Хамгийн ойрын хугацаанд буюу өчигдөр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр хүүхэд машинд мөргүүлж нэг нь амиа алдаж, нөгөө нь гэмтсэн харамсалтай явдал боллоо. Зам тээврийн осол олон нийтийг эмзэглүүлж, эрхээ хасуулсан үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд хатуу хариуцлага хүлээлгэдэг болох саналыг олон нийтийн зүгээс цахим орчинд бичиж байна.

Жолоо барьж байх үедээ гар утсаа оролдож, явдаг хүмүүст ч хатуу хариуцлага тооцдог болмоор байгаа юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатарын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд авто ослоор 228 хүүхэд амиа алдсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 151,212 зөрчил гарснаас 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ.

Тэрбээр 10 дугаар сард эхлэх намрын чуулганаар хэлэлцэх Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж, шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна гэдгээ цахим хуудсаараа нийтэд илэрхийлсэн байна.