"Нүүрсний" гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Шүүгдэгч Б.Ганхуяг нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих шийдвэрийг цуцалж өгөх хүсэлтийг гаргасан. Мөн зарим гэрчүүд ирээгүй, өмгөөлөгчид солигдсон гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргасан юм. Тэгвэл шүүгчид хэлэлцэж шүүх хурлыг аравдугаар сарын 30 хүртэл хойшлууллаа.

Өнөөдрийн шүүх ухарал эхэлэхэд, Б.Ганхуягийн даралт унаж, цус харвалтын шинж тэмдэг илэрсэн гэх шалтгаанаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг түүний өмгөөлөгч Ц.Ганцэцэг гаргаад байв. Энэ талаар өмгөөлөгч Ц.Ганцэцэг "Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал есдүгээр сарын 23-наас муудсан. Тиймээс улмаар есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авч эхэлсэн. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг есдүгээр сарын 27-ны өдөр нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн байгаа. Даралт унах, бөөлжих, халуурах, толгой эргэж, толгой хавагнах нөхцөл байдалтай байсан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьж, эрүүл мэндийн тодорхойлолт авсан. Зарим нэгэн шинжилгээний эхнээсээ хариу гарсан. Нойр булчирхайн үрэвслээс шалтгаалан даралт унасан байж магадгүй гэх оношийг эмч нар тавьж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгч эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалуулах шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгч арав дахь сардаа цагдан хоригдож байгаа. Анх цагдан хоригдохдоо цоо эрүүл байсан. Удаан хугацаанд цагдан хоригдсоноос үүдэн биеийн байдал доройтож байна. Даралт унасан, цус харвалтын эхний шинж байна гэж эмч нар үзэж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай. Ийм учраас эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бололцоог хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан" гэсэн.