Монголчуудын зуу зуун жилийн түүх соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон монгол бөх өнөөдөр жинхэнэ утгаараа мөхлөө дөө, хөөрхий.

Бөхөд нүүрлэсэн аюулт хар сүүдрийг ард түмэн бий болгосонгүй. Хэн нэгэн далдаас удирдсангүй. Ерөөс бөхчүүд нь өөрсдөө л мөхөлд хүргэж түүх соёл, ёс жудаг, өв уламжлал руугаа нулимж, бөхөө дээдэлдэг түмэн олноо доромжлох болсон билээ. Монгол бөхийн барилдаан өнөөдөр үнэнч шударга байхаа больсныг захын хүн гэрчилнэ. 

Төрийн наадамд ч, бүсийн наадамд ч, аймаг, сумын наадамд ч ялгаагүй. Дандаа авлига хээл хахуулиар шийдэгдсэн, атаа хорсол, өш хонзонгоор дүүрсэн баяр цэнгэлийн бус балчиг намгийн талбар болжээ. Та бүхэн харсан биз дээ. 

Өнөө жилийн наадмын гол дуулиан юу байв. Завханы Жаргалсайхан гэж залуу энэ цаг үеийн бөхийн өнгө болсон аварга, арслангуудыг дараалуулан орхиж, үзэгч түмнийг суудлаас нь өндөлзүүлсэн наадмыг Сүхбат аваргын аяг ааш, атаа хорсол нэг мөр булж орхисон нь харамсмаар. 

Үүнд бөхийн холбооныхон буруутай. Сүхбат аварга эрэмбээрээ зүүний магнайд гарах нь зөв. Ухаандаа, Бат-Эрдэнийг зодоглоогүй үед төрийн наадмыг түүний дараагийн аварга болох Сүхбат манлайлах нь зүйн хэрэг. Монгол бөхийн дархан аварга цолтнуудад олон түрүүлсэн нь өмнөө гарна гэх хууль дүрэм үйлчилдэггүй.  Баянаа аварга хэдий арав түрүүлсэн ч бөхийнхөө эрэмбээр Дамдин, Мөнхбат хоёрын дараа босдог байсан. Гэтэл өнөө жилийн наадмын зүүний магнайд бөхийн холбооныхон Сүхбатыг бус Өсөхбаярыгаа тавьж л байдаг. Буруу шүү дээ. Юун төлөө үндэсний бөхийн холбоо гэж байгаа билээ. Бөхчүүдийн эрэмбэ дарааллыг хууль ёсных нь дагуу бичиглэж ягштал баримталж явах нь тэдний үүрэг юм. Түүнээс Сүхбат, Өсөхбаяр гэдэг юм уу, бөхчүүдийг хувь хүнийх нь үүднээс авч үзэж хэрхэвч болохгүй. Энүүхнээс л бөхийн ялзрал, мөхөл гэдэг чинь харагдаад байгаа хэрэг. Сүхбат аварга бөхийнхөө эрэмбийг хэлээд л дархан аваргын байр сууриндаа бат зогсож байхгүй, бөхийн холбооныхонтой хэрэлдэж, дээш доош ярьж, уйлж унжихын хэрэг юу байна аа. Тэгээд тэрхүү өш хонзон атаа хорслынхоо үүднээс гурвын даваанд Өсөхбаярыгаа амлаж байдаг. Наанаа бөхийн эрэмбэ, цолны эрэмбэ энээ тэрээ гэж байгаа боловч уг үйлдэл нь наадамчин олноо доромжилсон, монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолоо үл хүндэтгэсэн, бөхийн бичигдээгүй ариун жудгийг бус өс хонзон гэх зүйлийг сэтгэлдээ хавдар шиг хадгалж ирснийх нь илрэл байлаа.

Ийм л дуулиан шуугиантай наадмын дараа бүсийн наадмууд гэж ёстой нэг шившигтэй юм боллоо доо. Энэ жил уламжлал ёсоор дөрвөн аймагт бүсийн даншиг наадмууд болсон. Тодруулбал, Ховдод баруун бүс, Баянхонгорт говийн бүс, Хөвсгөлд хангайн бүс, Дорнодод зүүн бүсийн наадмууд зохиогдсон. Эдгээр даншиг наадмуудын бөхийн барилдаан монгол үндэсний бөхийг бүр мөсөн мөхсөнийг гэрчилсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө “Өдрийн сонин”-ы дугаарт “Монгол бөхийн мөхөл ба бүсийн наадмууд” хэмээх нийтлэл хэвлэгдэж байсан. Тухайн жил мөн л дөрвөн аймагт бүсийн наадмууд зохиогдсоноос Баян-Өлгийд болсон баруун бүс, Дундговьд болсон говийн бүсийн бөхийн барилдаан хэрээс хэтэрч, хэдэн халтар төгрөгтэй шалдан банди нар улсын цолтой хүчтэнүүдийг толгой дараалан буулгуулж, наадамчин олныг доромжилж, бөхийнх нь дэвжээг бузарлаж орхисон байдаг. Ялангуяа Дундговийн наадамд зодоглосон 512 бөхийн барилдаан зүгээр л жүжиг, шоу болоод өнгөрсөн удаатай. Уг барилдааны үеэр Луу гүний Вандан, Буур Жамъян гээд домогт аваргуудын өлгий нутгийн залуу хүчтэнүүд хэдэн халтар төгрөгнөөс болж ам зөрөн улмаар бөхийн дэвжээн дээр хэн хэн рүүгээ салаавч гарган зүй бусаар авирласан ч дуулддаг юм. 

