Манайхан их хачин. Юмыг бүхэлд нь харнаа нэг байхгүй. Гадаад харилцаа гэхэд л саяхан Японд хийсэн айлчлалыг баахан дүгнэв.

Тэгээд Хятадын Си Ципиний айлчлалыг баахан дүгнэв. Одоо Путиний айлчлалыг бараг бүгдээрээ дүгнэж байна. Нөгөө АНУ, Европын Холбоо нь хаачсан юм ёстой бүү мэд. Энэ үеэр Солонгосын Гадаад хэргийн сайд айлчлав. Үйлтэйгээрээ Лу.Болдоос өөр түүнийг тоож байгаа хүн алга. Адилхан л “иж бүрэн түнш” ш дээ. Энэ талаар хэдэн үг хэлэх гэсэн юм…

Түншлэл олон янз
Ингэхэд түнш, түншлэл гэдэг үг ямар утгатай мэдэх монгол цөөхөн. Монгол хэлэнд түнш гэдгийг: 1. Дотно найз, нөхөр, 2. Худалдааны ажилд итгэж харилцах этгээд гэсэн хоёрхон утгаар ойлгодог. Харин дипломат ёсонд арай өөрөөр авч үздэг бололтой. Гэсэн хэдий ч хэт олон улстай түнш болдог жишээ нэг их олон биш байх…
Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол Улс түнш болох дур зуршилтай болов.

Монгол Улс эдүгээ 157 улстай дипломат харилцаатайгаас 10 улстай түншлэл тогтоогоод байгаа ба 3 нь стратегийн түнш улс юм. Хятад, ОХУ, Япон улстай стратегийн түншлэл тогтоосон ба АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Түрэг гэсэн таван улстай иж бүрэн түншлэл, Австрали, Канад улстай өргөтгөсөн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд багтаж буй орнуудтай байна. Одоо дээрээс нь “иж бүрэн түншлэл” нэмэгдэж байна.

Эдүгээ Монгол Улс 10 улстай түнш, 3 улстай стратегийн түнш, 5 улстай иж бүрэн түнш, 2 улстай өргөтгөсөн түнш, 1 улстай стратегийн иж бүрэн түнш болоод байна.

Үүнийг нэг талаас гадаад харилцаа жигтэйхэн сайхан хөгжиж байгаа гэж ойлгож болох байх. Нөгөө талаас дэлхийн ямар ч том улсад ийм олон түнш байдаггүй болохоор ямар нэг гаж үзэгдэл гэж үзэж болно. Миний ойлгож байгаагаар гаж үзэгдэл нь үнэн юм.

Дүгнэхэд учир бий
Япон, Хятад, Орос гэхчлэн “ганц ганцаар” нь дүгнэх нь шинжлэх ухааны талаас нэн буруу, улс төрийн талаас өрөөсгөл болох нь мэдээж атал Монголын бараг бүх улс төрч судлаачид энэ тэнэг ажлаар мэдэмхийрэн солиорох бөлгөө.

Монгол Улс ганц, түүний гадаад орчны субъектууд маш олон. Тиймээс эдгээрт гарч буй өөрчлөлт, хандлага, нөлөөллийг бүхэлд нь харж дүгнэх нь зүй ёсны бодит шаардлага мөн. Энэ бол шинжлэх ухааны системийн анализ гэдэг ангилалд багтах дээд түвшний ажил мөн.

Энэ жил гэхэд л Японд айлчлав. Японы Ерөнхий сайд Ш.Абэ: “Япон Монгол хоёр бол Зүүн Хойт Азид хамгийн ойр дотно стратегийн чухал түнш орнууд болсон төдийгүй зөвхөн хоорондоо түншлэх төдийгүй бүс нутгийн хэмжээндээ хамтдаа хувь нэмэр оруулдаг орнууд болжээ” гэж дүгнэв. Ийнхүү Монгол Улс Австрали улсын дараагаар Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах 15 дахь орон болов. Улмаар хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх “Эрч” санаачилгыг ажил хэрэг болгох боломж бүрдэв.

Дараа нь Хятадын Си Цинпин дарга айлчлав. Стратегийн иж бүрэн түншлэл тогтоов. Бидний горьдсон зоргоор нэг их мөнгө өгсөнгүй. Өгсөн мөнгийг нь идчихээд манай эдийн засгийг сөнөөсөн гэж загнадаг болохоор айгаа биз…

Дараа нь Путин айлчлав. Тус болбол ус болдог гэдгийг мэддэг учраас болгоомжлоо биз. Манайхан бас л дүгнэж өгч байна.

“Нийлүүлээд дүгнэдэг” юмыг толгой гэдэг, иймээс ганц ганцаар нь дүгнэдэг тэнэг зангаа больж үз. Ер нь ингэхэд хоёр хөршийгөө түнш гэдэг монгол хүн байдаг юм уу ?!
Харин Монголын гадаад бодлого, эдийн засгийг асар хурдтай өөрчлөгдөж буй дэлхий дахинаа, зөрчилт, зохиролт олон улсуудын дунд яаж авч явах ёстой гэдгийг хэн ч дүгнэхгүй байгаад манай гачлан оршино.

Миний бүрэн итгэлтэй үзэж байгаагаар яг одоо суугаад энэ олон түншийн гэрээ хэлэлцээрээ эмхэлж цэгцлээд гадаад бодлого, эдийн засгаа ямар чиглэлээр, яаж хөгжүүлэх гэж байгаагаа гадаадад ч, дотоодод ч тов тодорхой болгох ёстой. Наад зах нь худал хэлэхгүй, хулхидахгүй байх, хэлсэн үгэндээ эзэн болох явдлыг зарчим болгон оруулах ёстой. Нээрээ шүү…

Харин үүнийг хийхэд “эмнэлэг шиг ажилладаг ухаалаг төр” биш, шинжлэх ухаанд тулгуурласан, үндэстэндээ үйлчилдэг хүчирхэг төр хэрэгтэй.

Тэгэхлээр асуудал бидэнд байна. Тэнэг царайлчихаад тал тал тийшээ далжигнаад л…

Судлаач Х.Д.Ганхуяг