УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

- УИХ-ын нэгдсэн чуулган завсарлаад байгаа энэ цаг үед  ямар ажил амжуулж байна вэ?

- Зуншлага сайхан байна, хаа сайгүй найр наадам болоод бороо хур тэгширсэн сайхан зун болж байна. Миний хувьд улсынхаа баяр наадамд оролцчихоод эхнэр, хүүхдүүдийнхээ хамт агаар салхинд хэсэг хугацаанд гарч ирчихээд одоо албан ёсоор ажилдаа ороод байж байна. Хэд хэдэн хуулийн төслийг намрын чуулганд өргөн барих гэж байгаа тул хуулийн төслийн багийнхантайгаа өдөр болгон уулзаж, санаачилсан хуулийн төслүүд дээрээ ажиллаж байсан. Тухайлбал,   “Оюу-толгой”, “Таван толгойн” орд газрыг нийт ард түмний хяналтанд, баялгийн тэгш хувиарлалтанд оруулахын тулд “нийт ард түмний хамтарсан хувьцаат” компаний төсөл, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид, тэнд амьдарч буй иргэдийг өмчтэй байлгах зорилгоор “хаалттай хувьцаат компаний тухай” хуулийн төслүүд дээр ажиллаж байна.  Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсад газар түүний хэвлий, ой ус, амьтан, ургамал, болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн  хамгаалтанд байна хэмээн заасан байдаг. Тэгэхээр байгалийн баялгийг ард түмний мэдэлд байлгаж,  нийт иргэдэд шудрага, хүртээмжтэй хувиарлах шаардлагатай байгаа юм. Үүний нэг жишээ нь   “Эрдэнэт” хотын иргэд цэнхэр тасалбартай байсан боловч  Эрдэнэт үйлдвэрээс хувь хүртэж чадаагүй,  одоо ажиллаж буй хүмүүс нь 51 хувийн төрийн эзэмшлийн компанид ажиллаж байгаа хэрнээ хөлсний ажилтан мэт ажиллаж байгаа алдаануудыг засах нь зүйтэй гэж үзэж байгаа.

- “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтны гэрийнхэн хувьцаа эзэмшигч болно гэсэн үг үү?

-Яг л  наадах чинь. Байгалийн баялгийг ард түмэн мэдэлдээ байлгаж, тэгш хуваарилж чадахгүй,төрийн нэрээр тодорхой хэсэг бүлэг хүмүүс л баяжаад байна шүү дээ. Зарим нэг этгээдүүд УИХ-ын бүтцийг ашиглан ил тодоор дээрэм хийчихээд хэвлэл мэдээллээр эх орончдоос болж эдийн засаг хямарсан гэх мэт тархи угаалт хийж байгаа биз дээ. Энэ байдлуудыг зогсоох хэрэгтэй. Одоогоор энэ талаархи судалгааг хийж байна.  Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг цэнхэр тасалбараа өгч байсан иргэд болон, одоо ажиллаж буй иргэдэд амьд байх хугацаанд нь гадагшаа худалдан борлуулах, өвлүүлэх эрхгүйгээр нэг удаа өмчлүүлж баялагийн тэгш хуваарилалт хийж болно гэж харж байгаа юм. Энэ төсөл  амжилттай болвол бид цаашид “Тавантолгой” “Оюутолгой” гэх мэт томоохон орд газрын өөрт ноогдох хувийг  2.7 сая иргэний хувьцаат компани болгон өөрчлөөд баялгийн тэгш хуваарилалтанд оруулах боломжтой болох юм. Мөн МАК мэтийн гадаад дотоодын компаниудын ашиг олж буй гол хэрэгсэл болох байгалийн баялгаас олсон ашгаас  нийт иргэд хувь хүртэх бүрэн эрхтэй гэсэн ухамсар төлөвших боломж бүрдэх юм.

 -Ер нь  өнгөрсөн хаврын чуулганаар таны болон  танай бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцсэнгүй гэх шүүмжлэл их гарч байсан? Та хаврын чуулганаар хэрхэн юу амжуулав?

