Ил захидал

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар танаа

 

Эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

 

Баттулга овогтой Нарантуяа миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 10 гаруй сарын хугацаанд хоригдож байгаа “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Баттулгын Ганхуягийн төрсөн эгчийн хувьд дүүгийнхээ амь бие, эрүүл мэндийн эрсдэлтэй байдал, аргагүй нөхцөл байдлын улмаас энэхүү ил захидлыг Танд хандан бичиж байна. Эрх зүйт төртэй, ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан. 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Ганхуягийг гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнх нь хамт хоморголон баривчилж “Жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн" хэмээн саатуулж, дараа нь нүүрсний гэх тодотголтой 44 их наяд төгрөгийн гэмт хэргийн “гол эзэн” мэтээр нийгэмд буруутгаж зарласан. Гэтэл ямар ч жагсаал цуглаан зохион байгуулсан санхүүжүүлсэн болон нүүрсний гэх хэрэг үүсгээгүй бөгөөд зөвхөн түүний гэр бүл, хамаатан садан, найз нөхдийг хоморголон мөрдөн шалгах ажиллагаа. прокурорын хяналт, шүүн таслах ажиллагааны явцад хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь манай гэр бүлд тэсвэрлэхэд хүнд цохилт болсоор ирлээ.

 

2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр дүү маань шүүх хуралд ноцтой тайлбар мэдэгдэл хийснээс хэдхэн хоногийн дараа биеийн байдал нь гэнэт муудсан нь эрхгүй айдас түгшүүр төрүүлж байна.

 

Тодруулбал, Б.Ганхуяг ямар ч шалтгаангүйгээр хордлогод орж бөөлжиж, гүйлгэж, даралт нь огцом унаж, Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Шүүх хурлын үеэр Б.Ганхуягийн хэлсэнчлэн нүүрсний гэх хэргийн жинхэнэ эзэд нь тодорхой болоогүй, энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ийм үйл явдал болж байгаа нь дүүгийн маань эрүүл мэнд амь насанд нь аюул заналхийлэл учруулах вий гэсэн эмзэглэл, айдас, хардлага төрүүлэхэд хүргэв. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхийн шатанд шилжсэн байхад Б.Ганхуягийг ганцааранг нь үргэлжлүүлэн хорьсоор байгаа нь хэт нэг талыг барьсан, зориудаар хэрэг хүлээлгэх гэсэн залхаан цээрлүүлэлт, Монгол Улсад эрүүдэн шүүлт амь бөхтэй оршсоор байгаа юм биш байгаа гэж хардах сэтгэлийг төрүүлж байна. Учир нь прокурорын үзсэнчлэн хэргийн ээдрээ төвөгтэй байдал нэгэнт арилсан. Энэ нь хэрэг шүүх рүү шилжсэнээр батлагдана. Тиймээс Б.Ганхуягийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Гэвч прокурор, шүүхийн зүгээс холбогдох хуульд заасан эрхийг хязгаарлаж, батлан даалтад гаргахаас татгалзсаар байгаа нь хэлмэгдүүлэн шалгаж байгаа хилс хэргийг далдлах улс төрийн томоохон захиалгатай байж болзошгүй гэж үзэж байна. Хуулийн байгууллагынхан “Дээрээс дарамттай байна” гэх шалтгаан хэлдэг талаар би удаа дараа олон хүнээс олж сонссон. Хэрвээ энэ үнэн бол хуулийн засаглалтай Монгол Улсад иргэний эрх, эрх чөлөөг хамгаалагч, шударга ёсны баталгаа болсон хараат бус шүүх байгаа юу гэдэг асуултыг эрхэм Танд тавьж байна.

 

 

Б.Ганхуяг анх говьд хэдхэн гэртэй, олон зуун сая ам.долларын өртэй байсан компанийг богино хугацаанд уурхайчидтайгаа хамтран босгож, жилд нэг тэрбум гаруй ам.долларын борлуулалттай үндэсний тэргүүлэх аж ахуйн нэгж болгож чадсан менежер, анх удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ашигтай ажиллуулж иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тарааж байсныг төр засаг өндрөөр үнэлж байсан. Тэрбээр өөрийн хийсэн бүтээснээ нураах ёс зүйгүй үйлдэл хэзээ ч гаргахгүй.

 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Ганхуяг 'Эрдэнэс Тавантолгой’ ХК-тай холбоотойгоор хэрэгжсэн бүхий л төсөл, гэрээ, оффтейк гэрээ, тендер, үйл ажиллагаанууд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, зөвлөмж, шийдвэрийг чиглэл болгон хэрэгжүүлж ирсэн" талаар тодорхой ярьсан. Мөн Б.Ганхуягийн гэх хэрэгт холбогдуулан намайг нөхрийн хамт түүний найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллаж байсан олон хүнийг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс бөөнөөр нь хоморголон баривчилж Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газраас нэгд нэгэнгүй шалгаж эхлэхтэй зэрэгцэн нэр бүхий улстөрчдийн захиалгат хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сошиал сүлжээгээр зураг хөрөгтэй нь нүүрсний хулгайч хэмээн илт гүтгэн гутаан зарлаж, олон тооны эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч 2023 оны долдугаар сараас гэмт хэрэгт холбогдолгүй, гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэвч өнөөдрийг хүртэл иргэн хэнээс нь ч ямар ч уучлалт хүсээгүй, нэр төрийг нь сэргээх мэдэгдэл ч хийгээгүй байгаа нь Монгол Улсад хүний эрх ямар түвшинд байгааг харуулж байна.

 

 

Иймд цаашид дүүгийн маань амь бие, эрүүл мэндэд гэнэтийн болзошгүй эрсдэл, аюул учрах нөхцөл байдал, нийгмийн дунд “улс төрийн хэрэг” хэмээн нэрлэгдэх болсон нам бүлэглэлийн эрх ашигтай холбоотой байж болзошгүй тус хэргийн мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангаж, шударга шүүхээр шүүлгэх, хуульд заасан иргэний эрхээ эдлэхэд анхаарал хандуулж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсч байна.

 

 

Мөн Монгол Улсын Их хурлаас байгуулагдсан ажлын хэсгээс “Нүүрсний" гэх хэргийн нээлттэй сонсголыг нэн даруй яаралтай хийлгэж миний дүү Б.Ганхуягийг оролцуулан түүнийг хилсдүүлж хэлмэгдүүлж байгаа талаар. жинхэнэ нүүрсний хулгайн эздийг тогтоох, олон нийтэд зарлаж хуулийн байгууллагаар шалгуулах, хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн нэр хүндийг сэргээх ажлыг зохион байгуулж өгөхийг хүсье.

 

Хүндэтгэсэн, Монгол Улсын иргэн Баттулгын НАРАНТУЯА

 

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр