"Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг эмийн сонсголын талаар өнөөдөр /2024.04.19/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ сонсголоор эмч, эмнэлгийн ажилтнуудын нэр хүнд их уналаа. Би сонсголыг бүтэн үзсэн. Манай ээж хараа муутай. Нүдний дусаалга хэрэглэдэг. Гэтэл сонсголтоор шаардлага хангаагүй нүдний дусаалгыг зах зээлд гаргасан гээд ярихаар би ээждээ тэр дусаалгыг авсан юм биш биз гэж бодсон. Хөлдүү тарианы уусмалыг гэсгээгээд өвчтөнүүдэд тарьсан гэх мэт ноцтой зүйлийг сонсголоор ярилаа. Бид хэдүүлээ билээ? Бидний эрүүл, аюулгүй амьдрах эрх хаана байна гэж хүмүүс айн бодлоо, хүмүүс их бухимдлаа.  

Би нэг жил зургаан сарын хугацаанд "Өргөө" амаржих газрын захирлаар ажиллаж байсан ч ёс зүйн асуудал гаргасан гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөгдсөн билээ. Эрүүл мэндийн байгууллага, ажилчдыг удирдан, зохион байгуулж, дэмжих үүрэгтэй төрийн дээд байгууллага бол Эрүүл мэндийн яам. Гэтэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, доройтуулдаг олон шалтгааны эх үүсвэр болсон ажлуудыг урт хугацааны турш хийж ирсэн хүнлэг биш сэтгэлтэй хүмүүс биднийг удирдаж байгаад харамсч байна. Тодруулбал, мэдрэг чадвар нь ердөө 20 хувьтай оношлуурыг хэрэглэх боломжгүй гэдгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга асан Б.Цэцэгсайхан дарга хэлсэн байдаг. Гэтэл эмийн нээлттэй сонсголоор тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын шахалтаар БНХАУ-аас ийм оношлуур худалдан авсан гэх асуудлыг хөндлөө.

Эмийн сонсголыг үзсэн хүмүүс эмнэлгийн байгууллага дампуурсан байна гэж ярихыг сонсоод сэтгэл маш их эмзэглэсэн. Гадаадаас оруулж ирж байгаа эмийг эмч нар оруулж ирдэггүй. Эмийн чанарыг эмч нар шинжилдэггүй. Тэгсэн мөртлөө бурууг нь эмч нар хүлээдэг.

УИХ-аас зохион байгуулсан эмийн сонсголын үеэр сайд асан С.Энхболдын хариуцлагагүй мэдэгдлүүдэд хариулт өгөхийг хүссэн. "Намайг ажиллаж байх хугацаанд төрөх эмнэлэгт эхийн эндэгдэл гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Эмийн сонсголоор зөвхөн "Өргөө" амаржих газрын асуудлыг хөндөн ярьсанд гайхаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн байсан, цар тахлын хүнд үед манай ажилтнууд маш сайн ажилласан. Гэтэл эхийн эндэгдлийн улмаас надад хариуцлага тооцсон гэж эмийн сонсголын үеэр ЭМЯ-ны удирдах ажилтан хариулсан. Намайг байхад Засгийн газраас хяналт шалгалт хийгээгүй атлаа сонсголоор ташаа мэдээллийг өгсөнд би маш их гайхаж байна.

10-аас дээш сая төгрөгийн эмийг авахдаа гурван байгууллагаас үнийн санал авч, харьцуулаад шийдвэрээ гаргадаг журамтай. Би энэ дагуу эм авсан. Урвалжид их анхаарсан. Урвалж нийлүүлдэг компанийн удирдлагуудтай уулзсан. Олон жилийн турш урвалжаа нийлүүлсэн компанийнхыг авахгүй гэтэл тэд дээгүүр доогуур гүйгээд яамныханд энэ талаар хэлсэн юм билээ. Б.Цэцэгсайхан бид хоёр яг ижил зовлонтой ажилласан.

