МоАХ-ны анхны мэдэгдэл цахим ертөнцөд дуулиан тарьж байна. Учир нь ардчилал эрх чөлөөг тунхаглаж гарсан МоАХ-ны анхны цуглаанд орсон хүмүүс АН-ыг байгуулсан өнөөгийн лидерүүд билээ.

Тэд эрх мэдэлд хүрэхийн тулд тухайн үеийн засгийн бүх удирдлагуудыг огцруулж, эдийн засгаа их өр зээлэнд унагахгүй байх, эрх ямбааа хэтрүүлсэн албан тушаалтнуудыг ард түмний онц зөвлөлөөр шүүж яллах, газрын баялагийг ашиглах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлдэг журамыг тогтоох гэсэн 4 зүйл шаардлагыг 1990 онд тавьж байжээ. Харамсалтай нь ардчилагчид эрх мэдэлд хүрсэн хойноо ард түмний өр зээлийг хэмжээ хязгааргүй нэмэх, газар нутгийг ашиглаад зогсохгүй дархан цаазат газар, тусгай хамгаалалттай нутаг, хилийн зурвасын ашигт малтмалыг хүртэл ховх сорох хуулийн төслийг оруулж ирчихээд байна. Тиймээс олон түмэн ардчилагчидыг 24 жилийн өмнө юу ярьж гарч ирсэнээ эргэж санаач, анхны шаардлагынхаа эсрэг явж байна гэх мэтээр ихээхэн шүүмжилж эхэлжээ. Ингээд ардчилсан намынхны 1990 анхны шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

МоАХ-ны Анхдугаар                                                                                                     МоАХ-ны Анхдугаар их

 
Их хурлаар батлав хурлын шийдвэрийн 
                                                                                                                                   наймдугаар хавсралт
 
 
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ
ХУРЛААС БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРАЛ, МАХН-ЫН
ТӨВ ХОРООНД ӨРГӨН БАРИХ БИЧИГ
Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд цуст мөрөө үлдээсэн Сталинизмын бурангуй үзлийн нөлөө, түүнийг шитэн бишрэгчид, аялдан дагалдагчдын муйхар бодлого, үйл ажиллагааны хар гайгаар Монгол орны нийгэм эдийн засаг, улс төр, оюун санаа, ёс суртахууны гүн гүнзгий хямралд орсныг МоАХ анхнаасаа ил тод мэдэгдсэн билээ. 

Дэлхий дахинаа өрнөж буй ардчилал, өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр эрх баригч намын Төв Хорооноос манай оронд өөрчлөн байгуулалтыг зарласан боловч түүнийг хувьсгал гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өнгөцхөн өөрчлөлт хийх хязгаарлагдмал бодлого явуулж байгаа нь жинхэнэ хувьсгалт өөрчлөн байгуулалтын мөн чанар болсон нийгэ эдийн засгийн бодлого, улстөрийн системийн үндсэн эргэлтийг хэрэгжүүлэхгүй гэдэг нь тодорхой болж ард түмний итгэл найдварыг алдрууллаа. 

Монголын ард түмнийг Сталинч, Цэдэнбалч дарангуйлалд барьж, улс орон, ард түмнээ эдийн доройтолд оруулж хэлмэгдүүлэн хохироогчид, тэдний гар хөл бологсод, залгамжлагчид, өнөөдөр үхширсэн бодлого, арга барилаараа засаг төрийн эрхийг агдлан атгасаар өөрчлөн байгуулалтыг удирдах байтугай, түүний агуулга, сүр жавхааг гутаан завхруулж байна. 

Улс орныг харийн гүрний хараат байдалд оруулан, туйлдан доройтуулж, Монголын ард түмний дархан өмч – байгалийн баялгийг хайр гамгүй цөлбөж, бүрэлгэн сүйтгэх бодлогоосоо салах арга ухаанаа ололгүй мунгинан, харин ч хуучин бодлогоо шатлан өргөжүүлснээр, учруулсан хохиролоо нуун дарагдуулахыг санаархан байгаа нь Монголын ард түмний жигшил зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж буй явуургүй бодлого мөн. 

МоАХ-ны анхдугаар Их хурлаас:


1. Эрх баригч Намын Төв Хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадахгүйгээ нэгэнт харуулсан Сайд нарын Зөвлөлийг огцруулж, Ардын Их Хурлыг тараах,

2. Засаг төрийн бүх эрхийг гартаа авч ард түмний эрх ашигт харш бодлогоо муйхраар үргэлжлүүлэн, хувьсгалт өөрчлөн байгуулалтыг хазаарлан барьж байгаа өнөөгийн Намын Төв Хороог огцруулж хэмжээлшгүй эрх мэдлийг нь халах,  

3. Засгийн бүх эрхийг гартаа авч, улмаар улс орны хувь заяагаар тоглон, хөдөлмөрчдийг ядуу зүдүү амьдралд байлган нийгмийн өмчийг сүйтгэж, эдийн засгаа их өрөнд унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард олноо золиосолсон этгээдүүдийн хэргийг ард түмний онц зөвлөлөөр шалган шүүж яллах,

4. Ард түмнээс нууж, тэдний дархан өмч болсон Монгол орны эд хөрөнгө, үнэт баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг таслан зогсоож, Мардайн ураны, Эрдэнэтийн зэсийн, Заамарын алтны, Асгатын мөнгөний уурхайнуудыг нэн даруй хааж, цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг бүрэн эрхт цорын ганц эзэн-нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоохыг тус тус шаардаж байна. 

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ТӨЛӨӨЛӨГЧИД

1990 оны 2 дугаар сарын 18-ны өдөр                           Улаанбаатар хот