МАХН-ын ирээдүй тун бүрхэг болж ирэв. Тэд 2012 онд Н.Энхбаярын ачаар УИХ-д 11 суудал авчихсан. Хэний ч санаанд оромгүй амжилтыг үзүүлсэн билээ. Тийм учраас Ц.Нямдорж тэднийг “Н.Энхбаярын бор оймсонд хавчуулагдаад ороод ирсэн” гэж зүйрлэсэн удаатай. Өөрөөр хэлбэл манай одоогийн сонгуулийн хуулийн цоорхой хороон дарга хийж байгаад халагдсан хүн УИХ-ын гишүүн болоод хойморт гараад суучихсан боломжийг нээсэн билээ. Ганц хүний нөлөөгөөр УИХ-д сууж хоёр том намын дунд чадварлаг тоглолт үзүүлэн Засгийн хамтрагч болсон МАХН-ынхан өнгөрсөн хавраас цаашдынхаа хувь заяанд ихээхэн санаа зовох болжээ. 

    Учир нь тэд Н.Энхбаяргүйгээр их улс төрд хаашаа ч явж чадахгүй гэдгээ сайтар ойлгож байгаа. Тэгээд ч Н.Энхбаяр хэсэгтээ гадаадад эмчлүүлж, цаашдаа ч их улс төрөөс хөндийрэх тухайгаа намынхандаа тайлбарлажээ. Хэрэв Н.Энхбаяр улс төрөөс алхам алхмаар холдсоор байвал МАХН-ынхан бас л алхам алхмаар улс төрөөс арчигдана гэсэн үг л дээ. Нөхцөл байдал ингэж үргэлжлэх учир МАХН-ынхан гарц хайжээ. Тэдний өмнө гурван зам бий. Нэгд МАН-тайгаа учраа олох. Хоёрт одоогийн хамтрагч АН-тайгаа нэгдэх. Гуравт дангаараа улс төрд явах. Эдгээрээс хамгийн муу хувилбар бол гуравдахь нь юм. Тэд МАХН гэдэг нэрээрээ дангаараа 2016 оны сонгуульд оролцоход л бараг арчигдана. Тэгээд л дуусаа. Иймээс МАХН-ын голлох удирдлагууд хоёр дахь замыг сонгожээ. Уг нь олон нийт ч, МАН-ын удирдлага гишүүд ч МАХН-тай нэгдэх хүсэлтэй. Харин МАХН-ынхан тэдний хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл АН-тай ойр байх нь ирээдүйд хэрэгтэй гэж МАХН-ынхан үзжээ. Ингээд АН-тай алсдаа хамтран ажиллах гэрээ байгуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нилээд хэдэн удаа ярилцжээ. Засгийн тэргүүн хамтрагчаа үргээчихгүйн тулд “за” гэдгээр аргалсаар иржээ.

    Учир нь өнгөрсөн хавар МАХН болон АН-ын нууц гэрээ гэгч хэвлэлээр гарч багагүй дуулиан дэгдээсэн. Тэгэхэд хүмүүс энэ гэрээний учрыг сайн ойлгоогүй юм. Хүмүүс байтугай намынх нь гишүүд, МАН-ын туршлагатай улс төрчид юу болоод байгааг ухаж дүгнээгүй. Зарим нэгэн ажигч хүмүүс “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орохын тулд хоёр жилийн өмнө АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгтэл дахиад юун нууц гэрээ гараад ирэв ээ гэж гайхаж байгаад орхичихсон юм. 

    Гэтэл уг гэрээ үнэхээр ноцтой асуудлыг хөндөж байжээ. Хүмүүсийн учрыг олоогүй уг нууц гэх гэрээгээр дамжуулан МАХН-ынхан 2016 оноос хойш АН-тай хамтран ажиллахаар тохиролцох гэж оролджээ. Өөрөөр хэлбэл МАХН-ынхан 2016 он хүртэл бид хамтран ажиллана. Цаашид ч гэсэн танай намтай хамтран ажилламаар байна. Бидэнд урт удаан хугацааны хамтын ажиллагаа хэрэгтэй гэж ярьсан сураг гарлаа. Харин АН-ынхан 2016 оноос хойш хамтран ажиллана гэдэгт нилээд цааргалж ханджээ. 2016 онд нам яагаа ч билээ. Хэрэв 2016 онд МАХН-тай эвсэж сонгуульд оролцьё гэвэл намын гишүүд зөвшөөрөх үү? намд ашигтай хувилбар мөн үү? МАХН-д хол замд хэрэг болох хүчтэй лидер олон бий юу? гэх мэт олон асуудлыг эргэцүүлэн бодох хэрэгцээ шаардлага гарчээ. Тийм ч учраас АН-ын удирдлагуудын зүгээс МАХН-ын нууц гэрээ гэгчийг ил болгосон байх магадлалтай юм. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “2012 оны сонгуулиар бид хамтран ажиллах гэрээ байгуулчихсан. Түүнээс тусдаа гэрээ байгуулах ямар шаардлага байна аа. Харин 2016 оноос хойш хийх гэрээнийхээ асуудлыг ярья гэдэг саналыг Шударга ёс эвсэлийнхэн тавьдаг” гэж хамтрагчийнхаа нууцыг дэлгэсэн юм. Эндээс дүгнэж үзвэл АН-ынхан “Шударга ёс” эвсэлийн алсын гэрээ гэдэгээс ихээхэн болгоомжилж бас залхаж байгаа бололтой. 

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол 2016 онд хамтдаа ялалт байгуулж дараа нь Н.Энхбаярыг НҮБ-д ажиллуулах гэсэн зорилгын цаана өөр нэгэн санаа агуулагдаж байгаа аж. Энэ бол МАХН алсдаа АН-тай нэгдэж магадгүй талаар зарим удирдлагууд нь ярьж эхэлсэн бололтой. Хэрэв үнэн бол энэ асуудал маш нууцын зэрэгтэйгээр цөөн удирдлагуудын ярианы сэдэв байж мэдэх юм.  

    Зарим ажиглагчид 2016 оноос өмнө “Шударга ёс” эвсэлийн нилээд олон гишүүн АН-д элсэнэ гэж ярих болсон. Нилээд хэд биш нилэнхүйдээ АН-тай очиж ураг барилдаж магадгүй нөхцөл байдал ийнхүү үүсч 2016 оноос хойш хамтран ажиллья гэж гэрээний төсөл барьж гүйхийн цаана ямар санаа агуулагдаж байна вэ?