Аялал жуулчлал гэхээр үүргэвч үүрсэн шар толгойтой нөхдөөр төсөөлдөг үе ард хоцорчээ. Монголчууд эх орны­хоо үзэсгэлэнт байгалиар ёстой л нэг аялсан шиг аял­даг болж.

Зун болонгуут майхан саваа машиндаа ачиж аваад гэр бүлээрээ аялаад сурчихаж, манайхан. Аялал жуулчлалын салбараа бид өөрсдөө тэтгэхээр хэмжээнд хүрчээ гэж хэлэх гээд байна л даа. Хөвсгөл далай гэхэд л зунжин, намаржин наадмын өдрүүдийн Хүй долоо худаг шиг хүний хөлд дарагддаг болж. За тэгээд Буйр нуур, Тайхар чулуу, Өгий нуур, Хамрын хийд, Эрдэнэзуу гээд яривал бахдаад барш­гүй үзэсгэлэнтэй, түүх өгүүлсэн утга учиртай газар нутаг Монголоор нэг бий. Үзэсгэлэнтэй, гоё гэсэн ямар ч газар очсон, жуулчдын ихэнх нь дан монголчууд байна. 

Ер нь үүргэвч үүрч дугуй унаад Монголыг хөндлөн гулд туулдаг гадны жуулчдыг жуулчны компанийнхан “харамч” гэж зүгээр ч нэг нэрлээгүй санагддаг юм. Зар­дал багатай амардаг нөх­дийн хувьд  жуулчлалын сал­барт хаялга гэх юм үгүй. Үсрээд ойр зуурын хүнс, ундаа усхан гээд л энд үлдээх мөнгө нь тун цөөхөн доллараар хэмжигдэнэ. Монголд олноороо аялдаг Азийнхан гэхэд их үндсэрхэг. Солонгос жуулчдыг гэхэд дэлхий даяараа  “царцаа нүүдэлчид” гэдэг юм билээ. Тухайн орныхоо аль гоё гэсэн болгоныг үзээд зөвхөн үндэснийхээ хөрөнгө оруулалттай зочид буудалд хонож, үндэснийхээ ресторанд хооллоод явдаг учир ингэж нэрлэсэн хэрэг. Анзаараад бай­хад солонгосчууд Солон­го­сынхоо  хөрөнгө оруулалт­тай ресторанд, япончууд гэхэд япон ресторандаа хоол­лоцгоож харагддаг. Мэдээж жуулчдын компаниар дамжин Монголд өчнөөн доллараа зарж үрээд аялдаг хэсэг бий л дээ. Гэхдээ дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөж, цэнхэр гаригийн том буудлууд хүртэл эзгүйрээд эхэлсэн энэ үед Монголыг зорих гадны жуулчдын тоо ч цөөрсөн.  Яг өдийд аяллын цаг учраас энэ жил хичнээн жуулчин гадаадаас ирснийг хэлэхэд эрт байна. Өнгөрсөн жилийн тоог сонирхъё. Монгол Улс өнгөрсөн онд 417 мянга гаруй жуулчин хүлээж авсан байх юм. 2012 онтой харьцуулахад 12, 2011 оныхоос бараг арван хувиар буурсан тоо гэж статистикийнхан онцолж байна. Монголд аялдаг жуулч­дын ихэнхийг буюу  дөч гаруй хувийг бүрдүүлдэг урд хөршийнхний аялагчдын тоо гэхэд өмнөх жилийнхээ ирснээс хорь гаруй хувиар буурсан харагдана. Одоо дотоодын жуулчид эх орноороо яаж аялсан тоог харъя. Мөн л өнгөрсөн оны статистик. Хоёр сая 176 мянган иргэн дотооддоо зорчсон гэсэн тоо гарчээ. Монголчууд эх орныхоо зүг бүрт тэднээс дутахгүй их аялдаг болсныг  сая дурдсан баримтаас харж болно. Бараг тэр чигээрээ л аялдаг болсныг энэ тоо нотолж байна. 

