Ч.Ханддулам: Үнэний төлөө явсан зам бүр утга учиртай гэдэгт итгэж байгаа учраас тэсч байна
2 цагийн өмнө

Б.ЭРДЭНЭТУЛГА ГЭДЭГ ХҮН ШЕЗ-Д ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ИРСНЭЭС ХОЙШ АЖИЛТНУУД АЙДАС ТҮГШҮҮРТЭЙ ОРЧИНД АЖИЛЛАХ БОЛСОН НЬ ҮНЭН-
ШЕЗ-ийн удирдлагынхаа ёс зүйгүй үйлдлийн талаар шүгэл үлээгээд ажлаасаа халагдсан Ч.Ханддуламтай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн ажлын албаны даргад холбогдох шүүх хурал боллоо. Шүүгчдийг томилдог байгууллагын хариуцлагатай албан тушаалтанд холбогдох хэрэг шүүхээр бас тэр бүр ороод байдаггүй байх. Та ч биш хэд хэдэн хүн ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгын эсрэг гомдол гаргаад байгаа юм байна. Яг ямар учиртай асуудал болоод байгаа талаар хэлж өгнө үү?
-Би ШЕЗ-д анх 2016 онд шинжээчээс ажлын гараагаа эхэлж, ахлах шинжээч, референт, хэлтсийн дарга, газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч гээд арав шахам жилийн хугацаанд байгууллагадаа хамгийн анхан шатны албан тушаалаас нь ажиллаж ирсэн энгийн нэгэн төрийн албан хаагч. ШЕЗ-д хамгийн удаан ажиллаж байгаа арав хүрэхгүй цөөн хэдэн хуучин албан хаагчийн нэг гэж болно. Хамгийн анх 2025 оны гуравдугаар сарын сүүлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан тушаал бууруулж, эрх зүйн байдал дордуулсан гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Ингээд явж байхад надад нэмж арга хэмжээнүүд авч эхлэх болж, би ч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлээд явж байх үедээ халагдсан.
-Анхан шатны шүүхээр таны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм билээ. Харин давж заалдах шатанд нэхэмжлэлийн зарим шаардлагад дүгнэлт хийгээгүй байна гээд анхан шатны шүүх рүү буцаалаа. Мэдээж шүүх ялгамжгүй хандах ёстой, гэхдээ л энэ хэрэг дээр шүүхийнхэн салбарын, тэр дундаа нөлөө бүхий албан тушаалтны хэрэг дээр яаж ханддаг юм бол гэсэн хардлага төрөөд байгаа л даа...
-Энэ хүч тэнцүү биш тулаан уу гэвэл тийм. Нэг талд нь ганц би. Нөгөө талд нь төрийн аппарат, тэр дундаа шүүхийн захиргааны дээд байгууллага байна. Хангалттай баримт тайлбар өгсөөр байхад анхан шатны шүүх миний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Миний энэ гаргасан гомдол бол зөвхөн албан тушаал бууруулж, надад шийтгэл ногдуулж ажлаас халсан тухай асуудал биш. Харин хүний эрхийн асуудал ноцтой хөндөгдөж байгаа тал дээр шүгэл үлээж, үнэнийг ил болгосныхоо төлөө дарамтад орж, улмаар шийтгэл хүлээсэн шударга бус явдлын эсрэг хийж буй тэмцэл юм. Би хандах ёстой гэж үзсэн бүх шатны байгууллагад хандаж ирсэн. Өргөдөл, гомдол, тайлбар, нотлох баримт боломжтой бүх хэлбэрээр асуудлаа хүргэхийг оролдсон.
Гэвч бодит байдал дээр том системийн өмнө ганцаараа, залуу эмэгтэй хүн зогсоно гэдэг амаргүй юм байна. Зарим үед хүч мөхөсдөж, үнэн зөвийг хэлэх дуу хоолой хүрэхгүй мэт санагдаж ч байгаа. Хариу хүлээх хугацаа уртасч, асуудал тойруу хэлбэрт орж, заримдаа шударга ёс холдож байгаа мэт мэдрэмж төрдөг юм билээ. Гэсэн ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр хонгилын үзүүрт гэрэл асаалаа. Зөвхөн миний нэг хэргийн тухайд биш харин иргэн хүн төрийн том бүтэцтэй нүүр тулсан ч хууль, шударга ёсны хүрээнд дуу хоолой нь бүрэн замхардаггүйг харуулсан дохио болж байгаад би илүүтэй баярласан.
