Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ.  Мөн зарим шүүхийн Тамгын газрын даргын томилгоог хийжээ.

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан нь төрийн албанд 33 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсний дагуу төрийн албанаас чөлөөлөв.

Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болорыг Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүйг Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанааг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзийг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томилов.

Б.Өлзийг шилжүүлэн томилсонтой холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Н.Энхцэцэгийг тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn