Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, мөнгөн зээлийн /ломбард/ үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон. Уг шийдвэрийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

УИХ-аас манай улсын барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа тодорхой зохицуулалтгүй, салбарын нэгдсэн тоо баримт, бүртгэлгүй явж ирсэн нь өндөр хүү тогтоох, алданги торгууль давхардуулан тооцох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагавруудыг үүсгэж байна гэж үзсэн.

Үүнээс улбаалан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан. Хуулиар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах чиг үүргийг хүлээсэн.

Энэ дагуу Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөл мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон. Энэхүү зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоожээ.

Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үздэг аж.