УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарыг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өнгөрсөн шөнө (2023.10.31-нээс 2023.11.01-нд шилжих) ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатууллаа.

"Ногоон автобус"-ны дуулианаас үүдэлтэйгээр нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн хөрөнгө оруулалт, парк шинэчлэл, автобус компаниудад олгодог татаас, ухаалаг төлбөрийн систем зэрэг төсвөөс, татвар төлөгчдийн халааснаас мөнгө зарцуулсан олон зүйлийг АТГ-т шалгаж эхэлсэн юм. Үүний хүрээнд Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй "Улаанбаатар капитал санхүүгийн групп" ХХК-ийн хөрөнгө оруулалттай "Сити бааз консалтинг" компанийн нийслэлийн нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр төдийлөн үр дүнтэй бус гэж дүгнэж байсан ч төсвөөс их хэмжээгээр мөнгө авдаг нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гол үндэслэл болжээ.

"Сити бааз консалтинг" ХХК-ийн гэрээгээр хүлээсэн нэг үүрэг нь нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурсаар байсан юм. Тухайлбал, 2017 онд буюу тус компани байгуулагдаж нийслэлийн НТГ-тай гэрээ байгуулах үед нийслэлийн нийтийн тээврийн салбарын орлого 50 тэрбум байж. Үүнээс хойш тогтмол буурч 2018 онд 43, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж багассан байдаг. Ийм байхад нийслэлийн төсвөөс гардаг мөнгөн дүн нэмэгдсээр байж. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өссөн байв. Энэ мэтээр “Сити баз консалтинг” компани 2017 оноос 2021 оны хооронд 17.1 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс авч байж. Өөрөөр хэлбэл, жил бүр 3-4 тэрбум төгрөг авч байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хэрэгт шалгах гол үндэслэл болжээ.

Ташрамд дурдахад, "Сити бааз консалтинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Батбаярын Сэлэнгэ гэх нэгэн. УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярын хамаарал бүхий хүн аж.