Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-ын дарга асан З.Энхболд нарт өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноолоо.

Шүүх шийдвэрээ танилцуулсны дараа ЕТГ-ын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Би гэм буруугүй. Хаа байсан 2019 онд Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалыг намайг хатгаж гаргуулсан гэж үзэж байгаа юм байна. 

Давж заалдана. Би өнөөдөр шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-г Монголын ард түмэнд үлдээсний хариуг бүлэглэл авч байна. Б.Энх-Амгалан сайд яаман дээрээ ямар тушаал гаргаж, хэнд давуу эрх олгож байгаа би мэдэх боломжгүй. Сая л шүүх дээр танилцаж, утсаа солилцлоо. 

Хэн нэгэн сайд тушаал гаргахад өөр нэгнийг хатгагч гэж шийддэг нь арай дэндэж байна. Дараа дараагийн шүүх энэ алдаа засах байх гэж найдаж байна. 

"Эрдэнэс Тавантолгой"-г авах гээд бүтээгүй манай улстөрчид, монгол, хятад компаниуд бий. Тэдний гол зорилго бол намайг 2024 оны Улсын Их Хурал(УИХ)-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд таван жил улс төрд ажиллаж болохгүй гэх ял өгүүлж байна. 

Шүүгч сая хэлэхдээ энэ хэрэг 2019 оны долдугаар сард үйлдэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хохирол байхгүй гэсэн. Гэхдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд таван жилийн ял өгч, яаж зүгээр байх вэ гээд 40 сая төгрөгийн торгууль тавьж байна. Аль алийг нь би зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байгаа. 

"Эрдэнэс Тавантолгойг"-г Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө өс хонзон авсан ялыг шүүх биш надад бүлэглэл оноож байгааг Монголын ард түмэн мэдэж аваарай.

2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хэрэг гэж гарахад зарласан хэргээр хоёр сар мөрдөн байцаагаад тэрийгээ нотолж чадахгүй хаасан. Лам олдохгүй буцахдаа зална гэгчээр Б.Энх-Амгалан сайдын 2019 оны тушаалыг гаргахад хатгаж хүргэсэн гэсэн. Би Б.Энх-Амгалан сайдыг хатгах нь байтугай таньж мэддэггүй. Хатгах гэдэг нь ядаж нэг удаа уулзах, утсаар ярих бодит үйлдэл хийхийг хэлдэг юм байна. Тэр бүрийг тогтоолгүйгээр бүлэглэлийн даалгавраар ял өгсөнд маш их харамсаж байгаа. 

Би "Страто" компанитай ямар ч хамааралгүйг прокурорын байгууллага тогтоосон хүчин төгөлдөр тогтоол нь бий. Тэр компанийг өөр хүмүүс үүсгэн байгуулсан, тэр компанид ажил хийж байсан хамаатан бол бий. Аль нэг компанид ямар нэг хамаатан нь ажилладаг бол тэр компанитай хамаатжуулж ялладаг анхны тохиолдол болж байна. 

"Страто" компанитай хамаатай гэдэг гүтгэлэг 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд "Эрдэнэс Тавантолгой"-г MCS, Шиньхуа хоёр өгөөгүйн төлөө зохиосон гүтгэлэг нь есөн жилийн дараа эрүүгийн ял болж хувирч байна" гэв.

Харин түүнээс сэтгүүлч "Цогтцэций-Чойр чиглэлийн 407 километр авто замыг улсын чанартай болгосон гэх асуудал шүүх дээр яригдаад байна. Энэ талаар та юу хэлэх вэ" гэж тодруулсан юм.

Ингэхэд ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Тэр шийдвэр одоо ч хүчинтэй байгаа юм билээ. Зөвхөн нүүрс биш бүх төрлийн зүйлс тээвэрлэж байгаа. Би шүүх хурал дээр ирж байж л Б.Энх-Амгалан сайд тийм тушаал гаргасныг мэдэж авсан. 

Өмнөговь, Улаанбаатарын засмал зам эвдэрснийг бүгд мэдэж байгаа. Тэнд хэдэн ч хүн авто ослоо амиа алдав. Иймд Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас шороон замаар нүүрсний машин явуулна гэж шийдсэн юм билээ. Түүнийг л нэг компанид зориулсан, ганцхан компанийн машин тэр замаар явна гэж сошиалаар баахан гүтгэсэн. Сошиалаар ял авсан анхны хүмүүс нь Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёр болчихлоо" гэв.

Түүнчлэн тэрбээр "Тавантолгой гэдэг энэ компаниас болж сүүлийн 24 жил тэмцэл явж байгаа. 2000 оноос эхлээд Тавантолгойг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийснийг хувьд өгөөд, түүнийг нь MCS худалдаж аваад, Энержи Ресурс гээд яваад байгаа шүү дээ. 

Тавантолгой гэдэг бол 1930-аад онд нээгдээд 1990 он гэхэд хайгуул нь дуусаад улсын өмчит компани, таван ширхэг толгойтой юм. Цанхи, Бортээг гэх мэтчилэн. Энэ таван толгойгоос хоёр нь алга болчхоод байгаа. Эхнийхийг нь С.Баярын үед MCS хууль зөрчиж авсан. Хоёрдахийг нь Д.Амарбаясгалан сайдын компани хууль зөрчөөд Бортээгийг авсан. Тавантолгойгоос алга болсон энэ хоёр ордын хэмжээ нь хоёр орчим тэрбум тонн. Нийтдээ 7.8 тэрбум тонн шүү дээ. Үүнийг 100 ам.доллароор үржүүлэхээр 780 тэрбум ам.доллар. Тэгэхээр 780 тэрбум ам.долларыг Монголын MCS, Хятадын Шиньхуа хоёрт үнэгүй өгөх гэж байсанд хорссон бүлэглэл энэ бүх гүтгэлгийг зохион байгуулсан. 

"Эрдэнэс Тавантолгой"-г өгөөгүй нь одоо болтол зөв гэж би боддог. Учир нь энэ компанийг мөнгөөр Монгол Улс амьдарч байна. Ердөө ганц компани улсад үлдсэний ачаар Улсын төсөв, хүмүүсийн цалин хөлс нэмэгдэж байгаа" гэв.

Бүлэглэл гэдгээ тэрбээр "MCS, Энержи Ресурс компани, Шиньхуа компани, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар нийлж байгаад "Эрдэнэс Тавантолгой"-г үнэгүй хувьчилж авахыг оролдсон. Есөн жилийн өмнөх үйл явдал. Энэ бүлэглэлийн өс хонзон явсаар байгаад есөн жилийн дараа шүүхийн тогтоол болж биежлээ" хэмээлээ.