт энгийн санагдах боловч тухайн үед огт нийтлэгдэж байгаагүй цоо шинэ дуулиан байсан аж. Пулитцер нэгэнтээ сэтгэцийн эмнэлэгт  нэвтрэхийн тулд сэтгэцийн өвчтөний дүрд тоглож, “өвчтөн”-г үзсэн таван эмчийн дөрөв нь шизофрен гэх онош тавьснаар сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэл бичиж шуугиан тарьсан байдаг. 

Энэ бол гадны эрэн сурвалжлах сэтгүүлчийн тойм төдий жишээ. “Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдалд байх чадвартай. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн Пулитцер хэлдэг байсан аж. Үнэхээр л аливаа гэмт явдал олны нүднээс далд байдаг. Тиймдээ ч эрэн сурвалжлах сэтгүүл зүй энэ далд бүхнийг ил болгохыг эрмэлздэг юм. Харин манай улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүй энэ мэт хөгжилд хүрээгүй. “Эрэн”-гийн гэх тодотголтой сэтгүүлчид цагдаагийн байгууллагын хоногийн мэдээ, хаа нэг гарсан хэргийг л бичдэг. Энэ бүхний цаана авлигын болон бусад хэргүүд дараатай үлддэг. Магадгүй тухайн сэтгүүлч ямар нэгэн хэргийн зангилаа оллоо гэхэд хэргийн эзэн холбогдогчийг шантаажилж, мөнгө нэхдэг байдал олон гэдгийг сэтгүүл зүйн хашрууд ч, тэдний хүрээлэл ч хэлдэг. 

 Тэгвэл Т.Цогт-Эрдэнэ хэмээх сэтгүүлч Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн гишүүн. Харин тэрбээр саяхан телевизээр “Г.Буяндорж 10 жилийн ял авна” гэсэн нь үүнийг бичихэд хүргэлээ. Г.Буяндоржийн хэргийн тухайд анхан шатны шүүх хурал ч болоогүй хэрэг мөрдөлтийн шатанд яваа. Гэтэл сэтгүүлч хэвлэлээр хүнд ял төлөвлөж суугаа нь байж болох үзэгдэл үү. Уг нь хэнийг ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн, алуурчин гэж үзэхгүй гэж хуульд байдаг заасан байдаг. Гэтэл тухайн сэтгүүлч гэмт хэрэгтэн бүр ялтан болгочихож байгаа нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэм хэмжээнд тохирох зүйл биш. 

Түүний хувьд энэ удаа Г.Буяндоржийн эсрэг зарга үүсгэж яваа С.Билэгт гэгчтэй холбоотой мэдээлэл бичиж байна гэсэн шуум бий. Тодруулбал,  “Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс” гэх цуврал нийтлэлүүдийг дурдаж болно. Энэ нь нэг талаараа Г.Буяндоржийн булхайг илчлэх боловч нөгөө талаар тухайн хүнээ шантаажилж байгаа хэлбэр юм. Түүний хувьд эрэн сурвалжлах сэтгүүл зүйд нэр хүндтэй гэдэг бөгөөд хэд хэдэн шагнал ч авч байсан. Мэдээж энд түүний цагааныг хараар будах гэсэнгүй. Сүүлийн үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй нэртэй шантаажаас салъя хэмээн сэтгүүл зүйн хүрээнийхэн дотроосоо эхэлье гэцгээж байгаа юм. Тиймдээ ч туршлагатай сэтгүүлчийн хувьд залууст зөв үлгэр дуурайл үзүүлээсэй гэсэндээ үүнийг бичиж байгаа юм. 

Түүний хувьд танилын хүрээ ихтэй ч эсрэг талуудад нэлээд талтай нэгэн бололтой. Үүнийг нь  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцсэн “Мунзуй” хэмээх Г.Нямдоржтой хийсэн ярилцлагаас харж болно. Мэдээж болсон үйл явдалд хоёр талын байр суурийг хүргэх нь зөв ч энэ ярилцлагад сэтгүүлч хэтэрхий нэг талыг барьсан асуулт асууж, хэн нэгнийг муу хүн болгож харагдуулах гэсэн нь илэрхий. Тухайлбал, “Н.Номтойбаяр дунд сургуульд байхдаа охин жирэмсэн болгосон гэдэг?, Ер нь тэр хүн хэдэн хүүхэдтэй юм бэ. Нэг охин нь АНУ-д байдаг сурагтай?, Н.Номтойбаяр энд тэнд зодоон хийлээ, буудлаа гэж сонсогддог. Тийм зодоонч хүн үү. Тухайлбал “Метро полис” бааранд айхтар зодоон болсон гэдэг. Яг юу болсон юм бэ?, Бас “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбатыг хүүг зодоод дээр нь шээчихсэн гэдэг?, УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Батж.Батбаяр, Ө.Энхтүвшин, Д.Бадамдамдин нарын хүүхдийг зодсон гэх юм?” гэх зэргээр нэг хүнээр нь нөгөөг нь муулуулахаар өдөөн хатгасан асуултууд хөвөрнө.  “Google”-ээс хайхад дээрх ярилцлага гарч ирнэ. Уншаад нэг үзээрэй. 

Уг нь “Мунзуй” Г.Нямдорж, Н.Номтойбаяр хоёр сайн найзууд байсан гэдэг. Гэтэл сэтгүүлч энэ хоёрын дунд яс хаях шиг асуулт тавьсан нь сэтгүүл зүйн ёс зүйд нийцэхгүй. Ер нь Н.Номтойбаяр ч бай, хэн ч бай хүний хувийн амьдралыг хэвлэлээр дэлгэх нь ёс зүйгүй хэрэг. Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг. Тиймдээ ч сэтгүүлчид хүнтэй ярилцахдаа аль болох тухайн хүний гэр орон, хормой хотыг сөхөхгүй байхыг хичээдэг. Магадгүй хормой хот сөхөөд эхэлбэл энэ нь “шар мэдээ” гэс тэс өөр төрөл болчихно. 

Тэгэхээр эрэн сурвалжлах сэтгүүлч шар мэдээний араас хөөцөлдөж, хэн нэгний хөнжил сөхөж, хүүхэд тоолох асуудал байж боломгүй юм. Магадгүй хэн нэгний хувийн нууцыг мэдчихвэл түүгээр дамжуулан шантаажлах ч бас байж болохгүй зүйл. Гэтэл манай сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэх “хогийн ургамал” ургаж, бусдыг шантаажлан мөнгө нэхэж, энэ салбарыг бузарлаж байгааг  чимээгүй өнгөрүүлж яавч болохгүй. 



Т.Дэлгэрцэцэг