“Зариг.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй ярилцлаа.


-Шүүхэд нөлөөлсөн, мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан, нүүрс зөөсөн, тэрбумаар яригдах хөрөнгөтэй гээд өөртэй чинь холбоотой сэдвүүд олны анхааралд байна. Сэтгүүлч шүүхэд нөлөөлөх гэлээ гэдэг гомдол их сонин юм. ШЕЗ ямар гомдол гаргасан юм бэ?

-ШЕЗ-өөс өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад холбогдуулан Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар гомдол гаргасан байна. Эхнийх нь Эрүүгийн хуулийн 21.6 буюу шүүхэд нөлөөлсөн, хоёрт нь шүүхийн нэр төрд халдсан буюу Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн хоёр зүйл ангиар холбогдуулж гомдол гаргасан байна.

Үүнийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Эрүүгийн хуулийн 13.14-т заасан зүйл ангиар буруутгасан хэрэг дээр намайг яллагдагчаар татах тогтоолыг энэ сарын 23-ны өдөр гаргасан байна.

-Шүүхэд нөлөөлсөн гэдэг нь..?

-Шүүхэд нөлөөлөөгүй байна гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Харин шүүхийн нэр төрд халдсан байна гэж үзсэн байна. Илт худлаа мэдээлэл цацах юм бол Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл ангиар буруутгагддаг. Миний хувьд нэг ч цэг, таслал, өгүүлбэрийг илт худлаа мэдээлээгүй. Шүүх хурлын процессыг гаднаас нь ажиглаж мэдээлсэн. Шүүх хурлын танхимд орж шүүх хуралд нөлөөлөх ямар нэгэн тийм үйлдэл хийгээгүй.

Үндсэндээ фэйсбүүкийн дөрвөн постоор маань буруутгасан байна. “Найман ишиг бол хулгай биш”, “Найман ишиг мал нийлсэн асуудал”, “Найман ишиг зараад мөнгө угаасан хэргээр 80 настай эмээг цус харватал шүүж байгаа шүүх ичээч ээ”, “Шүүх хурал 10:00 цагаас хойш долоон цагийн турш тасралтгүй үргэлжиллээ, болиоч ээ, засварлаач ээ, хүнлэг байгаач ээ” гэдэг утгатай дөрвөн пост бичсэн. Эдгээр постоор шүүхийн нэр төрд халдсан, илт худал мэдээлэл тараасан гэж намайг прокурорын зүгээс буруутгаж яллагдагчаар татсан байна.

-Төв талбайд суулт зарласан. Н.Өнөрцэцэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэж буруутгах хандлага ч харагдлаа. Цагдаа ч тиймэрхүү мэдэгдэл хийчих шиг болно лээ?

-Сэтгүүлч хүн бусдаас илүү, давуу эрхтэй. Сэтгүүлч хүнд хууль өөрөөр үйлчлэх ёстой гэсэн агуулгыг миний хувьд огт хөндөөгүй. Сэтгүүлчийн эсрэг ШЕЗ гомдол гаргаж болно. Бид түүнийх нь дагуу шалгуулах үүрэгтэй. Энэ дагуу явахад надад асуудал, айдас алга. Гэхдээ намайг энэ хэрэг дээр өмнө нь нэг ч удаа гэрчээр дуудаагүй. Сэжигтнээр татаагүй, мэдүүлэг аваагүй, миний оролцоог хангаагүй хэрнээ шууд яллагдагчаар татсанд би гайхсан. Энэ бол хууль бус үйлдэл. Хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой. Гэтэл хуулийн дагуу тэмцэхэд яг үнэндээ хүчин мөхөсдөж байна. Нэг нам олонхоороо засаглаж байна. Энэ намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн уур, дургүйг хүргэвэл шууд махны машинд нь хэрчүүлэх шинжтэй байгаа учраас би олон нийтээс дэмжлэг хүссэн. Төв талбай дээр суулт зарласан. Амжилттай болсон. Би олон нийтийн чихэнд “Яллагдагч боллоо шүү, та нарын мэдэх эрх аюулд орлоо шүү” гэдгийг маш чангаар хэлж, ойлгуулж чадсандаа талархалтай байгаа. Миний зорилго энэ л байсан.