Монголчууд Монголынхоо аялал жуулчлалын салбарыг тэжээгээд эхэлчихсэн энэ үед төрд хэдэн үг дайхгүй бол болохгүй нь. Уг нь хаана аялал цэцэглэж байна, тэнд төр үүргээ гүйцэтгэх учиртай.  Тэгж байж аялал жуулчлалын салбараасаа ахиу мөнгө олох учраас иргэддээ үйлчлэхээс ч аргагүй. Ухаалаг төртэй улсад төр нь энэ үүргээ айхавтар мэдэрч  үйлчилсэн шиг үйлчилж чаддаг. Аялал жуулчлалын салбарт төрийн үйлчилгээ хэрэгтэй гэж яриад байгаа нь ийм учиртай. Адаглаад хөдөөгийн замууд дээрээ тэмдэглэгээ хадчихмаар санагд­даг. Хар замаар явж байгаад сум, багууд руу салсан шороон замуудаар ороход ёстой төөрдөг байшин шиг юм болно. Тийшээ, ийшээ явбал төчнөөн км явна гэж зүг чиг заасан самбар харин ч нэг байхгүй дээ. Нэг сумаас нөгөө сум руу хар таамгаараа жирийлгэхээс аргагүй. За тэгээд Дорнын талаар бол зам мэдэхгүй нөхөд төөрөх энүүхэнд. Нүд алдам талаар давхиад байхад л тэмдэг, самбар хүний урманд таарах­гүй. Шөнө орой зүгээ алдсан улсын хувьд бүр яриад байх юм биш. Зүй нь аяллын гол замууд дээр цагдаагийн пост хүр­тэл ажилламаар байгаа юм. 

За тэгээд аялагчдын очих дуртай газрууд руу хатуу хучилттай зам тавьж амжаагүй гэсэн зовлон бий. Уг нь төрд  аяллын салбараасаа мөнгө олох хүсэл байгаа бол зам тавих ёстой гэдгийг захын хүн гадарлана. Гэтэл наадмын үеийн Хүй долоон худаг шиг түм түчигнэсэн Хөвсгөл рүүгээ гэхэд өнөөдрийг хүртэл асфальтан зам тавьж амжаагүй байх жишээний. Ирэх жилдээ бол засмалаар Хөвсгөл рүү сүнгэнэчих юм яриад байгаа. Гэхдээ Хөвсгөл далайгаас цаашаа Хорьдол сарьдаг энэ тэр гээд үзэсгэлэн бүрдсэн газар өчнөөн бий. Тийшээ тэвчээр заан сэгсчүүлсээр очсон жуулчид бол үзэсгэлэнг нь дуу алдан шагшдаг. Ихэнх нь чулуутай энхэл донхол замаар явахыг хүсдэггүй. Далай үзээд л наашилдаг.  Асфальтан зам тавьдаггүй юмаа гэхэд сайжруулсан шороон зам тавьчихвал Хөвс­гөл нутгийн үзэсгэлэнг бахдах хүсэлтэй хүн өчнөөн бий. Аялагчид цувах хэрээр Хөвсгөлийн захын сумдынхны ахуй амьдрал ч дээшлээд ирнэ. 

Зам гэснээс дугуй засва­рын газрууд хөдөө бараг алга. Нурах шахсан амбаарын гадна дугуй засварын газар гэсэн бичиг хаа нэг харагдана. Тэр газрууд нь ажиллахаасаа ажиллахгүй нь их.  Төв суурин газруудад зам дагуу дугуй засварын газрууд ажиллуулах хэрэгцээ байгааг захын аялагч хэлнэ дээ. Албан ёсны зөвшөөрөл өгөөд албан ёсоор ажиллуулах газрыг хэлээд байна л даа. Түүнээс биш өнөөдөр овоо хэдэн төгрөг олчихоод маргааш нь хаагаад наадамдаад явдаг эзэнтэй засварын газар бол дэмий. Тогтоогоод өгсөн цаг нараар ажилладаг албан ёсны дугуй засварын газрууд зам дагуу ажиллуулбал аялагчид нэмэгдэж, нутгийн иргэдийн амьжиргаа дээшлэхэд нэмрээ өгөхөөр л шийдвэр. 

