Ардын нам УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээсээ илүүтэй “дагуур магнай”-н үүрэг гүйцэтгэх болсоор удаж байгаа. Нам нь ийм нөхцөл байдалд байхад намынх нь дарга  хүртэл тийм болж орхилоо. Өнгөрсөн бямба гарагт болсон тус намын Бага хурлаар Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийн нэрийг тодруулсан билээ. Ардын намын дарга Ө.Энхтүвшин есхөн хүний саналын дутуугаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд ялагдаж, намынхныхаа дунд хэр зэрэг нэр хүндтэй яваагаа бататгаад авах шиг боллоо. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа хэцүүхэн байдалд орсон Ардын намыг түүнээс өөр толгойлоод аваад явчих хүн байгаагүй учир Ө.Энхтүвшинг намын даргаар сонгосон гэдэг яриа улс төрийн хүрээнийхний дунд байдаг. Тиймээс ч түүнийг Орон нутгийн хурлын сонгуульд намаа толгойлоод аваад гарч чадах болов уу гэсэн асуулт тухайн үед хүн бүрт байсан тал бий. Намынхныхаа итгэлийг алдахгүйн тулд шинэхэн дарга Ө.Энхтүвшин тухайн үед малчидтай уулзалт хийж, Орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгааг өөрийн биеэр хийж байсан гэхэд хилсдэхгүй. Орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнг зарлахад Ардын нам мөн л ялагдал хүлээсэн. Гэхдээ “Үнэмлэхүй биш” гэж Ө.Энхтүвшин дарга намынхныгаа тайтгаруулж байсан удаатай. Гэхдээ шинэчлэлийг хүссэн зарим нөхөрт энэ бүхэн нь таалагдаагүйгээс болж Ө.Энхтүвшин даргыг огцруулах асуудлыг ч хөндөж байсан удаатай. Ямартай ч Ардын намын удирдлагуудын “дагуур магнай” болох түүхийг тэрбээр эхлүүллээ.

эх сурвалж

Р.Сарангоо