-Тэгэхээр энэ хэрэг зөвхөн ажлаас үндэслэлгүй халсан, халагдсан тухай биш юм байна. Та яг ямар асуудлаар шүгэл үлээснээс энэ асуудал үүссэн юм бэ?
-Манай байгууллагаас гурван хүн Хүний Эрхийн үндэсний комисст хандсан. Б.Эрдэнэтулга гэдэг хүн манай байгууллагад Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ирснээс хойш ажилтнууд айдас түгшүүртэй орчинд ажиллаж, хэвийн ажиллах нөхцөл байхгүй болсон нь үнэн. Шүүх засаглал болон түүний захиргааны дээд байгууллага нь хууль дээдлэх зарчим, ёс зүй, шударга байдлаараа нийгэмд үлгэрлэж, өөрсдөө хууль, ёс зүйгээ чанд мөрдөж ажиллах ёстой гэж би боддог. Гэтэл бодит байдал дээр Шүүхийн захиргааны дээд байгууллагад шударга бусын тогтолцоо бий болж, ажил алба хууль, журам, ёс зүйгээр бус тал засах, хов жив, гүтгэлэг, маталт, дарамт шахалтаар явдаг болсон. Би бусдын гаргасан биш, өөрийнхөө гомдол дээр ярих нь зүйд нийцэх байх. Би энэ хүнийг ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэлтэйгээр дарамт шахалт үзүүлж байгаа талаар гомдол гаргаж, хэрэгцээтэй нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Гэвч энэ цагаас хойш дарамт шахалт хэрээс хэтэрч эхэлсэн л дээ. 2024 оны аравдугаар сард бүтэц өөрчилсөн. Ингэхдээ шинэ бүтцийн дагуу томилгоо хийхдээ намайг болон зарим ажилтнуудыг албан тушаал бууруулсан. Заримыг нь ахиулан томилгоо хийсэн. Хууль тогтоомжийг ялгамжтай хэрэглэж тушаал гаргасан. Хүний эрх зүйн байдлыг дордуулсан бол тухайн тушаалыг заавал танилцуулах ёстой. Гэтэл танилцуулаагүй. Шүүхийн захиргааны дээд байгууллага шүү дээ. Энэ хүнийг ирснээс хойш 42 хүн ажлаас гарсан буюу сэлгэн ажиллаж, 21 хүн халагдсан/ажлаас гарсан/ байдаг.
-Ажлын байрны бэлгийн дарамт гэсэн ойлголт олон улсад маш ноцтой хэрэг ч манайд энэ талаар хуучинсаг байдлаар хандах гээд байдаг. Энэ талаар зориглож дуугарсан эмэгтэйчүүд өөрсдөө буруутгагдах зовлонтой. Та үүнээс айхгүй байна уу?
-Би энэ асуудлыг сөхөж тавих эсэхээ шийдэж байхдаа ирэх дарамт шахалт, цаашлаад ажлаасаа халагдаж ч магадгүй гээд бүх эрсдэлийг бодож л байсан.
Таамаглаж байснаар ажлаасаа ч халагдсан. Шүгэл үлээх гэдэг өшөө авах үйлдэл биш. Харин эмэгтэйчүүд гоё сайхан байж, биеэ аятайхан авч явсныхаа төлөө, ажил мэргэжлээ үнэнч хийж яваагийнхаа төлөө хохирох ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлж буй иргэний зориг юм. Энэ байдлыг хэн нэгэн сөхөж тавих ёстой, ялангуяа шүүх засаглалын захиргааны төв байгууллага өөрөөсөө эхэлж цэвэрлэгдэх ёстой. Одоо цаг үе өөр болсон шүү. Ингэж болдог гэсэн ойлголтоор яваад байж болохгүй гэдгийг энэ хүн, энэ нийгэм ойлгох ёстой. Тиймээс зориглох ёстой гэж өөртөө хэлсэн. Энэ бол зөвхөн Ханддулам гэдэг хүний хэрэг биш юм аа. Энэ бол нийгмийн асуудал. Цаана ил гарахаас татгалзаад илүү их хохирч, доромжлуулж байгаа олон зуун эмэгтэйн асуудал.