-Ер нь хууль  дээр ажиллана гэдэг өөрөө том ажил. Маш олон хүний хүч хөдөлмөр цаана нь байдаг. Гэтэл харамсалтай нь АН-ынхан үүнийг бойктолдог.  Ний нуугүй хэлэхэд хууль өргөн барихаар хүлээж авдаггүй. Авлаа гэхэд байнгын  хороогоор оруулдаггүй. Орууллаа гэхэд ажлын  хэсэг  гаргаж байгаа нэрээр мартаад хаячихдаг. Эсвэл хулгайч шиг нэрийг нь өөрчилж оруулж ирээд өөрсдийнхөө хууль болгон батлуулах жишээтэй. Гишүүдийн хийх үндсэн ажил бол хууль санаачлах. Гэтэл энэ эрхийг нь бойктлоод байсан нь нууц биш. Тиймээс аль болох олон хууль оруулах юм бол ядаж нэг нь батлагдах боломж үүсэх учраас нэлээд хэдэн хуулийн төслүүдийг дангаараа болон бусад гишүүдийн хамт санаачлан хэлэлцүүлсэн. Мөн хэд хэдэн ажлын хэсгүүдийг ахлах, зарим ажлын хэсгүүдэд орж ажилласан. Иргэдээс ирсэн бүхий л өргөдөл гомдол, санал хүсэлтүүдийг бүрэн шийдвэрлэж чадсан  учраас өмнөх чуулганыг бодвол  нэлээд бүтээлч чуулган байж чадсан гэж хувьдаа  үзэж байгаа.  

-Та УИХ-ын хаврын чуулганыг хэрхэн дүгнэсэн бэ? Хүн бүр л өөр өөрийнхөө дүгнэлтийг хийчих шиг боллоо?

-Дайны дараах нөхөн сэргээлтийг хийхэд мэдээж хүнд л дээ. Товчхондоо, өмнөх Засгийн газрын үед үүссэн хүндрэл одоо ч үргэлжилж байна.  Харамсалтай нь өмнөх болон одоогийн эрх баригчид түрийвч нэгтэй болчихсон учраас хэн хэнийхээ булхайг тийм ч амар дэлгэчихгүй бололтой байна . Өнгөрсөн хугацаанд хүнд байсан  худалдааны тэнцэл одоо л нэг тэнцвэржиж байгаа  нь сайн боловч зориудаар долларын ханшийг өсгөн, ард түмнийг бухимдалд оруулж байна. Ерөнхий сайд хэлсэн Ардын нам, авилгалтай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэж. Миний хувьд зарим сайд нарын хувьд ёс зүйгүй, хууль зөрчин , эрээ цээргүй улсын хөрөнгийг идэж ууж байсан гэдэгтэй санал нэг байгаа. Гэвч МАН-ын хувьд ард түмнийг зориуд сульдаан, бухимдалд байлгах үүднээс хамтарч идсэн АН-ын олигархиудтайгаа  нийлж, хаврын синдром үүсгэх, нийгмийг бухимдалд оруулан засгийн газрыг унагаах, МАНАН үүсгэхийн төлөө бүхий л аргаараа тэмцэн ажиллаж байсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.  Уг нь шүүмжлэл бол шүүж тунгаахын нэр юм. Шүүж тунгаагаад үнэнийг л ярьдаг байх ёстой. Гэтэл харамсалтай нь тийм зүйл харагдахгүй байна л даа. Уг нь үр дүн, бодит байдлын талаар л ярих хэрэгтэй. Товчхондоо, хаврын чуулган хариуцлага муутай байж Ардын намынхан ажил гацаах ажиллагааг эрчимтэй сайн  явуулсан. Ялангуяа Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг МАН, АН-ынхан  маш урт хугацаагаар зориуд сунгаж миний өргөн бариагүй асуудлаар гацаагаад  Тэмүүжинг огцоруулахгүйгээр авч үлдэхээр тохирсоныг би олж мэдсэн учраас  энэ тоглоомонд эс үйлдлээрээ оролцоод байх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан  юм.

-Гэхдээ сайд огцруулах томилох  болон “Давхар дээл“-ийг тайлах эсэх асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад гацаасан тохиолдол нэг бус удаа гарсан шүү дээ?

-Манай  бүлгийн зүгээс сайд огцруулах асуудлаар ерөөсөө завсарлага аваагүй. Миний мэдэхээр жишээлбэл, Х.Тэмүүжин сайдын асуудлаар завсарлага аваагүй.   Харин “Давхар дээл”-ийг тайлах эсэх асуудал бол  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хийж байгаа тоглоом байсан. Энэ тоглоомоо одоо ч гэсэн үргэлжлүүлэх байх. Хууль амьдралд  нэн шаардлагатай асуудлыг зохицуулж байх ёстой. 2016 онд хэрэгжих хууль батлах зайлшгүй яаралтай шаардлага байгаа гэж үзэж байгаа юм бол 2090 онд зориулж хууль гаргаж бас болно шүү дээ. Гэтэл амьдрал дээр нэн тулгамдаад байгаа олон асуудлууд өнөөдөр үүсээд байна.Би давхар дээлэн дээр 2016 гэдэг дээр давхар дээлийг эсэргүүцэж байгаа гишүүд санал нэгдээд байсан учраас би тэднийг эсэргүүцэж коноп дарсан.   

-Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхээр баталсан “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжээд дуусах гэж байна. Гэтэл энэ хөтөлбөрөөс эерэг дүн гарах гарц харагдахгүй байна  гэх шүүмжлэлийг  олон нийт төдийгүй эдийн засагчид хийгээд эхэлчихлээ. Таны хувьд энэ хөтөлбөрөөс эерэг үр дүн гарах боломж хэр харагдаж байна вэ?

-Эерэг үр дүн гаргах л ёстой, гаргах ч үүрэгтэй юм. Хамгийн гол нь гадаад болон дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс манай улсын эдийн засгийн өнгө тодорхойлогдоод байгаа юм. Монгол Улсыг ядуу байгаасай гэж хүсдэг хүмүүс бол гадныхан гэхээсээ илүү манай дотоодын олигархууд байдаг. Тэд гадны гар хөл болж, 2016 онд УИХ-ын гишүүн болж буцан орж ирэхийн тулд цаашлаад 2017 онд ерөнхийлөгч болохын тулд, Үндсэн хуулийг өөрчлөн ерөнхийлөгчийн болон засгийн газрын эрх мэдэл бүхий засаглал бий болгохын тулд таний ядуу байгаа нь тэдэнд ашигтай байдаг.  Тэд Монгол Улсаа ядуу байлгая гэж ярьдаг юм.  Би яг одоо Бонд болон өр зээлэнд маш их санаа зовж байна. Бондын асуудлаар цөөнгүй хүн шоронд суух байх гэж харж байгаа. Шудрага ёс гэж байдаг бол баттай сууна гэдэгт ч итгэлтэй байна.

-Яагаад?

-Бондын 1.5 тэрбум төгрөгийг чинь авахгүй гэж би эсэргүүцсэн цорын ганц гишүүн байх шүү. Яагаад гэвэл би мөнгөнд дургүйдээ эсвэл бондын мөнгөний хүү өндөр учраас эсэргүүцээд байсан юм биш. Гагцхүү энэ бондыг ямар төсөлд хэрхэн зарцуулах талаар ямар ч тооцоо төлөвлөгөө байгаагүй учраас эсэргүүцсэн. Гэтэл эрх баригчид дур зоргоороо аваад энд ч тэнд ч хэрэгтэй гээд хуваагаад авчихсан. МАН тэднийг дураараа ашиглаж дундаас нь дутаана гэдгийг мэдэж байсан учраас дэмжээд байсан. МАН-н гишүүдийг би төрийн териор хийгчид, үр могойнууд  гэж нэрлэмээр санагддаг. Яагаад гэвэл тэд болохгүй зүйлүүдийг нь мэдсээр байж дэмжээд байдаг, болохоор зүйлүүдийг нь санаатайгаар хааж боож, өөрсдийнхөө компаниуддаа орлого хийж суудаг нөхдүүд шүү дээ.  Уг нь бол МАН-ын олигорхууд  Монгол Улсыг сүйрүүлснээс болоод бэлэн мөнгөний асар их хэрэгцээ үүссэн нь үнэн. Хэрэгцээ хязгааргүй шүү дээ. Гэхдээ хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах дүрэм байдаг байхаа. Гэтэл хамгийн зохистой төслүүд нь байхгүй. Одоо өнөөдрийн болоод байгаа ам.долларын ханшийн өсөлт, эдийн засгийн уналт бүгдээрээ 2012 онд  болох гэж  байсан байхгүй юу. Гэтэл нөхдүүд тэр бондын мөнгийг аваад л гал унтраах зорилготой  зээл мэтээр хэрэглэж эхэлсэн. Дээрээс нь ямар ч бодлогогүй явсан учраас цөөхөн хүн л тодорхой хэмжээгээр баяжсан байх.  

-Бондын мөнгийг зарцуулах эрх бүхий Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ шалгаж байгаа. Таны хэлснээр тэднээс гадна шалгуулах хүн байгаа байх нь ээ?