Гэхдээ надад яамнаас ийм эм ав гэж шахаж шаардаагүй. Би тэр шаардлагыг нь хүлээж авахгүй гэдгийг мэдсэн байх. Би сүүлийн нэг жил 6 сарын турш ажилгүй байна. "Өргөө" амаржих газар 100 жилийн түүхтэй. Гэтэл энэ байгууллагаар их тоглож байна. Цар тахлын үед бүх эмнэлэг өртэй болсон. Гэтэл сонсголоо зөвхөн нэг эмнэлгийг л онцлон ярилаа. Бид цар тахлын үед эхийн эндэгдэлгүй, ураг нярайн эндэгдлийг улсын дунджаас 3 дахин түвшинд байлгаж ажилласан” хэмээн ярилаа.               

Мөн Хэвлэлийн хуралд түүний хуулийн зөвлөх асан н.Гарамханд оролцсон юм. Тэрбээр, "Өргөө" амаржих газарт 43 эх, хоёр нярай эндсэн асуудалд ямар хариуцлага тооцсон бэ гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуусан. Энэ асуултад хариулахдаа Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Ж.Энхцэцэг даргад хариуцлага тооцсон. Гэтэл энэ хүн шүүхэд хандаж, миний эсрэг нэхэмжлэх гаргасан” гэсэнд маш их гайхаж байна.

Эмнэлгийн ЭБАТ-ууд өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ? Сайд, төрийн нарийн бичгийн дарга нар юу хийсэн бэ? Тэд бүх худалдан авалтыг хянах үүрэгтэй шүү дээ.

“Өргөө” амаржих газрын ҮЭ-ийн дарга н.Эрдэнэбат өөрөө эмийн ханган нийлүүлэгчтэй хамааралтай хзн. ҮЭ нь сайн дурын байгууллага атал гишүүдээсээ цалингийн нэг хувийн татвар авдаг. Татвараа юунд зарцуулдгийг тайлагнах шаардлага тавьтал хэвлэлийн бага хурал зарлан, Ж.Энхцэцэг захирал 138 хүнийг ажлаас хууль бусаар халсан гэж ташаа мэдээлэл тараасан" гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Би Ж.Энхцэцэг даргатай ойр дотно хүний хувьд өнөөдөр энд хань болж хамт байна. Энэ хүн дарга болоод ямар ажлууд хийсэн, юу төлөвлөж байсныг сайн мэднэ. Үйлчлүүлэгчийг дэмжих алба байгуулан, үйлчлүүлэгчтэй илүү тулж ажиллан, тэдний санал хүсэлтийг авдаг болсон ч энэ албыг татан буулгасан. Тендергүй эм тариа авахгүй гэсэн нь Эрүүл мэндийн дэд сайдын бизнест нөлөөлсөн байх. Энэ мэт хатуу хариуцлага яриад эхлэнгүүт Эрүүл мэндийн ҮЭ-ийн холбоо энэ хүн ёс зүйн асуудалтай гэж дүгнэлт гаргасан. Холбооны дарга нь өөрөө эмээ “шахдаг,” С.Энхболд сайд мөн адил эмээ “шахдаг” байжээ. Ёс зүйн асуудалтай гэж халсан хүмүүсийн ёс зүй хаана байна вэ? Эмч нар хамгийн хүнд өвчтөнөө ЭХЭМҮТ рүү явуулдаг. Гэтэл Эх нялхаст хугацаа нь дуусан, 29 тэрбум төгрөгийн эмээ өгсөн байна шүү дээ. Гэтэл эм шинжлэх лабораторийг 6 тэрбум төгрөгөөр байгуулна гэхэд нь ЭМЯ төсөв өгөөгүй.

Ж.Энхцэцэг дарга Д.Сумъяабазар дарга хотын дарга байхдаа томилсон. Гэхдээ хэн нэг улс төрчийн хүн биш тул хэний ч нөлөөнд авталгүй ажилласан. С.Энхболд сайдыг шүүхэд өгнө. Учир нь Ж.Энхцэцэг дарга 1 жил 8 сар ажиллахдаа эхийн эндэгдэл гаргаагүй байтал сонсголоор ташаа мэдээллийг нийтэд тараасан тул шүүхэд өгнө. Эхний шүгэлийг Ж.Энхцэцэг эмч, дараагийнхыг Ж.Чинбүрэн гишүүн үлээлээ. Яагаад манай улсад хорт хавдар их тархав? Яагаад ийм их эмийн сангууд байна гэдэг талаар олон хүн шүгэл үлээгээсэй. Тэдгээр шүгэл үлээгчийг сэтгүүлч бид хамгаалах ёстой тул би энд байна" хэмээн ярилаа.