Тэрхүү нийтлэлийн дараа Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж Дундговь аймгийн наадамд өөрийн бяр хүчээр бус өгөө аваа, ашиг хонжоо, найраа хэлцээгээр цолонд хүрсэн гэх залуучуудын цол чимгийг хурааж, тухайн наадмын бөхийн барилдааныг хүчингүй болгосон. Найраагаар цолонд хүрсэн гэх залуучуудын цолыг хураадаг нь зөв л дөө. Гэвч найраанд орж, олны өмнө улаан цагаан бууж өгч, өөрсдөө найрааг нь гардан хийж, бөхийн барилдааныг үзүүлбэр шоу болгон хувиргаж, дэглэж найруулж ирсэн улсын цолтой бөхчүүдэд цаг тухайд нь яагаад хатуу арга хэмжээ аваагүй юм бэ гэх асуултын гогцоо ургаад ирнэ. Дэвжээн дээр нэгнээ зодож байхыг нь, ахмад бөхчүүдийнхөө өөдөөс ална тална гэж дайрч давшилж байхыг нь хараад нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлснийхээ горыг өнөөдөр бид амсаж байна. Аливаа юмны учир мэдэхгүй бөх гэх нөхдүүд нэг л дээрэнгүй хүмүүс болон хувирч, шунаг шунахай сэтгэлдээ дийлдэж, хахаж цадталаа баяжсаны гороор монгол бөх маань ийнхүү устаж үгүй боллоо. Түүнийг нь өнөө жилийн бүсийн наадмууд бүр чиг нотлоод өгсөн дөө. 

Хөвсгөл аймагт зохиогдсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн даншиг наадмын бөхийн барилдаан зодооноор өндөрлөсөн гэж байгаа. Мөнгөний төлөө цолтой бөхчүүд нь хэрхэн яаж улайран дайрдгийг, том цолтой бөхчүүд нь мөнгөтэй нэг бандийн гарт орчихсон түүнийгээ түрүүлүүлнэ гэж ална шулнадаа тулдгийг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг олонд дэлгэсэн. Монгол бөхөд бугшсан идээ бээр ийн өөрийн эрхгүй тартагтаа тулж дэлбэ үсэрсэн нь тэр. Ганхуяг харцагын Содномдорж харцагад бичсэн захидлаас бүх зүйл тодорхой харагдана. Уг захидалд “...Содномдорж энэ жилийн наадмаар улсын начин Баянмөнх, аймгийн арслан Нямбаяр, Давааням, Батням, аймгийн начин Пүрэвдорж нарыг дарамтлан дагуулж, “Хөвсгөлийн хүчтэн” галаас тусдаа Даян дээрхийн хүчтэн бөхийн гал байгуулж бэлтгэлд гарсан учир нь нутгийн зөвлөл болон ивээн тэтгэгч дэмжигчид, аймгийн Засаг даргаас мөнгө цуглуулах хувийн сонирхолтой нь холбоотой байжээ. Тэгтэл улсын наадмын гурвын даваанд өөрийг нь  дагаж бэлтгэлд гараагүй гэж уурлан, сайн барилдана хэмээн итгэл хүлээлгэж байсан аймгийн арслан Хаш-Эрдэнийг амлан унагаж урам хугалсан. Сая болж өнгөрсөн Хотгойдын хурд наадмаар мөнгөө багтааж ядсан гадны бөхчүүд дагуулж ирээд Хөвсгөл аймгийнхаа бөхчүүдийг дарамталж цол авахууллаа. Ховдын Ууганбаяр гэж залууг аймгийнхаа наадамд түрүүлүүлэх гэж хэт улайрч зүтгэн мөнгөнд шуналтсанд анхнаас нь дэмжиж явсан ахын хувьд ихэд харамсч, гомдож байна. Бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч явнаа, миний дүү. Тогоотой хоол руугаа шороо битгий цац. Хүнд их мөнгө биш их сэтгэл байхад болдог юм” гэжээ. Энэ бол “гарлаа, өрлөө, давлаа” хэмээн гуравхан үгээр дуудуулж барилдаж байсан Дарийн Дамдин, уран барилдаант угсраа олон мэхтэй Чойжилын Бээжин нарын домогт аваргуудын өлгий нутгийнхны бөхийн хагарал. Ерөөсөө хэдэн халтар төгрөгнөөс болсон хагарал. Яг ийм хагарал бутрал аймаг аймаг, гал галын бөхчүүдэд байгаа. Бүгд л мөнгөний төлөө улайран тэмцэж бөхийнхөө ариун голомтыг сэвтээж бузарлаж орхиж буй нь хэнд ч илэрхий болжээ. 

