Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүрийн түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг объеътод өнгөрсөн долоо хоногт /2024.04.08/ гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Талийгаачийг сүүлчийн замд нь өнөөдөр /2024.04.15/ үдлээ.

Тухайн галын дуудлагад Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг таван цаг гаруй хугацаанд ажиллаж бүрэн унтраасан. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван давхар /зоорийн хоёр давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Талийгаачийн ар гэр, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.