-Мэдүүлгээ өгөв үү?

-Өнөөдөр (өчигдөр) яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцлаа. Яллагдагчаар татагдсан тогтоолыг эсэргүүцэж өргөдөл гаргалаа. Дээр нь дарга нарын заавраар махны машин ажиллуулж байгаа хууль хяналтын байгууллагын тухайн албан тушаалтнууд, мөрдөгчдөд хариуцлага тооцуулах асуудлыг дээд шатны байгууллагад нь хандлаа. Харамсалтай нь цагдаа цагдаагаа шалгаад буруутайг нь тогтоох нь юу л бол. Гэхдээ яах вэ, горьдлогын мөр гэдэг шиг гомдол гаргаад л үзье. Ер нь хууль дүрмийн дагуу явдаг улсад хууль дүрмийн дагуу шалгуулахад надад айдас алга. Гэхдээ үүн дээр яалт ч үгүй “Н.Өнөрцэцэгийг дуугүй болгоё. Сонгууль ч дөхөж байна, ер нь сэтгүүлчдийн амыг барья” гэдэг айдсыг надаар дамжуулж өгье гэж эрх баригчид улайраад байгаад санаа зовж байна.

-Сар гаруйн өмнө Дорноговь аймагт 13 настай охин амиа алдсан хэргийн мөрөөр өөрийг чинь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэж нэлээд буруутгасан. Сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбогдох субьект биш гэдгийг манай сонин ч хөндөж ирсэн. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд сэтгүүлч нууц далд баримт олдог, түүнийгээ мэдээлдэг. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа хариуд хариуцлага хүлээнэ гэдэг байж болохгүй зүйл. Гэтэл Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сэтгүүлчийг хамруулж ойлгож байх шиг байна…?

-Нам бол хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, ардчилсан зарчим бүгдийг булшилж байна. Хамгийн ноцтой нь өнөөдөр намайг шүүхийн нэр төрд халдлаа гэж яллагдагчаар татаж байгаа бол маргааш мөрдөн байцаалтын нууц задруулсан гэдгээр хэрэг нэмэгдэх юм байна. Ер нь хүчтэй дуугардаг, эрэн сурвалжлах сэтгүүлчийн ирээдүй бол шорон болчихсон юм байна. Заавал хоригдож байж сална. Ийм л эрх зүйн орчинд бид ажиллаж байна. Энэ бол цаашид маш их урхагтай. Хэн шоронд орохыг хүсэх юм. Мөрөөрөө, хэдэн дарга нарын үгийг дамжуулаад, худлааг нь мэдсэн ч дуугүй өнгөрөөд явах жишгийг өнөөдрийн Засгийн газар, эрх мэдэлтнүүд тогтоочихож байна.

Бид өнгөн дээрээ ардчилсан, чөлөөт нийгэм гэж ярьж байгаа боловч үнэндээ коммунист нийгэм аль хэдийнэ байгуулчихсан юм байна. Үүнд нь сөрөг хүчин нь, зарим хэвлэл нь ч уусаад орчихсон. Нийгмийн тод дуу хоолой байхгүй болчихлоо.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хариуцах субьектууд гэж бий. Хариуцлага хүлээх бол тэд л хүлээх ёстой байх аа?

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах юм бол ийм, ийм хариуцлага хүлээнэ гээд мөрдөгч, өмгөөлөгч зэрэг хүмүүс гарын үсэг зурдаг. Тэр хүмүүст хамаарах заалт байсан. Тэр хүмүүс нууцаа задлахгүй байхад болох байсан. Гэтэл савнаасаа халиад, нээнтэглээд янз бүрийн асуудлыг хольж хутгаж байна. Нэг ёсондоо технологи юм байна. Хэлэх ч үг алга. Ийм технологиор иргэдийг хооронд нь зодолдуулж байгаад дундаас нь эрх баригчид хожих хожил л харагдаж байна шүү дээ.

