Дэлхий нийтээр тэмдэглэдэг halloween-ий баяр удахгүй тохиох нь. Өнөө үед бол хүүхдийн хамгийн дуртай баяр нь hal­loween буюу бидний нэрлэж заншсанаар аймшгийн баяр болоод байна. Энэ баярын үеэр хүүхдүүд нүүрээ будаж зүсээ хувиргаад хөрш айлынхаа хаалгыг тогшиж чихэр цуглуулдаг. Энэ баяртаа хэдэн өдрийн өмнөөс бэлтгэж өмсөх хувцас, зүүх багаа бэлэн болгодог. Орчин үеийн эцэг, эхчүүд ч үүнд нь ач холбогдол өгч хэрэгцээтэй зүйлсийг нь бэлтгэж өгдөг болж. Баярын бэлтгэлээ сайтар базаасан хүүхдүүд нийлж хөрш айлынхаа хонхыг дарж чихэр авдаг. Хүүхэд байхад хөдөө суманд Цагаан сараар ангийнхантайгаа нийлж гудамжныхаа бүх айлаар хэсч тор дүүрэн чихэр цуглуулчхаад дэлхий даахгүй баян амьтан хөл газарт хүрэхгүй гэртээ харьдагтай ижил мэдрэмжийг өнөөгийн багачууд halloween-ий баяраар л авч байна. Хэнийх хэнд ямар чихэр өгсөн, үүнийгээ хэн хэнтэй хуваах талаараа найзуудтайгаа ярилцдаг тийм цайлган мэдрэмжийг өнөөдөр хүүхдүүд үндсэндээ halloween-ий баяраас л авч байгаа юм. Найзуудаараа нийлж танихгүй айлаар зочилж атга чихэр торлоод баярладаг баяр үндсэндээ halloween-ээс өөр алга.

Өнөөдөр суурин газрын Цагаан сар хуучны хэв маягаа алдсан. Бөөн ёс заншил, маяг төвөг болсон. Тиймээс төв газрын Цагаан сараар хүүхдийн сэтгэл хөөрөхөө болиод удаж байна. Түгжирч, түгжирч аавынхаа ч юм уу, ээжийнхээ ах дүү дээр очно. Түм түжигнэж бум бужигнасан олон дунд бага насны хүүхдийг тоож ач холбогдол өгдөг нь тун ховор. Дээгүүр томчууд шуугилдаж, зарим нь зуу татаж дуулалдана. Энэ бүхний хажуугаар хүүхэд уур савссан халуун гэрт уйдталаа суудаг. Ингээд сүүлд нь хүүхэд шинэлсэн айлаасаа ширхэг тоглоом юм уу эсвэл оймс аваад л харина. Ийм хэв маягийн Цагаан сараар орчин үеийн хүүхдүүд баярлаж хөөрөхөө больчихоод байгаа юм. Үеийнхэнтэйгээ нийлээд танихгүй айлаар хэсвэл бараг цагдаад баригдах, тавигдахдаа тулна.

Ийм учраас л хамтдаа айл хэсч чихэр цуглуулах завсраа хөгжилддөг halloween-ий баярыг хүүхдүүд хоног тоолж хүлээдэг хэрэг. Зүгээр ч нэг айл хэсэхгүй аймшгийн хувцас, будалтаар гангараад найзуудтайгаа нийлээд хэсэх бол яаж ч бодсон хөгжилтэй.

Яг ийм үед МАН-ын Засгийн газраас хүүхдүүдийг инээд хөөрт автуулдаг halloween-ий баярыг хорьчихсон. Энэ нь хуучин цагт Цагаан сарыг хориглож байсан коммунистуудын ааш аягийг шууд санагдуулж байна. Хүүхдүүд баярлаж айлуудын хаалга тогшиж чихэр аваад гарч байхад хорих ямар шаардлага байна вэ? Тэд баярлаж байгаа нь боловсролын сайдад яагаад таалагдахгүй байгааг гайхаад баршгүй.

