Энэ сард шатахууны нийлүүлэлт тасрахгүй гэв
46 минутын өмнө

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ-аас бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм. Арванхоёрдугаар сард АИ-92 автобензин 62,700 тонн, дизель түлш 130 мянган тонн, АИ-95 автобензин 1560 тонн тус тус худалдан авахаар захиалга өгсөн.
Энэ нь улсын хэмжээнд нийт дүнгээрээ 193,500 мянган тонн шатахуун импортолно гэсэн үг. Мөн урд хөрш БНХАУ-аас 8 мянган тонн АИ-92 автобензин, 10-15 мянган тонн дизель түлш худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлсэн. Одоогоор захиалга баталгаажаагүй байна.
ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 8.7 мянган тонн АИ-92, 18 мянган тонн дизель түлш Монголын хил рүү дөхөж байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр ОХУ-ын талаас гадна эх үүсвэр тасралтгүй хийгдэж байна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 225-230 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр шатахуун түгээх станцыг тогтмол нөөцөөр хангах нь тодорхой цаг хугацаа шаардсан ажил байдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас импортолж буй шатахуун тээвэрлэсэн вагон Сүхбаатар боомтоор нэвтэрнэ.
Ингээд Зүүнхараа, Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар, Толгойт, Аршаант гээд гурван өртөөнд буудаг. Хойд бүсэд Дархан, Эрдэнэтийн салбар өртөөнүүд агуулахад бууна. Урагшаа Чойр, Сайншанд өртөөдөд шатахуун бууна. Бүх өртөөдөд шатахуун хүргэж, агуулахад буулгасны дараа гааль бүрдүүлэлт хийснээр шатахуун түгээх станцуудад нийлүүлэхэд тодорхой хугацаа шаарддаг.
Тэгэхээр агуулахад байгаа нөөц хангалттай бүрдэж чадахгүй байна. Шатахуун түгээх станцуудыг тогтвортой үйл ажиллагаа явуулж, оочир дугаарлалтыг арилгахын тулд нийлүүлж буй шатахуунаа шууд түгээж байна.
193,500 тонн бол баталгаажсан захиалга. Энэ нь тасралтгүй найдвартай нийлүүлэгдэнэ гэсэн үг байхгүй юу. Үүнээс нарийвчлан задалбал, АИ-92 63,000 тонн, дизель түлш 130,000 тонн, АИ-95 хэрэглээгээрээ 1600 тонн байгаа юм. Нийт дүнгээрээ манай улсын шатахууны нэг сарын ердийн хэрэглээ гэсэн үг.
Энэ бүгд бидний хэрэглээг хангаж чадна. Тиймээс тасралтгүй нийлүүлнэ. Дээр нь БНХАУ-аас бид 8000 тонн АИ-92 автобензин, 15,000 дизель түлш худалдан авахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Тэгэхээр шатахууны хэрэглээ 23 мянган тонноор нэмэгдэх нь байна шүү дээ. Нийлүүлэлт хангамж тасралтгүй явна. Тиймээс энэ тухайд бид итгэлтэй байж болно" гэлээ.