Аймгуудын наадмын захын жишээ гэхэд, Өмнөговьд Д.Рагчаа, Б.Гончигдамба нарын төрийн наадамд түрүүлнэ хэмээн яригддаг бөхчүүд очоод өнөө л найраа хуйвалдаанаараа ард түмнийг нь доромжилж, наадмынх нь үзүүр түрүүг Рагчаа гарьд нутгийн залуустаа буюу  Архангайн Баярхүү, Отгонбаатар нарт өгчээ. Улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших гээд энэ цаг үеийн шилдэг бөхчүүд тус аймгийн наадмын тавын даваанд дуу дуугаа аваад унаад өгсөн байна. Аймгийн начин цолтон төрүүлэх нэрээр мөнгөнд явчихсан нь тэр.  

Ийнхүү Баянаа, Мөөеө, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар нарын аваргуудын үед монгол бөх бүр мөсөн мөхөж үгүй боллоо. Монгол бөх ийн мөхлөө гээд төрийн наадам болдгоороо болно, аймаг, бүсийн наадмууд болдгоороо болно. Амьгүй албатууд гэдэг шиг жудаг ёс, түүх соёлоо уландаа гишгэн мөнгөний төлөө улайран тэмцсэн бөхчүүд нь зодоглож ард түмнээ доромжилдгоороо доромжлох байх. Тэдний барилдааныг үзээд юун сэтгэлийн цэнгэл эдлэх, сэжиг хүрч бөөлжис цутгадаг. Монгол бөхийн мөхөлд аваргууд хамаатай юм. Тэд бөхийн дэвжээгээ хайрласангүй, хайрлахыг ч эрмэлзсэнгүй. Дандаа хувийн ашиг хонжоо, өш хонзонгоор явж ирснийх нь “үр дүн” өнөөдөр гарч байна. 

Баянаа аварга бөхийг дандаа л салган бутаргаж, талцуулж халх дөрвөдөөр нь хувааж ирсэн хүн. Түүнийх нь нөлөө байдаг юм байлгүй,  увсын бөх түрүүлсэн наадмаар төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуу эгшиглэх болсон. Бүр уламжлал болоод тогтчихлоо. Үнэндээ монгол төрийн наадам уу, Увс гэдэг тусгай улсын наадам уу гэдэг нь мэдэгдэхээ байсан. Энэ жил ч ялгаагүй, Увсын бөх түрүүлж, “Увс нуур” дуу эгшиглэлээ. Үүнийг анхаарч буй төр засаг гэж байна уу. Монгол Улсын Ерөнхий сайд та Увс нутгийн хүн. Монгол төрийн наадамд “Увс нуур” дуу дуулагдахыг хувьдаа юу гэж бодож байна вэ. Монгол Улсын Ерөнхий прокурор та мөн тэр нутгийн хүн. Увсын бөхчүүдийн галыг толгойлдгийг тань хүмүүс мэднэ.  Монгол төрийн наадам өндөрлөж, Ерөнхийлөгч наадмыг хааж үг хэлэх үед ёс юм шиг “Увс нуур дуу” эгшиглэхээр нэг л эвгүй сэтгэгдэл төрөөд явчих юм байна шүү дээ. Танд тэгж санагдахгүй байна уу, Дорлигоо даргаа. 

Бөхийнхөө нэр хүндээр Их хурлын сонгуульд хэдэнтээ сонгогдож төр түшилцэж яваагийн хувьд Баагий аварга минь монгол бөх нүдэн дээр чинь мөхөж буйг харж байна уу, ингэхэд. Сумъяабазар та бүхэн монгол бөхөө аврах цаг нь болсон юм биш үү. “Бөхөөс авдгаа авсан. Хүртдэгээ хүртсэн. Одоо болоо” гээд буруу харж болохгүй байх. Залуу бөхчүүдийн мөнгө шүтсэн сэтгэл зүйг өөрчлөх, хүн бус араатан адил авирладгийг нь болиулах, атаа жөтөө, өс хонзонгоос холдуулах талаар арга хэмжээ авахыг Бат-Эрдэнэ аварга танаас шаардаж байна. Доромжлуулж дуусч буй ард түмнээ, бузарлагдан муу муухай бохир зүйлээр сагаж дүүрсэн бөхийн дэвжээгээ ариун байлгах нь таны үүрэг. 

Сүүлд нь нэмж хэлэхэд, авлигад идэгдсэн бөхчүүдийн жүжиглэхийг ард түмэн минь битгий үз. Өөрсдийгөө тэгж доромжлуулах хэрэг юу байна. Наадамчин олон байхгүй бол наад хэд чинь юу юм, юу ч биш шүү дээ. Хэдэн хөлстэй тэнэгүүдэд байгаа бүхнээ өгч ирснээрээ бид буруудсан. Бөхчүүдийн байгуулсан гавьяа гэж юу байх билээ. Тэгэхээр одооноос хуурамч барилдааныг нь тоож ч хардаггүй баймаар байна. Тэртэй тэргүй монгол бөхийг наад тэнэгүүд чинь өөрсдөө мөхөөчихлөө шүү дээ.    

Н.ГАНТУЛГА