Halloween-ий баяр нь эртний Кельт үндэстний уламжлал болсон Савин наадмаас үүсэлтэй. Энэ баярын өдөр амьд ертөнц ба сүнслэг ертөнцийн хоорондох зааг бүдгэрч, гаднаас сүнс амьдын ертөнцөд зочилж, мангасууд хүмүүсийн гэрт орж ирдэг гэж үздэг. Баяраа тэмдэглэхдээ тэд аль болох муу зүйлээс урьдчилан сэргийлэхийг эрэлхийлэн мангас, шулам, муу дагина нарыг хол байлгахын тулд тусгай ёслол үйлддэг байв. Хүмүүс домогт баатрууд болон газар доорх ертөнцийн тухай үлгэр домог ярьж, муу ёрын зүйлсээс сэргийлж, өөрсдийгөө тэдний дүрд хувиргаж, жинхэнэ мангас, шулмуудад хулгайлагдах, идэгдэхээс зайлсхийхийн тулд аймшигтай хувцасладаг байв. Манайхаар бол могой цайлах гэдэгтэй их төстэй зүйл гэсэн үг. Муу юмыг гэртээ урьж оруулснаар, түүний хүссэнийг өгсөнөөр муугийн хорлолоос гэтэллээ гэж үздэг дом юм. Христийн шашин эрчтэй дэлгэрч эхэлснээр, halloween-ий баярын үеэр тохиодог католик шашны зарим баяр нэмэгдэж, шашны болон паган шашны уламжлал холилдсон баяр болж, энэ нь католик шашин руу шилжих шилжилтийг дэмжсэн байдаг. Энэ өдрийн түүдэг, жагсаал, хувцаслалт зэрэг нь эртний Самхайн олон шинж чанарыг агуулдаг ч одоо

хүмүүс ихэвчлэн гэгээнтэн, сахиусан тэнгэр, чөтгөрийн хувцас өмсдөг болсон. Харин орчин үед хүүхдүүдийн тэмдэглэлт баяр болж хувирсан. Өнөөдөр дэлхий даяар аравдугаар сарын 31-нийг хүмүүс “аймшгийн” сэдэвтэй багт наадам болгон тэмдэглэж, бие биеэ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэдэг. Энд зарим улсын мэдэмхийрээд байгаа шиг муу муухай зүйлийг сурталчилсан зүйл нэгээхэн ч үгүй. Дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд баярлаж тэмдэглэдэг энгийн л үзэгдэл.

Боловсролын яамнаас энэ баярыг яаж ч хориглосон хүүхдүүд сургуулиас гадуур бараг бүгд тэмдэглэж байгаа. Айлууд ч үүнд нь дуртай. Хаалга тогшсон хүүхдийг баярлуулах чихрээ бэлдээд хүлээж байдаг болсон. Хөршийнхөө жаалд атга чихэр өгчихөөд сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд үддэг. Хүүхэд баярлуулсан хүмүүс ч сэтгэл хангалуун үлддэг. Тэр дундаа хүүхэд баярлуулсан хөгшдийн сэтгэл нь ч тэнийгээд л явчихдаг. Үнэндээ сэтгэл нь цагаахан нялх амьтдад чихэр атгуулдаг баярыг эсэргүүцэж сүр үзүүлж байгаа хүн Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас өөр алга. Баримт судалгаагүйгээр цахимд цэцэрхэж би төвөө тэжээдэг, ажил хийдэггүй хэдхэн нөхөр энэ баярыг эсэргүүцэж байж мэдэх юм. Тэдний нөлөөнд орж halloween-ийг хориглож байгаа нь технологийн эрин зуунд дэндүү бүдүүлэг харагдаж байна. Нүүрээ будаж зурагтаар хардаг баатрынхаа дүрд хувираад хөршийндөө орж атга чихэр авдаг энэ баярыг хориглосон, хориглоогүй тун удахгүй үндэсний баярын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэдэг болох байх. Тэр үед halloween-ийг хориглосон МАН-ын Засгийн газрын шийдвэр онигоо болж яригдах болов уу.

Нялх амьтдын нар нь гарч инээд хөөр цацардаг энэ баярын юуг нь тэгж их хориглоод байна вэ? Хүүхэд баярлуулна гэхээс л ухаан алдчих шахах юм. Энэ ажил нь цаагуураа үр хойчдоо хайр, энэрэлгүйг нь л харуулаадахлаа. Хүүхдэдээ хайртай хүмүүс дуртай зүйлд нь амиа тавьж зүтгэдэг. Үр хүүхдэдээ хамаг сайхныг ерөөж юу хүссэнийг нь гүйцэлдүүлэхийн төлөө юугаа ч харамладаггүй шүү дээ. Бяцхан зүрхэнд гэрэл түгээдэг баярыг нь хааж, хүүхдийг гомдоохоо больё. Энэ шийдвэрээ эргэж харъя. Хэдэн хүүхдэд атга чихэр өгч баярлуулснаараа улс нийгэм сүйрчихгүй байх. Харин ч буян болдог гэж манай шашинд үздэг биш бил үү.

 

Эх сурвалж: Өдрийн сонин