“Монголын Цахилгаан Холбоо” компани нь 1911 оны Үндэсний хувьсгал өрнөсөн цаг үетэй эн зэрэгцэн байгуулагдсан Монголын Харилцаа Холбоо компанийн үргэлжлэл болж, үйл хэргийг нь нэр төртэйгөөр эрхэлж ууган компаниудын нэг.

 

Тус компани нь өнөөдөр монгол улсын 21 аймаг, 180 гаруй сумдад суурин утас, интернэт, улс хоорондын яриа, кабелийн телевиз, лавлах үйлчилгээ зэрэг харилцаа холбооны цогц үйлчилгээг үзүүлдэг юм. 1995 оны хувьчлалаар “Монголын Цахилгаан Холбоо” ХК байгуулагдахдаа төрийн өмчийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болсон бөгөөд тус компанийн 54.67 хувийг Монгол улсын Засгийн газар, 40.0 хувийг Бүгд найрамдах  Солонгос улсын Кореа Телеком корпораци, үлдсэн 5.33 хувийн хувьцааг дотоод, гадаадын иргэд, байгууллага, холбоочид эзэмшиж байна.

 

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж, хэрэглэгчиддээ харилцаа холбооны үйлчилгээг хүргэх бүх нийтийн үүргээ биелүүлэхийн төлөө үе үеийн удирдлагууд болон нийт ажилтнууд олон ажлуудыг хийж ирсэн ч сүүлийн 20 жил дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас компанийн цаашдын хувь заяа хэцүүхэн төрхтэй болсон нь харамсалтай.

 

Энэ нөхцөл байдалд орсонд нь МУЗГ, Кореа телеком компани гэсэн хоёр гол хөрөнгө оруулагчийг буруугаас болсон байна.

 

Учир нь үйлчилгээ үзүүлэх техникийн үндсэн сүлжээ нь Монголын төрийн өмчит өөр компанийн мэдэлд байдгаас болж зах зээлээ өргөжүүлэх боломж хязгаарлагдмал, шинэ үеийн технологи, үйлчилгээг нэвтрүүлэх тусгай зөвшөөрлүүдийг олгодоггүй байдал нь Монгол талын хөрөнгө оруулагчийн энэ компанийн хөгжилд тээг болж буй үндсэн нөхцөл юм.  Харин шинэ технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийдэггүй байдал 19 жил үргэлжилжээ. Энэ нь Солонгос талын хөрөнгө оруулагчийг гол буруутгах зүйл болж байна.

 

Энэ байдлаас гарахын тулд Монголын Цахилгаан Холбоо компанийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, Мэдээлэл, харилцаа холбооны салбарын ахмадын нэгдсэн хороо, компанийн нийт ажилчид МУЗГ, Кореа телеком корпорацид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал шаардлага хүргүүлсэн байна.

 

Цаашид ямар нэгэн дорвитой алхам хийж, технологио шинэчилж, шинэ бизнес эхлүүлэхгүй бол энэ компанийн төлөө ажиллаж буй 1000 гаруй ажилчид ажилгүй болж, алслагдсан сум, орон нутгийн иргэд харилцаа холбооны үйлчилгээ авах боломжгүй болох нөхцөл тулгараад байгаа аж.

 

Хэрэв өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр үргэлжлүүлбэл Монголын цахилгаан холбоо ХК 1-2 жилийн дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, дампуурлын ирмэгт тулах нь...

 

Ашиггүй хэмээн үүрэн холбооны операторуудын ордоггүй алслагдсан аймаг, сум, орон нутгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэж, харилцаа холбооны салбартаа, 100 жилийн түүхтэй компанидаа бага цалинтайгаар үнэнчээр ажилласаар байгаа 1000 гаруй ажиллагсад, тус компанид харъяалал бүхий 1000 гаруй ахмадууд, тэдний ард байгаа олон зуун гэр бүл идэх хоолноосоо салахад хүрвэл ,,Хариуцлагыг нь хэн үүрэх вэ?’’