ХЭҮК-оос хүний эрхийн анхаарал татсан асуудал, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар өнөөдөр /2024.03.21/ мэдээлэл хийлээ.

Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов "Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан цагаас хойш ХЭҮК-т хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн томилогдож, хүний эрхийн хамгаалагчийн шинэ механизм ажиллаж эхэлсэн. Дүгнэлт гаргах гол үйл явцыг хүний эрхийн хамгаалагчийн хорооны орон тооны бус гишүүд хэрэгжүүлдэг. ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллаж байгаад бөгөөд энэ бүрэлдэхүүнд Хуульчдын холбооноос нэг, Өмгөөлөгчдийн холбооноос нэг гишүүнийг томилсон. Мөн ашгийн бус иргэний нийгмийн байгууллагуудаас сонгон шалгаруулалтын үндсэн дээр дөрвөн гишүүн ажиллаж байна. Бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчийн үүрэг оновчтой бус байна.

Энэ жил бид иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүд болон байгаль орчны хамгаалагч, сэтгүүлч зэрэг субъектуудад судалгаа хийх бэлтгэл ажлыг хангаад байна.

Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ гэдгийг олон нийтэд сурталчлан таниулах шаардлагатай байна. Жишээлбэл, байгаль хамгаалагчид өөрийнхөө эрх хэмжээнд хэрэг бүртгэл явуулж байгаа нь хариуцсан ажлаа хийхэд хүндрэл учруулж байгааг анхаарах шаардлагатай.

Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн жишээг татъя. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангасан энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн хамгааалагч мөн байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзсэн.

Хоёрт, хүний эрхийн хамгаалагч үйл ажиллагаа явуулж байхад нь тухайн сэтгүүлчид хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүхэлд нь үндэслэлгүйгээр зогсоосон нь хүний эрхийн зөрчил байна гэж үзсэн. Шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад хувь хүний сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа нь Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж байна гэж үзсэн. Бас үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад төрийн өмчит байгууллагууд үйл ажиллагааг нь хаах, хөндлөнгөөс дур мэдэн оролцож, шаардлага тавих зорилготой хандаж байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн хүмүүсийн асуудлыг шүүхээр хэрхэн шийдвэрлэж, хэдэн хувь нь хэрэгсэхгүй болсон талаар судалгаа хийж, дүгнэсэн" хэмээн ярилаа.