Иргэн та бид ирэх жил идэж уух, эдэлж хэрэглэхээр тааруухан байх нь. Учир нь бидний цалин хөлс нэмэгдэхгүйгээс гадна хот, хөдөө гэлтгүй иргэд татварын дарамтад орж, олсон хэдээ суйлуулах шинжтэй. Энэ бол ирэх жил иргэд хэрхэн амьдрахыг зурагласан 2015 оны төсвийн төслийн ерөнхий дүр төрх юм.

Ирэх оны төсвөөс харахад улс орны эдийн засаг туйлдаа хүрч, иргэдийнхээ халаас руу гүехэн гар дүрэхгүй бол хүндхэн байдалд ороод байгаа нь илт харагдаж байна. Тийм ч учраас эрх баригчид ирэх жил иргэдээ татвараар дарамтлахаар шийдсэн бололтой. Хэдийгээр Н.Алтанхуяг сайд Засгийн газрын бүтцийг шинэчлэн томъёолж батлуулснаар засаг шинэ бүрэлдэхүүнээр ажиллахаар болоод байгаа ч ирэх оны төсвийг хуучин бүтцээр тооцоолон боловсруулсан нь улстөрчдийн дунд багагүй маргаан дэгдээгээд байгаа юм. Үүнтэй зэрэгцэн ирэх оны төсөв маш олон асуудлыг араасаа дагуулах нь нэгэнт тодорхой болоод байна. Учир нь ирэх оны төсвийг ерөнхийд нь татварт зориулсан төсөв болгон хувиргасныг УИХ дахь сөрөг хүчнийхэн төдийгүй АН-ын зарим гишүүн шүүмжлэн хүлээн авч байгаагаа хэвлэлийнхнээр дайж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны төсөвт дөрвөн төрлийн татварыг шинээр бий болгохоор тусгасан байна. Ингэж иргэдээ олон төрлийн татвараар дарамтлахын учир нь улсын төсөвт орлого орж ирэх гарцыг эрх баригчид олж чадахгүй байгаагаа зарласан явдал бөгөөд засгийн эрх барьж байгаа нам эдийн засгийн уналтын өмнө үндсэндээ хэлээ гаргаад бууж өгч байгаагийн нэг илрэл ч гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, иргэдээсээ ингэж төрөл бүрийн татвар авахгүй бол улс орноо удирдан жолоодож чадахгүйд хүрээд байгаа бололтой. Та бидний халаас руу төр гар дүрэхдээ тээврийн хэрэгслийн татвар болон үл хөдлөх хөрөнгийн татварыг тус бүр хоёр дахин нэмэгдүүлэхээр зэхэж байна. Түүнчлэн малчдаас малын хөлийн татвар авахаас гадна хотын татварыг нэмэгдүүлэхээр төсөл боловсруулаад байна.

 

Хотын татвар.

Товчхондоо энэ татварын гол агуулга нь нийслэл хотод амьдарч байгаа иргэн та бүх төрлийн татварыг төлснийхөө дараа хотын иргэн болох боломжтой болно гэсэн үг. Харин эрх баригчдын боловсруулаад байгаа энэ татвар нийслэлийн иргэд төдийгүй Нийслэлийн Засаг даргыг ч багагүй бухимдахад хүргээд байна. Э.Бат-Үүл дарга бухимдахын учир нь хотын татварт зааснаар 2015 оноос эхлэн“Хотын иргэдээс төрөл бүрийн татвар авснаар төрийн албан хаагчдаа цалинжуул” гэх чиглэлийг Э.Бат-Үүл даргад даалгаад байгаа явдал. Хотын татвар гэдэгт хамгийн түрүүнд орон нутгаас нийслэлд шилжин ирж байгаа иргэн бүрээс тодорхой хэмжээний татвар авахаас гадна агаар бохирдуулсны болон нэг дүүргээс нөгөөд шилжсэний татвар ч энд багтаж байна. Түүнчлэн татвар авахын тулд хотыг бүсчлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, байршлаар нь ялгаж, авах татварынхаа хэмжээг нэмэх. Жишээлбэл, хотын А зэрэглэл буюу төвийн бүсэд амьдардаг иргэн болон аж ахуйн нэгжээс татвар авах жишиг рүү орохоор зэхэж байна. Цаашлаад нийслэлийн төсөв бүрдэхгүй бол иргэдээс авах татварынхаа хэмжээг ямар ч байдлаар нэмж болох систем рүү орж болох эрхийг өгч байна гэсэн үг. Гэтэл энэ нь эргээд Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон“Иргэд оршин суух газар нутгаа өөрийн хүслээр сонгож болно” гэсэн заалтыг зөрчиж байгаа алхам гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ингэж иргэдийнхээ халаасыг тэмтрэхдээ хүрч байгаа нь багш, эмч нарынхаа цалинг Монгол Улс тавьж чадахгүйд хүрснээ илтгэсэн явдал гэж тодорхойлж ч болох юм. Нэг ёсондоо, Улаанбаатар хот дахь сургууль, цэцэрлэгийн багш нар, эрүүл мэнд, соёл урлагийн ажилчдын цалин, урсгал зардлыг нийслэл өөрөө олж тавь гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн нь ийнхүү Э.Бат-Үүл даргыг бухимдахад хүргээд байна. Тэрбээр энэ талаар“Нийслэлийн урсгал зардал болох 330 гаруй тэрбум төгрөгийн зардлыг бидэнд хариуцуулахаар өгсөн. Энэ бол нийслэлийг дампууруулах шийдвэр. Нийслэлийн эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан шийдвэр. Хэрэв энэ төсөв УИХ-аар батлагдвал нийслэл энэ бүх төрлийн цалинг тавьж чадахгүй. Урсгал орлогогүй бид яаж цалин тавьж чадах вэ. Энэ хуулийн төслийг Сангийн яам, Ч.Улаан сайд санаатай хийлээ гэж би ойлгож байгаа. Нийгмийг хямрал руу түлхэх гэсэн улс төрийн зорилго агуулсан байж ч болох. Би л лав ийм хариуцлагыг хүлээхгүй” хэмээгээд байгаа. Энэ мэтээр эхний ээлжинд нийслэлийн төсвийг нийслэлд нь хариуцуулж байгаа нь цаашдаа аймаг, орон нутгийг төсвөө өөрсдөө бүрдүүл гэх холбооны улсын систем рүү шилжүүлэх оролдлого болж байгааг ч хэлэх хүн байна.