Мөрдөн байцаалтын нууц задалсан “хүн” гэдэгт сэтгүүлч орно. Нэг даргын энд, тэндээс зээл авсан, авлига авсан, тендер авсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад эхлэхээр хамгаалалтанд орчихож байгаа юм. Наад хэргийг чинь шалгаж байгаа, мөрдөн байцаалтын нууц гээд бичиж болохгүй болох нь. Ингээд тэр хэргийн хувь заяа ханцуй дотроо наймаалцах уу, хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах, замхардаг ч юм уу ийм л зүйл рүү орчихлоо.

-Б.Энхбаяр сайдын мэдэгдэл олон нийтийг цочоолоо. Төрийн ордноос “Сэтгүүлч хүртэл нүүрс зөөдөг” гэж өөрийн чинь нэрийг зарлав. Би буруу санаагүй бол 2020 оны сонгуулиар шударга ганц хүнийг дэмжинэ гээд сэтгүүлч М.Батбилэг, Ч.Лодойсамбуу та гурав Б.Энхбаярыг нэрлэж байсан санагдана. Гэтэл өнөөдөр яагаад ийм өс хонзонтой юм шиг байдалд хүрчихэв?

-Б.Энхбаяр сайдыг тухайн үед мундаг хуульч юм байна, монголчуудад тийм хүн хэрэгтэй. Юм уншиж судалдаг юм байна, зарчимтай юм байна, залуу хүн байна гээд дэмжиж байсан. Сонгуулиар нь нэг ч төгрөг авахгүй дэмжиж ажилласан. Түүнийг Б.Энхбаяр сайдын хэвлэлийн хүмүүс мэднэ. Өөрөө ч баярлалаа, талархлаа гэж байсан.

Гэтэл Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдсөн. Үүнд Б.Энхбаяр сайдын нэр холбогдоод гараад ирсэн. Яалт ч үгүй БЗС-гаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 100 гаруй сая төгрөг авсан байдаг. Гэвч Хойд Виржиниягийн сургуульдаа сураагүй, диплом нь ч байхгүй. Энэ асуудлыг хөндөнгүүт Б.Энхбаяр сандраад зээлээ төлсөн. Төлөнгүүтээ араас нь өс хонзон санаж эхэлсэн. Ер нь бид БЗС-гийн асуудлыг ганц Б.Энхбаярт зориулж шүүмжлээгүй. Ард иргэдийн хүүхдүүдэд ийм боломж олдохгүй байна, дарга нарын хүүхдүүд зээл авчихаад байна гээд хөндсөн. Өнөөдөр үр дүнд хүрчихсэн л байгаа. Зарим УИХ-ын гишүүд буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад төлчихсөн. Алдаа хийсэн байна, түүнийгээ хүлээн зөвшөөрлөө, хуулийн байгууллага нь шалгаад улс орныхоо төлөө явах ёстой.

Гэтэл Б.Энхбаяр сайд энэ асуудалдаа өсөрхөж, маш том намын аппаратыг бүлэглэлийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын гишүүний суудлыг ашиглаад, сайдын эрх мэдлийг аваад нэг сэтгүүлчид бяраа харуулж байна. Миний бүх зүйлийг ухаж төнхөж байгаа юм шиг байна. Надтай холбогдолтой, миний ах дүү хамаатан садан бүгдийнх нь байр орон сууц, сүүлдээ зарж үрсэн машиныг жагсаагаад сошиалд тавьж байна.

Үүн дээр би нэг зүйлд талархаж байгаа. Яг үнэндээ олон нийт эгдүүцэж байна. Та нар өчнөөн олон хулгайчуудаа яаж ч чадахгүй байж нэг сэтгүүлчийг ухаж байна. Сэтгүүлч хөрөнгөтэй байж боллдоггүй юм уу гэх мэт ханлдлага байна. Тэр эффектийг Засгийн газар харж байгаа байх.

