Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлдэг. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөний индексээр 100 орноос 84 дугаарт эрэмблэгдэж байна.

Энэ удаагийн илтгэлийг,

  • Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
  • Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал
  • Хүүхдийн эрхийн зарим асуудал
  • Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал
  • Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт
  • Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл гэсэн үндсэн 7 бүлгийн хүрээнд боловсруулжээ.

-Боловсролын үйлчилгээг тэгш, чанартай хүргэж чадахгүй байна-

Боловсрол нь хүний суурь эрх болохоос гадна энх тайвныг бий болгох, тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь учраас улс орны тэргүүлэх ач холбогдол бүхий чиглэл юм. Монгол Улс 2023 оны байдлаар хүний хөгжлийн индексээр 189 орноос 96 дугаар байр, боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт эрэмбэлэгдэж байна. Монгол Улсад 0-19 насны 1,3 сая орчим хүүхэд бүртгэгдсэнээс 1,2 сая орчим нь цэцэрлэг, сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд суралцаж байна.

Боловсролын багц хуулийн 2023 оны цогц шинэчлэлтээр хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйн зарчимд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болж байгааг онцолжээ. Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.

Боловсролын салбарын чанар, хүртээмж нийслэл болон орон нутаг, төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургуулиудад харилцан адилгүй байна. Малчин өрхийн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн болон сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүд өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид, хөдөлмөр эрхэлж байгаа хөвгүүд, сургууль завсардаж байгаа нь анхаарал хандуулах асуудал хэмээн онцолжээ.