Миний хүсэж байгаа зүйл бол хэн нэгнийг буруутгахдаа биш, харин төрийн байгууллагад ажиллаж буй хэн боловч эрх мэдлийн хүрээнд хариуцлагатай байх, иргэн хүн айдасгүйгээр асуудлаа хэлж чаддаг орчин бүрдэх явдал юм. Шударга ёс заримдаа удаан ирдэг байж болох ч ирэх л ёстой. Ирж ч таарна гэдэгт итгэж байна. Хүч тэнцүү биш тулаанд ганцаараа үлдсэн мэт санагдсан ч үнэний төлөө явсан зам бүр утга учиртай байдаг гэж итгэж байгаа учраас тэсч байна. Ер нь бэлгийн дарамтаас үүдэлтэй дарамт шахалтын талаар ойлголт өгмөөр санагдаж байна. Ажлын байр гэдэг хүн бүрийн хувьд мэдлэг чадвараа үнэлүүлж, амьдралаа авч явах эх үүсвэрээ бүрдүүлдэг аюулгүй орчин байх ёстой. Гэвч бодит амьдрал дээр олон эмэгтэй, охид ажлын байран дээрээ дарамт, шахалт, айдас дунд ажиллаж, дуугүй тэвчихээс өөр сонголтгүй мэт нөхцөлд орсоор байна. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг нь зөвхөн нэг удаагийн эвгүй үг, зохисгүй үйлдлээр хэмжигдэхгүй. Энэ нь хүний өдөр тутмын амьдралд шингэж, сэтгэл зүй, нэр хүнд, ажиллах чадварт аажмаар нөлөөлдөг далд хүчирхийлэл юм. Хүсээгүй байхад ойртон дотносох, бэлгийн утгатай үг хэлэх, шөнө оройгүй зурвас илгээх, хувийн орон зайд халдах, эрх мэдлээр далайлгах зэрэг үйлдэл нь ажлын орчныг айдастай, дарамттай болгож хувиргадаг.
Гэвч гаднаас нь харахад тэд хэвийн ажиллаж байгаа мэт харагдах ч дотор нь ямар тэмцэл өрнөж байгааг хүмүүс мэддэггүй.Хамгийн харамсалтай нь, эцэстээ хохирогч өөрөө тайлбар хийх байдалд орж, буруутгагдах тохиолдол гардаг.Асуудлын хамгийн эмгэнэлтэй нь, ийм дарамтад өртсөн эмэгтэйчүүд татгалзсаныхаа төлөө ажлын уур амьсгалын дарамт мэдэрч, үнэлэмж буурах, нэр хүндэд нь сэв суух, бүр ажил алба, амьдралаараа хохирдог. Хэн нэгний дур хүслийг хангаагүй гэдэг шалтгаанаар мэргэжлийн үнэлэмж өөрчлөгдөх ёсгүй. Миний энэ яриад байгаа зовлонг туулж үзсэн эмэгтэйчүүд л мэднэ.
-Шууд хүний нэр төртэй холбоотой учраас бас асуугаад байх хэцүү ч яг ямар хандлага гаргасан учраас та ХЭҮК-т гомдол гаргасан юм бэ?
-Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга томилогдож ирээд шүүхийн талаар,манай нэгжийн ажлын талаар нарийн мэдэхгүй учир тайлбарлаж өгөөрэй гэхээр чиг үүргийнхээ хүрээнд ажлаа ойлгуулах санаатай бусдын адил хичээн ажиллаж байсан. Ажлын асуултуудад хариулаад явдаг байсан, сүүлдээ шөнө оройн цагаар бичих асуудал гарч эхэлсэн. Ажлын томилолтоор гадагшаа манайхан явахаар яригдах үеэс “Надтай ойр яваарай” гээд сануулж эхлэх болсон. Сүүлдээ биед хүрч, сануулах болсонд эвгүйцэж эхэлсэн. Сүүлдээ би энэ гадаад томилолтод явахаа хүртэл больдог юм бил үү гэж бодож эхэлсэн. Архи үнэртүүлчхээд өрөөний гаднаас чанга хашхирч дуудах, ажилтнуудын асуудлын өмнөөс дуудаж загнах үйлдэл байнга гарах болсон. Үүрэг даалгавар, мэдэгдэх хуудас, шийтгэл гээд олон юмны дараа хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад тэврээд
“Чи намайг хөгшин болохоор тоохгүй байгаа юм уу” гэж бас “Надтай сөргөлдвөл эвгүй гэдгийг мэдэрсэн биз дээ” гэснийг дарамт гэж үзэхгүй байхын аргагүй. Манай төрийн байгууллагуудад энэ мэтээр ажилтнууддаа ханддаг хүмүүс байдаг. Үүнийгээ хэвийн харилцаа гэж ойлгодог байж болохгүй. Гэхдээ ийм байдал эмэгтэй хүмүүст ямар тавгүй байдал үүсгэдгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байж магад.Энэ айдас ганц өдрөөр хэмжигдэхгүй. Олон хоног, сараар үргэлжилж, нойргүйдэл, бухимдал, төвлөрөл алдагдах, өөртөө итгэх итгэл буурах, бие махбодын ядаргаа болон сэтгэл санааны дарамтад хүргэдэг.Чимээгүй байх нь асуудлыг багасгадаггүй, харин ч улам гүнзгийрүүлдэг. Ажлын байрны аюулгүй орчин бол зөвхөн нэг хүний асуудал биш, бүх байгууллагын хариуцлага гэж би ойлгодог учраас ХЭҮК-т хандсан.
