Өнгөрсөн зургадугаар сард  “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт бусдыг автомашинаар дайрахыг завдсан үйлдэл гаргасан юм. 

Түүний гаргасан энэхүү үйлдэл нь тухайн үед олон нийтийн анхаарлын төвд орж, нийгэмд шуугиан тарьж байв. Харин өдгөө Л.Чинбатад холбогдох энэхүү хэргийг прокурор хянаж байгаа билээ. Уг асуудлаас үүдэж түүний охиныг олон нийт ажлаа өгөх ёстой гэлцэж байв. 

Тэгвэл Л.Чинбатын охин Ч.Номин Засгийн газрын гишүүн Соёлын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч зургадугаар сард  гаргаж байсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүний хувьд өөрөө дээрх үйлдлийг гаргаагүй, цаашлаад гарахад нь нөлөөлөөгүй ч аавынхаа холбогдсон асуудалд "ёс зүйн хариуцлага хүлээх" шийдвэрийг гаргаж, Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн аж. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хувь хүмүүсийн асуудал тусдаа" гээд Ч.Номингийн өргөдлийг хүлээж авахаас татгалзжээ.