Автомашины нүүрсэн янданг худалдаалдаг асуудлын талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа нийт Приус загварын машиныг 100 хувь гэж үзэхэд 50-60 хувь нь хорт утаа ялгаруулалтыг шүүдэг нүүрсэн яндангаа худалдчихсан. Эдгээр нь урагшаа Хятад улс руу гардаг.

Бидэнд байгаа мэдээллээр жолооч нар 300,000 төгрөгөөр зардаг. Худалдаж авсан хүмүүс Замын-Үүд дээр 1,000,000 төгрөгөөс доошгүй үнээр гаргадаг гэх мэдээлэл бий. Бүр Замын-Үүдийн гааль дээр бөөнөөрөө хураагдсан асуудал байгаа.

Нүүрсэн яндангүй машинууд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцвол агаарын бохирдол яг хэвээрээ л байна. Ийм учраас дараагийн хурлаа Агаарын бохирдлыг бууруулах хороотой хамтарч зохион байгуулна.

Энэ мэтчилэн асуудалд иргэдийн хөндлөнгийн хяналт тавиулах зорилгоор Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дэргэд олон нийтийн хяналтын зөвлөл байгуулж байгаа" хэмээв.