-Сэтгүүлч хөрөнгөтэй, чинээлэг байх нь манай эрх баригчдад таатай зүйл биш. Үүнийгээ л ил тод зарлачих шиг боллоо. Сэтгүүлчид төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий хүмүүс биш шүү дээ?

-Б.Энхбаяр сайдыг миний нэрийг зарлахад би гайхсан. Би төрд нэг ч өдөр ажиллаж байгаагүй. Төрөөс нэг ч тендер авч үзээгүй. Төртэй холбоотой ямар ч ажил хийж үзээгүй байхад шууд дуудаад зарлаад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн.

Олон жил явчихсан ойлголт, систем байна л даа. Улстөрчид 50, 100 цаасны сэтгүүлч гэж дооглодог, шоолдог. “Наадуулдаа хэдэн цаас өгчихөөч, тэгвэл дуугүй болно ш дээ” гэж биднийг басамжилдаг. Тэр хандлагаараа олон жил яваад ирчихсэн. Ний нуугүй хэлэхэд бид нарт ч гэсэн алдаа байгаа. Салбар маань жижиг, сэтгүүлчид олуулаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл удаан оршин тогтнох хэцүү. Улстөрч голдуу эзэдтэй хэвлэлүүд дийлэнх. Гэхдээ зөвхөн сэтгүүл зүй гэлтгүй бүхий л салбарт асуудал бий. Нэг зүйл тодорхой байна. Эрх баригчдын арга бий. Эхлээд уулзъя, хоол унд идье, ингэж дэмжиж ажиллаач гэдэг. Мэдээж тэр болгоныг дэмжээд байх боломжгүй. Сэтгүүл зүй гэдэг тусдаа үүрэгтэй засаглал. Ингээд болохгүй болохоор сэтгүүлчийг сошиалаар харлуулдаг. Гурав дахь технологи нь хууль хяналтын байгууллага юм байна. Миний хувьд эхний хоёр даваагаа давчихсан байсан юм байна. Гурав дахь дээрээ олон асуудлууд ар араасаа гарч ирэх төлөвтэй. Энэ удаагийн яллагдагч бол анхных биш бололтой. Цаашлаад үргэлжлээд явах юм шиг байна. Төр түмэн нүдтэй гэдэг шиг олон нийт энэ асуудлыг харж байгаа байх. Энэ бүх процессыг олон нийтийн нүдэн дээр нээлттэй явуулахыг шаардана. Н.Өнөрцэцэгийг яагаад буруутгаад байгааг нээлттэй байлгахыг би хүснэ дээ.

Сэтгүүлч улс төрөөс өөрөөр бизнес хийх хэрэгтэй. “Нарантуул” дээр худалдаа наймаа хийсэн ч болно. Оймс бээлий зарж болно. Гадаа гудамжинд аарц ч чанаад явж болно. Яаж ийж байгаад өөр орлогын эх үүсвэртэй байх хэрэгтэй. Түүнийг л эрэлхийлэх ёстой. Харин ч тийм байж сэтгүүл зүй хүчирхэгжинэ. Сэтгүүлч өөр бизнес хийж байна гэвэл харин баярлах хэрэгтэй. Яагаад бид улстөрчдийг харж, цалингаа харж амьдрах ёстой гэж. Хараат бус санхүүжилттэй байж илүү чанартай мэдээлэл бэлтгэдэг болно. Тиймээс би өөр ямар боломж байна гэж санаархдаг. Нийгэмд өнөөдөр хүмүүсийн цалин амьдралд нь хүрэлцдэг бил үү. Ямар нэгэн байдлаар орлогын өөр арга замыг эрэлхийлэхээс өөр аргагүй. Би ганцаараа биш, миний ард үр хүүхэд, хань ижил маань байна. Байрны өр зээл байна. Дээр нь 20 гаруй хүний амьдралыг авч явж байна. Яаж ийж байгаад өөр бизнес хийх шаардлагууд гарч ирж байгаа юм.

-Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрс ил болсон. АН-ын хэсэг хүмүүс, дээр нь өөрийн чинь нэр л байх шиг байна. Нүүрсний хэрэг замхрах нь гэсэн шүүмжлэл өрнөж эхэллээ?

-Өмнө нь завхруулж байсан жишээ олон. ЖДҮХС дээр парламентын тал нь зээл авчихсан байсан. Солтан гишүүн л ял авсан, гэхдээ Ерөнхийлөгч өршөөсөн. 60 тэрбум дээр хариуцлага тооцоогүй. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогсод нийтээрээ гэм буруугүйд тооцогдсон. Нүүрсний хэрэг энэ замаар явж байна. Намдаа нөлөөгүй, эсвэл эсрэг намын, эсвэл толгойгоороо явж байсан бизнес эрхлэгчийг барьж хориод киног дуусгаж байна. Уг нь нүүрсний хэргээр хамгийн түрүүнд шалгагдах хүмүүс бол тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, оффтейк гэрээ байгуулсан Голомт банкны захирал Д.Баясгалан нар ш дээ.

Энэ хүмүүс нүүрсний сонсголд ирж 11 оффтейк гэрээг яагаад нууцалсан, тэр гэрээний үнийн дүн яагаад доогуур байсан, яагаад өөр компанитай хийж болоогүй юм гэдэг асуултандаа хариулах ёстой юм. Дээр нь нүүрсний хэрэгт холбоотой гээд МАН-ын 13 гишүүн зарлагдсан. Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн нарын хэрэг хаачив. Энэ хүмүүсийг дуудах ёстой. Гэтэл улс төрийн үзэмжээр, өөрсдийнхөө дургүй хүмүүсийг нүүрсний хэрэгт, ногоон автобусны хэрэгт татаж байгаа нь аймшигтай. Нүүрсний хэрэгт хэн ч ял авахгүй. Яг ЖДҮХС шиг дуусна. Боловсролын зээлийн сангийн хэрэг шалгагдаж эхлээд хагас жил болчихлоо. Нэг ч хүнийг яллагдагчаар татсан зүйл алга. Гэтэл ганцхан сарын дотор намайг яллагдагч болгож байна. Энэ хоёрыг жинлэхэд хэнийх нь хор уршиг их байх вэ, хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулав гээд харахад харамсалтай. Тиймээс Монголд дуугүйхэн сууж байвал дээр. Дуугарвал шоронд орох ирээдүй сэтгүүлчид болон олон нийтийн дунд идэвхитэй байдаг, шударга ёсыг эрхэмлэдэг хүмүүсийн өмнө ирчихсэн юм байна.

-Өмнөх Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг өөртэй чинь холбож ярьж, бичдэг байсан. Өрөөндөө дуудаж байгаад мэдээлэл өгдөг гэж ирээд…?

-Х.Нямбаатар сайдын үед өөрийг нь шүүмжилж л байсан. ЖДҮХС-гийн асуудлыг хөндөж байсан. Гэхдээ над руу өширхөөд шүүхэд өгөөгүй. Төрийн ордноос хулгайч гэж зарлаж байгаагүй. Х.Нямбаатар сайдыг сэтгүүлчид маш их шүүмжилдэг. Тэр хүн Б.Энхбаяр сайд шиг сэтгүүлчид рүү ноцож байсныг мэдэхгүй юм. Миний хувьд Х.Нямбаатар сайдын ойр тойрны хамааралтай, хөрөнгө нэгтэй, ашиг сонирхол нэгтэй зүйл байхгүй. Яг үнэндээ Х.Нямбаатар сайдыг өрөвддөг. Юм л бол надтай холбоод, маш их гал дундуур туучсан байх. Сэтгүүлчид нь үзэхгүй, Өнөрөөдөө мэдээ өглөө гэнэ. Улстөрчид нь ч тэр, манай дээр мэдээлэл гарахаар Х.Нямбаатар сайдтай хардаад л. Тэр хүн маш их хэлмэгдсэн байх гэж боддог. Ашгүй Засгийн газраас холдож, хот руу явлаа.

