Улсын хэмжээнд нийт 4675 даатгуулагч энэ оны 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжээ Нийгмийн даатгалын сангаас хугацаандаа авч чадахгүй байгаа аж. Тэдний ийнхүү тэтгэмжээ авч чадахгүй байгаагийн гол шалтгаан  зарим байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаандаа төлөхгүй байгаагаас санхүүжилтын асуудалтай тулгарчээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сан төсөвгүй учраас олгогдохгүй байгаа гэсэн үг.

Тодруулбал, Улсдаа нийт 61 мянган ажил олгогч НДЕГ-т бүртгэлтэй байгаагаас 35 мянга гаруй ААН шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй нь сангийн орлогод нөлөөлж, ажилгүйдлийн тэтгэмж саатах шалтгаан болжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр 2024 оны 1–9 дүгээр сарын хугацаанд 28.2 мянган даатгуулагчид нийт 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгоод байгаа гэв.

НДС нь орлого төвлөрсөн үед тэтгэмжийг олгодог онцлогтой. ААН-үүд ихэвчлэн сарын 30–31-нд НДШ-ээ төвлөрүүлдэг тул 10–11 дүгээр сарын тэтгэмжийн санхүүжилт түр саатсан байна. 

  • Энэ жил ажилгүйдлийн сангийн орлогод ажил олгогч болон даатгуулагчдын шимтгэлээс 162 тэрбум төгрөг төвлөрөхөөр төлөвлөсөн.

  • Ажилгүйдлийн тэтгэмжид нийт 161 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан.

  • Оны эхний 10 сард батлагдсан төсвийн хүрээнд тэтгэмжийг бүрэн олгосон.

  • Харин 10–11 дүгээр сард тэтгэмж хүссэн 4675 иргэний тэтгэмжийг орлого бүрдсэн даруйд шилжүүлнэ.

Сүүлийн саруудад ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо огцом өсөж, өмнөх сараас 4000 орчмоор нэмэгджээ. Ингэснээр ажилгүй иргэдийн бодит тоо ч нэмэгдсээр байгаа аж.

Даатгуулагч бүр тогтоосон журмын дагуу 76 хоногийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд дунджаар нэг иргэнд 5.6 сая төгрөг олгогддог байна. Тэтгэмжийн хэмжээ нь тухайн иргэний төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамааран хувь хүн бүрт харилцан адилгүй. 

  • 1-5 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 45
  • 5-10 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 50
  • 10-15 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 60
  • 15 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 70-иар тооцон олгодог.

Тухайлбал, сарын 2 сая төгрөгийн цалинтай, 4 жил ажилласан хүн ажилгүй болбол сард 900 мянган төгрөгийн тэтгэмж авна. Ажилгүйдлийн тэтгэмжийг 3 сар олгодог. Тэгэхээр нийтдээ 2.7 сая төгрөгийн тэтгэмж авна гэсэн үг.  

Иргэд ажилгүйдлийн тэтгэмжийг цагтаа авч чадалгүй 3-4 сар хүлээж буй нь ажил олгогч болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дунд үүссэн гинжин өрийн холбоотой шууд хамааралтай байгаа нь энэ юм.