-Зөндөө гарна. Гарахгүй яах юм. Эцсийн эцэст энэ бондыг  2017 оноос байна уу эхлээд  эргэн төлж эхлэх ёстой. Тэр үед мөнгө хаачсан бэ гэдэг асуултыг хүн бүр эд нарт тавьж таарна. Хэн нэгэнд  мөнгө өгсөн бол эргээд тэр мөнгө юу болсон бэ гэдгийг харах ёстой. Гэтэл төсөл хөтөлбөр биш зүгээр л тавиад туучихсан. Бонд зээл хоёр тусдаа ойлголт. Зээл байсан бол “Эдийн засаг хямарсан,  хэцүү байна” гээд төлөх боломжгүй байна гэж тайлбарлаад хойшлуулах, хүүгээ хөнгөлүүлж болох бол бондын мөнгийг үг дуугүй л төлөх  үүрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн үүссэн нөхцөл байдал ямар байна гэхээр нөхдүүд бондын мөнгөний тодорхой хувийг банкинд аваачаад хийчихсэн.  Гэхдээ зүгээр биш, нөгөө банкаа аварч байгаа маягаар аваачаад хийчихсэн.  Доллар хямд байхад төгрөг болгосон. Бид доллороор өрөө төлөх ёстой. Энэ бондын мөнгөний зарцуулалтын талаар бидэнд тайлан мэдээ  гэж маш зузаан материал ирсэн. Хэдийгээр би эдийн засагч биш ч эдийн засгийн зөвлөх болон бусад хүмүүсийнхээ хамт харахад маш хариуцлагагүй тайлан харагдаж байсан.  Товчхондоо, энэ бондын асуудал нэг л өдөр чих халууцуулж эхлэхийг үгүйсгэхгүй.

-“ЭЗЭН 100”-гээс эерэг үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудлыг ярьж таарахаар байгаа. Сөрөг хүчний зүгээс эерэг үр дүн харагдахгүй бол шаардлага хүргүүлж, хариуцлага тооцно гэсэн бол эрх баригчид өөрсдөө хариуцлагын асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн байгаа? Мөн танай намын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээ яваад байгаа.

- Урвагчид үргэлж улс оронд гай тарьж байсан. Тэд зорилготоо хүрэхийн тулд юу ч төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хэвлэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх зохиолыг манай намын хэдэн албан тушаалд очсон нөхдүүд захиалж хийлгэж байгаа юм. Нам байртай байх ёстой. Бид ямар Ардын нам шиг таван хүнийг буудаж алаад, төсвөөс мөнгө авах ёс зүйтэй нам бол биш.  Гишүүдийнхээ хандиваар намын байраа босгох дүрэмтэй нам. Гэтэл Н.Энхбаяр дарга намын даргын хувьд намыг байртай болгох хэлэлцээр хийсэн үү гэвэл хийсэн. Урьдчилгааг олж  хийлгүүлсэн үү гэвэл хийсэн. Харин үлдсэнийг нь хэн хийх ёстой юм. Нам, намын гишүүд хийх ёстой. Төлбөр төлөхгүй гэх  хүсэлтэй хүн, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муухай харагдуулж,  ямар ч хамаагүй үнээр хамаагүй МАНАН байгуулъяа гэх бодолтой хүмүүс нийлж, манай намын урвагчдыг ашиглаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Гэхдээ тэдний зорилго тийм ч хол явахгүй нь ойлгомжтой. Намынхаа төлөө дугарсан, намаа авч үлдэхийн төлөө хөөцөлдсөн хүн  гэмт хэрэгтэн байдаг юм бол Монгол улсын бүх хүн гэмт хэрэгтэн болох ёстой байх.  

-Тэгвэл эдийн засагт эерэг үр дүн харахгүй байгаа  юм бол та болон эвслийн бүлгийн зүгээс хариуцлагын асуудал ярих уу?

-Миний хувьд өдөр бүр л хариуцлага, шаардлагын асуудлыг ил тодоор ярьж шаарддаг. Хэрэв та санаж байгаа бол маш олон сайдуудыг огцрох ёстой гэж хэвлэлээр мэдэгдэж байсан. Бүр өөрөө огцоруулах бичиг ганцаараа өргөн барьж байсан шүү дээ. Тэмүүжингийн асуудлыг би мэдээж орхиогүй. Орхих бодол ч байхгүй байна. Тендэрүүдтэй холбоотой асуудлаар шалгуулж аудитын дүгнэлт гаргуулсан. Маш ноцтой мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гарсан учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар албан ёсоор хандсан байгаа. Хариу ирэхээр дахин асуудлыг хөндөж тавих бодолтой байна.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа