Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ өнгөрсөн тавдугаар сарын 8-нд баталсан.

Энэ өдрөөс хойш эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн цаг явж эхлэв. Тухайн үед энэ талаар шинжээчид “Эдийн засагт голлон нөлөөлөх зүйлсийг ялган, жагсаасан” хэмээн дүгнэж байв. Энэ үеэс хойш эдийн засгийн саармагжилтын эсрэг “100 хоног” тэмцэл хийгээд 90 орчим хоножээ. Цөөн үгээр хэлбэл, “Эзэн 100” хөтөлбөр ирэх 17-ны өдөр хөшгөө хаах юм. Тиймээс хоёр долоо хоногийн дараа УИХ дахь сөрөг хүчин, улс төрд суудалгүй намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд энэ хөтөлбөрт дүн тавина. Үнэндээ энэ хөтөлбөрийн ихэнх хоногийг найр, наадам, овооны баяр, даншиг зэргээс шалтгаалж эзэнгүй өнгөрүүлсэн билээ. Одоо ч энэ байдал хэвээрээ... Өөрөөр хэлбэл улсын наадам, сумдын тэгш ойн баяр хаалтаа хийх болоогүй байна. Уг нь энэ хөтөлбөр эдийн засгийг эрчимжүүлэх, урсгал зардлаа танах, уул уурхайн бүтээгдэхүүн хийгээд гадаадын шууд хөрөнгө оруулалтаас шалтгаалсан санхүүгийн хүндрэлийг даван туулах учиртай гэдэг нь “Эзэн 100” гэдэг хоёрхон үгнээс илэрхий байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд 120 гаруй сумын тэгш ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх их ажилд зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулсан байх юм. Түүнчлэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ одоогоос яг 90 хоногийн өмнө үеэс өссөн үзүүлэлттэй байна. Ам.долларын ханш өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад 50 орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй. Ядахад зээлжих зэрэглэл тогтоодог “Moody’s” Монгол Улсын Хөгжлийн банкны зэрэглэлийг нэг төвшнээр бууруулж, B2 болгон баяр наадмын халуухан өдрүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эзэн 100” хөтөлбөрт дүн тавьсан. Гэвч тус хөтөлбөрт ам.долларын ханшийг тогтоон барих тухай цагаан дээр хараар тэмдэглэсэн нь бий. Харин эзэнтэй байх учиртай боловч эзэнгүй өнгөрүүлсэн 100 хоногийн ард иргэд ам.долларын ханш 2000 төгрөгт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлээд түүндээ бухимдаж сууна. Ханшаас үүссэн үнийн хөөс хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өсгөж, өнгөрсөн зургадугаар сарын байдлаар өмнөх сараас 0.5, оны эхнээс 6.7, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар, нийслэлийн хэмжээнд 15 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын 10-нд мэдээлсэн. Одоо тун удахгүй энэ улирлын өсөлтийн хэмжээг тус байгууллагаас тогтооно. Тэдний өгөх шинэ мэдээлэл ч мөн ялгаагүй “өссөн”, “нэмэгдсэн” гэсэн цөөхөн үгэнд эргэлдэх нь тодорхой байгаа юм.

Тухайлбал “Бөмбөгөр” худалдааны төвийн худалдагч Ц.Оюун “Алтан тариагаас өөр гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүн ховор болсон. Энэ нь гурил үйлдвэрлэгчид кг тутмынхаа үнийг нэмэх шалтгаан ч байж болох юм” хэмээсэн. Түүний таамаглаж буйгаар гурилын үнэ тун удахгүй “Атар” талхны араас нэмэх тэмдэг рүү тэмүүлэх нь бололтой. Тэгвэл яг жилийн өмнө нэг литрээр савласан “Өглөө” сүү 1600 төгрөг байсан бол өдгөө 2500 төгрөгт хүрчээ. Түүнчлэн юанийн ханш 300 төгрөгөөс хэтэрсэн тул хичээлийн шинэ жил иргэдэд өмнөх жилүүдээс илүүтэй дарамт үзүүлэх нь ойлгомжтой байгаа юм. Үүнээс гадна “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн арга хэмжээний дийлэнх нь хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөл, бодлогын шийдвэрийг УИХ-аар батлуулсны үндсэн дээр хэрэгжих учиртай.

Гэвч өдгөө 10 гаруйхан хоног дутуу байхад эдийн засгийг эрчимжүүлэх учиртай хууль тогтоомжоо ч бүрэн гаргаж амжаагүй байгааг дурдах нь зүйтэй. Ингээд “Эзэн 100” хөтөлбөр хэрхэн үр дүнгээ өгсөн бэ гэдэг асуултад хамтдаа хариулт хайя.
 

Э.Нямдулам
Монголын үнэн сонин