Байгалийн үзэсгэлэнгээрээ олныг далласан суурин газруу­дад нэг том зовлон бий. Зочид буудал, зоогийн газар гэж өрөвдмөөр оромжирхуу юм угтана. Аль арваад жилийн өмнөх хуучин жижигхэн бай­шин­гууд голдуу. Уг нь тохилог, цэвэрхэн, аятайхан буудлуудтай бол зориод очсон аялагч овоо хэд хонохыг бодно. Тэр хэрээр аялагчийн халаасан дахь мөнгө тэнд үлдэж, алс бөглүү суурингийн иргэдийн амьдрал сэргээд ирнэ. Иймэрхүү аар саар асуудлыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор ч юм уу дэмжээд, буудал барихад нь хөрөнгөөр дэмнээд өгвөл төрд “Ядуурлыг яаж бууруулах вэ” гэж шанаагаа тулах шаардлага гарахгүй. Амьжиргаа сайтай төв газрынхан бөглүү суурингийн иргэдээ аялал жуулчлалаар дамжаад тэжээчихнэ.  

Төрдөө хаяглаж хэлэх бас нэг зовлон байна. Аялагчид олноор очдог нутгийн иргэдэд сургалт явуулмаар байна. Салбараа хариуцсан яам нь жаахан сэтгэл гаргачихад бүтчих асуудал байгаа юм. Сэдэв нь тийм хүнд биш. “Аялагчид та нарын амьдралд ямар хэрэгтэй вэ, аялагчидтай яаж харилцах вэ” гэсэн энгийн агуулгатай сургалт. Аялагчдад муухай хандахгүй бол тэд дараа жил дахиад ирнэ, аягүй хандвал ирэхээ байж, та нарын амьжиргаа доошилно гэчихэд бараг болчихно л доо. Монголын хаана ч очсон нутгийн иргэд аялагчидтай сайхан харилцана гэж үгүй. Аялагчдыг хүн гэж харахаас илүү мөнгө гэж харах нь олон. Хахарсан айраг, өмхийрсөн шахуу махаа зарах гээд шогшоод очно. Энэ авахгүй гээд яах юм гэсэн аятай харьцана. Ам халсных аялагчдад бас нэг зовлон бий. Нэг сайхан газар майхнаа хатгаад гэр бүлээрээ тухлах гэж байтал нутгийн нэг нөхөр давхиад ирнэ. Бүдүүн бааздуу нөхдүүд  сүрхий саймшраад салж өгөхгүй тух алдуулдаг жишээг хөдөө аялаад ирсэн хүн бүр ярих байх. Аялагчдад зориулсан үйлчилгээний стандарт, харилцааны соёл энэ тэрийг нь аялал хөгжсөн нутгийн иргэдэд учирлаад ойлгуулах энгийн хэрнээ хэрэгтэй тогтолцоо хөдөөд одоохондоо лав алга.  

Монголын хүн амын тэн хагасаас  илүү нь Улаанбаатарт ажиллаж амьдардаг. Эдийн засагт эргэлддэг мөнгөний ихэнх нь нийслэлийнхэнд бий. Төрөөс бага зэргийн зохицуулалт хийчихэд л энд эргэлдэж буй их мөнгө аялал жуулчлалын цагаар хөдөө рүү цутгаж, монголчуудын мөнгө Монголдоо үлдэх боломж байна. Эдийн засаг хүндхэн байна гэж дэлхий даяараа хөмсгөө зангидсан энэ үед аялал жуулчлалын салбараараа бие биеэ тэтгээд сайхан амьдрах боломж байна даа, уг нь.    

Ц.БААСАНСҮРЭН