Өвөлтэй зэрэгцэн Нийслэл хотод яригддаг сэдвийн нэг нь УТАА. Сүүлийн жилүүдэд утаагүй болох зорилт тавьсан ч дорвитой салж чадахгүй байна. Шахмал түлшийг халж, коксыг нэвтрүүлвэл утаа бууруулж чадна гэх гаргалгааг эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард гаргав. Тэгвэл хагас кокс гэж юу вэ? энэ талаар хэн, хэн юу ярьсан байр суурийг нь энэ удаад хүргэе.

Эрчим хүчний сайд Чойжилсүрэн "Туршилтаар мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв, нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна.

Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм" хэмээн өнгөрөгч наймдугаар сард ярьж байлаа. 

Тэрбээр яг өнөөдрийн байдлаар, Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна. Тухайлбал дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг. Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байгаа. Нисэх, Яармаг нь Хан-Уул дүүргийн гэр хороолол, бусад гэр хорооллоос тасарчхаж байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна, хайран мөнгө гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй. Хотын утаа бол зөвхөн айл өрхөөс биш, ТЭЦ-ууд болон автомашинуудаас ялгарч байгаа. Мөн ердийн тоосжилт ч гэж байна. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна. Шууд гэрээ байгуулж, нууцад хамааруулахгүй. Тендер нь ил зарлагдсан байгаа" хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм. 

Тэгвэл хотын шинэхэн дарга Х.Нямбаатар хагас кокс агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадахгүй юм байна гэж эсрэг байр сууриа илэрхийлээд авав.

Тэрбээр, Би Налайх дүүрэгт байгаа сайжруулсан түлшний үйлдвэр дээр хагас коксыг дөрвөн төрлийн зууханд түлэх процессынг харж, Японы мэргэжлийн хэмжигч багажаар хэмжүүлсэн. Мэргэжлийн байгууллагуудын үзэж байгаагаар зарчмын ялгаа байхгүй гэдэг дүгнэлт өгч байна лээ. Мэргэжлийн байгууллагууд агаарын чанарт төдийлөн өөрчлөлт гарахгүй гэдэг дүгнэлт хийж байхад тийм хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг туршилтад үрэх шаардлагагүй гэж бодож байна.

Нөгөө талаас бид цаашид шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, иргэдийг орон сууц, амины орон сууцанд хамруулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн дахин төлөвлөлтийг эргэж харна.

Бид 2009 оноос хойш зуух, түлш, дулаалга, филтер, шүүлтүүр гээд их олон зүйлүүдийг шат дараатай хийсэн. Энэ бол асуудлын шийдэл биш. Цаашид гэр хорооллыг бүсчилсэн байдлаар бүхэлд нь түр орон сууцуудад шилжүүлэх, орон сууцжуулах бодлого руу явахаас өөр аргагүй гэдгийг л тооцоо судалгаатай танилцуулна. Би энэ онд багтаж гадны улс орнуудын сайн туршлагууд, манай өөрийн орны онцлог, жилийн дундаж температур, энерги алдагдал, бүх энерги үйлдвэрлэлийн өртөг гэх зэрэг бүх зүйлүүдийг мэргэжлийн байгууллагатай хамтарж ажиллана" гэсэн юм. 

"Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Ж.Золжаргал "Надад эрх байсансан бол 177 тэрбум төгрөгөөр Хятадаас хагас кокс буюу "жигнэж" тортогийг бууруулсан нүүрс авч ирж түлэхийн оронд нийтийн байна уу, хувийн байна уу хамаагүй 1000-2000 өрхийн утаа багатай дулаан сууцыг зээлээр шийдэх байсан.

Онолын хувьд утаа бага ялгаруулах ч масс хэрэглээнд үр дүн багатай. Багахан өөрчлөлтийг хэт өндөр үнээр хийхийн оронд мянга мянган байшинг дулаан болгоход зарцуулах нь дээр.  Утаа “багатай” нүүрсэн түлш нь утаагүй хийн түлшээс хамаагүй өндөр үнэтэй болов. Хямд учраас л нүүрс түлдэг, мөнгөтэй бол цэвэр хий шатаана. Гэтэл үнэ нь эсрэгээрээ болох нь. Хагас кокс дэгдэмхий бага, хатуу нүүрстөрөгч их тул ноцоохын тулд их мод, газ шаардана. Жаахан ойн нөөцөө улам ихээр шатаана.Хагас коксыг шатаахад агаар их хэрэгтэй ба зуух яндан тааруу үед угаарын хий ихээр ялгарна. Угаартах эрсдэл нэмэгдэнэ. Хамгийн харамсалтай нь энэ бол мэргэжилтнүүдийн биш намын шийдвэр. Намын дарга нар шийдвэр гаргаад, мэргэжилтнүүд тааруулсан дүгнэлт, зөвлөмж гаргах гэж будилж байх нь жинхэнэ эмгэнэл

Хагас коксжуулсан нүүрсэн түлшний өртөг баримжаалбал 1 тонн тутамд 1.5 сая төгрөг болох байх. Жил бүр утааны эсрэг мөнгөөрөө гэр хорооллыг барилгажуулаад байвал үр дүнд хүрнэ. Утааны эсрэг арга хэмжээг богино, дунд, урт хугацааны гэж ангилах буруу юм байна. Богино хугацааны шийдэл гэж байхгүй. "Утааны эсрэг" бүх мөнгөөрөө гэр хорооллыг барилгажуулж хашаандаа эсвэл нийтийн дулаан сууц барихыг дэмжмээр байна. 2018 онд хэлж байсан үгээ тоть шиг давтсаар л байна. Мэргэжлийн хүн бодлоо хэлэх нь улстөржиж байгаа хэрэг огт биш гэдгийг нэмж хэлье" хэмээн ярив.

Ийнхүү эрх бүхий хүмүүсийн байр суурь эсрэг, тэсрэг байгаа нь олон иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Нөгөөтэйгүүр, иргэд бид туршилтын туулай болж чадахгүй гэдгээ ч илэрхийлээд буй. 

 

- Хагас кокс гэж юу вэ? -

 

БНХАУ-д хагас кокс үйлдвэрлэдэг 300 гаруй үйлдвэр байдаг аж. Коксжуулах болон хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайн чанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийг өндөр температурт боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш, ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж иржээ.

Эдгээр үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх явцад бага хэмжээний шингэн бүтээгдэхүүн болон хий дагалдан үүсдэг. Давирхай нь өмхий үнэртэй, бор өнгийн нунжгай бодис бөгөөд органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, фенол, нафталин, антрацен, карбазол, хинолин, аналин, бензол зэрэг 270 гаруй химийн бодисыг гарган авах боломжтой.

Хүрэн нүүрс, занар зэрэг нь өндөр температурт коксжуулж сайн чанарын кокс гарган авахад тохиромжгүй бүхэллэг болон нүх сүвэрхэг чанар муутай байдаг. Ийм учраас түүнийг харьцангуй нам температурт хагас коксжуулж үндсэн бүтээгдэхүүнээр хагас кокс, шингэн давирхай гарган авдаг. Хагас коксжуулалтын дараа үлдсэн хатуу бүтээгдэхүүнийг хагас кокс буюу нүүрсжсэн хатуу үлдэгдэл гэж нэрлэдэг. Түүнийг брикетлэн утаагүй түлш үйлдвэрлэдэг.

Коксжуулалтын процессын үндсэн түүхий эдийг коксжих нүүрс гэж нэрлэдэг бөгөөд барьцалдах чадвараар сайн, төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэхэд тохиромжтой, урвалд орох идэвхи сайтай кокс үүсгэж чадах нүүрсний холимгийг коксжуулждаг. Тэр нь хүхэр, үнс, чийг багатай байх ёстой. Коксжуулалтыг коксын зууханд явуулах бөгөөд нүүрсний хольцыг урьдчилан нунтаглан шигшсэн байна.

Бэлтгэсэн холимогоор коксын зуухны улайсгасан тасалгааг дүүргэх бөгөөд нүүрсний дээр дэгдэмхий хэсгүүд чөлөөтэй байхаар зай үлдээдэг. Коксыг ширэм хайлуулахад, хар болон өнгөт металлын үйлдвэрт, ахуйд шууд шатаах замаар хэрэглэдэг. Кокс нь зуухыг дулаанаар хангахын хамт төмрийн хүдрийг ангижруулж өгдөг.

Коксын чанар найрлагаасаа ихээхэн хамаарна. Түүний чанарт нөлөөлөх чухал хэсэг нь түүн доторх хүхэр, үнс зэрэг болно. Ер нь кокс нь хүхэр, үнсийг маш бага агуулсан байх шаардлагатай. Иймээс үнс, хүхрийн агуулга бага нүүрсийг коксжуулалтанд ашигладаг. Кокс нь түлшинд хэрэглэгдэхээс гадна кальцийн карбид, унтраагаагүй шохой, хужир, нүүрсний хүчил зэрэг бодисуудыг үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг.

Коксын давирхай

Коксжуулалтын явцад ялгарах давирхай бол химийн үйлдвэрийн үндсэн чухал түүхий эд юм. Коксын давирхайг тусгай аппаратанд нэрж хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн гарган авна. Коксын давирхайн хөнгөн тосонд бензол, тоуол, ксилол, парафины нүүрс устөрөгчид, стирол, инден, нитробензол, тоифен, кумарон зэрэг байдаг. Хөнгөн тосны дотроос бензол голлох суурийг эзэлдэг. Бензолыг боловсруулан янз бүрийн уусгагчид, фото зургийн материал, капрон мяндас, каучук, фенол зэргийг гарган авч болно.

Коксын хий 

Коксжуулах процессын үед үүссэн хий нь янз бүрийн хийн холимгийг агуулсан байдаг. Коксын хий нь хамгийн сайн азотын бордоо болдог. Орчин үед коксын хийн 5,3 хувийг химийн үйлдвэрт, 91 хувийг үйлдвэрийн зуух, гэр ахуй, орон сууц халаахад ашиглаж, үлдсэн дөрвөн хувь нь агаарт хаягддаг юм байна.