-Өөрийн чинь зарим байр суурийг сонсохоор, бас бусад сэтгүүлчдийн хэлж ярьж буйг харахад сэтгүүлчид хоорондоо жийлцэж харагддаг. Сэтгүүлчид дотроо муудалцах нь хэнд ашигтай байх нь ойлгомжтой. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Би үүнийг маш их боддог. Онцын шаардлагагүй үед маргаад байдаггүй. Ямар нэгэн байдлаар би тэр хүмүүс рүү эхэлж довтолдоггүй. Хорхой хүртэл биендээ хүрэхээр атирна гэгчээр тэндээс Ч.Лодойсамбуу үгээр зодоод л, Б.Отгон эгч намайг элдвээр бичээд л эхэлдэг. Заримд нь би тэр чигт нь орхичихдог. Заримдаа найз нөхөд эгч дүү байсан хүмүүс элдэвлээд эхлэхээр гомдоод муудчихдаг. Мэдээж аль болох муудахгүй байхыг хичээдэг. Гэхдээ надад алдаа байдаг байх. Заримдаа тэсдэггүй. Би нэг зарчим барьдаг. Сэтгүүлч мэдээ материал гаргадаг. Түүнийг огт няцаадаггүй. Нэг гишүүнийг нэг сэтгүүлч бичлээ гэхэд нөгөө тал нь тайлбар өгье гэхэд бид хүлээж авдаггүй. Хамгийн сүүлд “Эргэлт”-ийнхэн Д.Амарбаясгалан даргын талаар бичээд байсан. Д.Амарбаясгалан даргын тал мэдэгдэл манайд гаргахаар хандахад хүлээж аваагүй. С.Будрагчаагийн нэвтрүүлэгт орсон хүний эсрэг нөгөө талынх нь хүн над руу хандах ч үе гарна. Би хүлээж авдаггүй. Сэтгүүлчийн хийсэн ажлыг няцаахыг хүсдэггүй. Бид дарга нартай нийлж сэтгүүлчээ зодох ёсгүй гэсэн зарчим барьж ажилладаг. Ер нь би бүгдээрээ эвтэй найртай байж Монголд ажиллах орчин бүрдэнэ. Бид салж яваад байвал өнөөдөр би яллагдагч болоод шоронд ороход маргааш өөр нэг сэтгүүлч орно. Нэгнийгээ яллагдагч болчихлоо гэж алга таших биш над дээр энэ ээлж ирнэ гэж асуудалд хандаарай гэж бусдадаа хэлмээр байна.

Олон нийт бол асар их дэмжлэг. Би үүнд маш их баярлаж байгаа. Олон нийтийн дэмжлэг авсан хэвлэл олон байх юм бол Монгол Улс аяндаа тэгшрээд ирэх юм байна гэж хардаг. Монголд мөнгөтэй хүмүүс хуулиас айхгүй байна. Цагдаа, прокурор, шүүхээс ч тэр. Юунаас айж байна вэ гэхээр олон нийтийн хяналтаас айдаг. Түүнийг хэдэн сэтгүүлчид л сайн муу хэлүүлээд олон нийтийн хяналтыг тогтоох гээд явж байна.

-Дарамт ирж байна уу?

-Аймшигтай их. Хүмүүс өөр дээр нь ирэхээр л ойлгоно. Нэг хүн фэйсбүүкийнх нь коммент дор “Чи тийм” гээд доромжилчиход өдөржин эмзэглэдэг дээ. Тийм коммент над руу зохион байгуулалттайгаар маш олон ирж байна. Хүүхдүүддээ маш их санаа зовж байна. Хууль хяналтын байгууллагын ар араасаа өрдсөн дарамтууд их байна. Хэрэг хийчихсэн юм шиг овог нэр, өмнө нь ял эдэлж байсан эсэх гээд л мэдүүлэг өгөх амаргүй. Цаг хугацааны л асуудал байх. Тэсээд гарна даа.

Б.ЭНХЗАЯА