-Тэндээс ямар хариу ирсэн бол?
-Бидний гурван хүнийг гаргасан өргөдөл гомдлын дагуу хүлээн авч уулзсан. Бүгд энэ хүний дарамт шахалттай холбоотой гомдол гаргасан. Би өөрийнхөө гомдлын хүрээнд шаардлагатай нотлох баримтууд, чатууд хавсаргаж өгсөн. Энэ хүрээнд манай дээр шалгахаар ирсэн. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй юм байна. Өргөдөл гомдол шийдэгдэхгүй гурван сар болж, бид өчнөөн хандаж байж хэрэг шалгалт эхлүүлсэн. Гэтэл асуудлын эзэн Б.Эрдэнэтулга даргын төрсөн ах нь ХЭҮК-т ажилладаг байсныг сүүлд мэдсэн л дээ. Энэ хэргийг хариуцаж авсан хүний эрхийн комиссын гишүүн ажлын байрны бэлгийн дарамт гэж үзэхээр байгаа гэдэг талаар надтай уулзах үедээ хэлсэн ч уулзалтын төгсгөлд даргын чинь нэр хүнд яригдана гээд эвлэрүүлэх байр суурьтай хандаад байсны учир ч тэр болж таарсан. Удалгүй дүгнэлт гарна гэж байсан хугацаандаа гараагүй, тэгээд шаардлага болж ирэхдээ ажлын бус шөнийн цагаар бичсэн чатыг найрсаг яриа өрнүүлсэн байна гэж дүгнэсэн байсан.Бэлгийн дарамт гэдгийг тэгж тайлбарласан ч ХЭҮК-ын бүрэн эрхийн хүрээнд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс ШЕЗ-ийн ажлын албаны хүний нөөц, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудал, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгын удирдах арга барил, энэ шаардлагад дүгнэсэн асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хариуцлага ногдуулах эсэх, ажлын албанд хөдөлмөрийн аятай орчин бүрдүүлэх, ажлын байрны дарамт гарах шалтгаан,нөхцөлийг таслан зогсоох арга хэмжээг тусгасан шийдвэр гаргах, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх байгууллагын онцлогт тохирсон механизм бий болгохыг үүрэгдсэн шаардлага ирсэн. Уг нь би ХЭҮК-т Албан тушаал бууруулж арга хэмжээнүүд авч байгаа эдгээр үйлдлүүд нь дарамтын хэлбэртэй байна гэдэг агуулгаар хандсан. Энэ асуудлаараа Төрийн албаны зөвлөл, шүүхэд хандсан байгаа талаараа ч дурдсан байсан. ХЭҮК том агуулгаараа хүний эрхийн зөрчлийн асуудалд анхаарах ёстой байсан ч тэгээгүй. Одоо эргээд тэдний шийдвэрт танил талын нөлөөлөл байсан эсэх талаар олон нийтийн хардлага гараад ирэхэд намайг хүний эрхийн гомдлын маргааны харьяалал мэдэхгүй, хаа хамаагүй газар гомдол гаргаж байгаа юм мэт хариу өгч, сошиалд тайлбарласан байна лээ. Төрийн байгууллага иргэндээ биш, төрийн байгууллагад ингэж үйлчилдэг баймааргүй байна.
-Тэгээд сайжирсан уу, эсвэл гомдол гаргасан гээд асуудал хэцүүдсэн үү?