 

Малын хөлийн татвар.

Өмнөх Засгийн газрын үед малчдыг татвараас чөлөөлж, харин ч ноосны урамшуулал мэтийг олгож эхэлсэн бол энэ Засгийн газар малчдыг татвар төлөх ёстой гэж үзэж байгаа аж. Ингэхдээ таван хошуу малыг богд шилжүүлэн нэг бүрээс нь 1000 төгрөгийн татвар авахаар тусгасан байна. Товчхондоо, малчин та аж амьдралаа залгуулж, үр хүүхдээ өнгөтэй өөдтэй явуулахын тулд малаа хэчнээн хэмжээгээр өсгөнө тэр чинээгээрээ төлөх татварын тань хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ таны малаа өсгөж, үржүүлсний шийтгэл болж байна.

 

Үл хөдлөх хөрөнгийн татвар.

Энэ татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр улсын төсөвт тусгаад байна. Гэтэл энэ төрлийн татварыг төлдөггүй айл өрх ховор. Төсвийн төсөл батлагдсан тохиолдолд нийслэлийн иргэд нийслэлийн төсвийг бүрдүүлэх зорилготой төрөл бүрийн татвараа төлөхөөс гадна үл хөдлөх хөрөнгөтэй байгаагийнхаа шийтгэлийг ч мөн хүлээж, хоёр дахин нэмэгдсэн татварыг төлөх болох нь.

 

Тээврийн хэрэгслийн татвар.

Өнөө цагт машин унадаггүй хүн цөөн. Худалч хүнд толгойтой бүхэн жолоо мушгидаг болсон энэ цагт иргэн та машинтай байгаагийнхаа төлөө улсад төлөх татварын тань хэмжээ мөн л хоёр дахин нэмэгдэх гэж байна. Ийнхүү манай улс татварын системд бараг бүрэн утгаараа шилжих гэж байгаагийн цаана гадны улсуудад тавьсан өрөө дарах гэсэн башир арга нуугдаж байгааг эдийн засагчид төдийгүй улстөрчид ч тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, манай улс гаднаас босгосон өрөө шат дараатайгаар төлж эхлэх хугацаа хаяанд ирээд байна. Тодруулбал, хамгийн эхнийх нь 2012 онд гадны зах зээлээс босгосон 580 сая ам.долларын бондын өрийг2016 оноос эргэн төлж эхлэх учиртай. Үүний дараагаар буюу 2018 онд“Чингис” бондын 1.5 тэрбум, 2022 онд нэг тэрбум, 2024 оноос“Самурай” бондын өрийг төлж эхлэх гэрээтэй. Түүнчлэн ОХУ-ын Хөгжлийн банкнаас авсан700 сая ам.долларын зээлийг2021 оноос эргэн төлөлт хийж эхлэх юм. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс руу тун удахгүй“Өрөө төл” гэсэн гадныхны шахаа ирэхээр байгаа нь ийнхүү эрх баригчдыг сандаргаж байгаа хэрэг. Үндсэндээ энэ их өрийн эргэн төлөлт хаяанд ирэхэд иргэдийнхээ халаас руу татвараар халхавчлан гар дүрснээр эргэн төлөлтөө босгох далд санаа агуулж байгааг ч зарим хүн хэлж байна. Угтаа“Чингис”, “Самурай” бонд авах үед“Энэ өрийг ард түмнээр төлүүлэхгүй” гэдгийг АН-ынхан мэдэгдэж байсан удаатай. Гэтэл тэд энэ амлалтаа мартсан бололтой. Асуудал эсрэгээрээ эргэж байгаа нь энэ. Түүнчлэн энэ мэт өрийн дарамтад орчихоод байгаа атлаа ирэх оны төсөвт өрийн хязгаарыг дахин нэмэхээр оруулж ирээд байна. Товчхондоо, дахин гадны улсуудаас зээл авна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын төсөв ирэх онд их хэмжээгээр нэмэгдсэн атлаа бүтээн байгуулалтын салбарт огт мөнгө хийгээгүй нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх онд шинээр сургууль, цэцэрлэг барихгүй гэж ойлгож болно. Ийнхүү жил болгон хийдэг байсан бүтээн байгуулалт тасарч байгаа нь өмнөх өр, зээлээ төлөх, үүний тулд эргэн төлөлтийн сан бүрдүүлэх зорилготой нь илт харагдаж байгаа юм. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлаад хөрөнгийг нь төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байгааг улстөрчид ихээхэн шүүмжилж байна. Товчхондоо, энэ бол АН-аас ард түмэндээ барьж байгаа бэлэг. Бэлэг эзэндээ очихдоо баярлуулах учиртай байтал АН-ынхны бэлэг арай өөр агуулгаар танд хүрч байна.

 

М.Өнөржаргал