-Шаардлага дээрх даалгаврыг өмнөх ШЕЗ биелүүлж, арга хэмжээ авч чадаагүй. ХЭҮК-ын шаардлага ирээд сар хүрэхгүй хугацаанд би халагдсан. Өмнө нь шууд намайг
халчих боломжгүй учраас элдэв өө хайж, гаргаж ирсэн дүгнэлт шийдвэрүүд дээрээ үндэслээд өнгөрсөн арван сарын хугацаанд найман удаа сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээн авч, тэр бүрд нь тайлбараа гарган өгч, гурван удаа шийтгэл хүлээсэн хүн шүү дээ.Есөн жилийн хугацаанд түүнээс өөр гурван ч Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай ажиллаж байхдаа нэг ч шийтгэл авч байгаагүй. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд бараг л сар бүр мэдэгдэл авч байлаа.Ёс зүйн асуудлаар шүгэл үлээгээд өөрөө ёс зүйн асуудлаар халагдсан гэмээр юм уу. Мэдээж, намайг явуулахыг бүх аргаар үзсэн. Дуудаж загнана, хүмүүсийн дэргэд элдвээр хэлнэ, дарга нь тэгээд эхлэхээр хамт ажиллаж байгаа хүмүүс ч дөлж эхэлнэ. Хамт харагдахаас зугтана. Энэ бол дарамт шахалтын нэг хэлбэр. Сүүлдээ удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүстээ шаардлага тавьж, ажлын үр дүнгээ сайжруулахыг хичээх тусам буруутан болж байсан. Тэр хүмүүсийг бол би ойлгож байгаа. Ийм эрүүл бус соёлтой газар ажлаасаа халагдахгүй тэсч үлдэхийн тулд илүү өндөр албан тушаалтны үүрэг даалгавраар надад гомдол гаргасан. Одоо ч “Энэ асуудалд заавал ялаарай. Ил гарч үгээ хэлж чадахгүй байгаад уучлаарай” гэж холбогдож байгаа хүмүүс цөөнгүй бий. Нөгөө талаас ажилтнуудын гаргасан алдаан дээр дөрөөлж надад шийтгэл ногдуулсан. Ажилтнуудынхаа гаргасан алдааг хянаж шалгах үүрэгтэй ч миний дээд шатны хянах үүрэгтэй хүн нь Б.Эрдэнэтулга дарга өөрөө байсан. Ажил дээр төслийн хэмжээнд явагдаж байсан тоо баримт дээр зөрүү гарсан буруутан би ганцаараа болсон.
Ер нь эмэгтэй хүн өнгөлөг хувцаслаж, биеэ аятайхан авч явдаг нь бусдын өмнө буруудах шалтгаан болох ёсгүй. Энэ нь хувь хүний соёл, өөрийгөө хүндэтгэх хандлагын нэг илэрхийлэл болохоос бус хэн нэгний хүсэл сонирхлын бай болох шалтгаан огтхон ч биш. Надад тохиолдсондоо ч биш бусдад буруу сэдэл бүхий бодол орж ирсний буруутан эргээд яагаад эмэгтэй хүн, залуу бүсгүйчүүд болох ёстой юм бэ. Би энэ асуудлыг дэлгэн тавьж, араас нь уйгагүй явж байгаа нь нийгэмд хэвшсэн буруу ойлголт өөрчлөгдөж, шударга ёсны тухай үнэлэмж зөв болоосой гэж бодсоных юм. Тийм ч учраас анхан шатны шүүх дээр асуудлыг шийдсэн шүүгчийг хэргийг бүрэн дүгнэлгүй, нөлөөнд автсан байх магадлалтай гэж үзсэн учраас Сахилгын хороонд өгсөн нь хэрэг үүсээд явж байгаа. Надаас гадна Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга бас Б.Эрдэнэтулга даргатай холбоотой гомдол гаргасан нь анхан шатанд яг нэг шүүгч дээр очоод, давах дээр дахин хоёулаа анхан шат руу буцаж байна. Шүүгчийн хараат бус байдал хариуцлагагүй байхын баталгаа биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Чадваргүйдээ юу эсвэл зориудаар уу, нэг төрлийн маргаан дээр өмнөх алдаагаа давтаж байгаа нь цаашдаа ч иргэдийн цаг хугацаа, эдийн засаг, эрх ашгийг давхар хохироох аюултай гэж үзсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхэнд ийм олон нэгжийн дарга нар өөрсдийн ажилладаг байгууллагатайгаа шүүхээр маргалдаж байсан жишээ өмнө нь байгаагүй. Хэн ч амьдралаа авч яваа байгууллагатайгаа заргалдаж, зөрчилдөж явахыг хүсэхгүй. Ийм алхам хийхэд хүрч байгаа нь нөхцөл байдал үнэхээр туйлдаа хүрснийх шүү дээ. Энэ асуудалд хуулиас гадна байгууллагын дотоод соёл, удирдлагын ёс зүй, хамт олны хандлага бодитоор өөрчлөгдөх шаардлагатай байгаа учраас, охид эмэгтэйчүүдийн дуугүй туулж ирсэн нийгмийн энэ асуудлыг өөрчлөхийн тулд
тууштай, ард нь гартлаа би явах болно.
Г.БАЛГАРМАА
ӨДРИЙН СОНИН






